Н.Учрал: “Хархорин хотыг 500 мянган хүнтэй хот байхаар цогцоор нь төлөвлөсөн
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
2025.02.26

Н.Учрал: “Хархорин хотыг 500 мянган хүнтэй хот байхаар цогцоор нь төлөвлөсөн

2024 оны намрын чуулганаараа “Хархорин хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг баталсан. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хархорум хотыг дахин сэргээх, орчин цагийн хот болгон сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтыг хийж эхлэх, эртний түүхт нийслэл хотоо сэргээн байгуулах, оновчтой төлөвлөх, төлөвлөлтөдөө нийцсэн хотыг бүтээн байгуулах эрх зүй зохицуулалтыг бүрдүүлсэн юм.

Анх удаа бид нар хотыг төлөвлөж байгуулж, үзэх хэрэгтэй гэдэг санаачилгаар энэ “Хархорин хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай” хуулийг ЗГ-аас өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хархорин хотоо сэргээн байгуулъя” гэдэг зарлигийг 2022 онд гаргасан. ЗГ-ын дэргэд Хархорин хотын захиргаа байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Дэлхийн олон архитектур, төлөвлөлтийн компаниуд, энэ Хархорин хотыг төлөвлөе гэдэг санаачилгаа гаргаж илгээсэн. Энэ нээлттэй тендер сонгон шалгаруулалт уралдаан хэлбэрээр зохион байгуулагдсан.

Дэлхий нийтийн анхаарал “Хархорин” дээр байна. Энэ "Хархорум" гэдэг нэр дэлхийд брэнд болчихсон юм байна. Тийм учраас Хархорин хотыг Монгол Улс сэргээн байгуулъя аа гэдэг санаачилгыг дэлхийн олон компаниуд сонирхож энэ уралдаанд оролцсон. Уралдаанд ирсэн материалуудыг нэгтгэж, аваад цаашдаа хотыг төлөвлөхөд ашиглах ёстой. Энэ ч утгаараа “Хархорин хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хууль” хотыг шинжлэх ухаанчаар анх удаа төлөвлөж үзэх гэж байна. Ирээдүйд 500 мянган хүнтэй хот байхаар цогцоор нь төлөвлөж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтыг өрнүүлэх бололцоог бий болгосон. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn