
Х.АРИУНТӨГС СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ 10 ТӨРЛИЙН НИЙТ 253,9 ТН УРГАЦ ХУРААН АВЧ ЭХ ОРОНДОО НИЙЛҮҮЛЖЭЭ
Хүн амыг эх орны хөрсөнд ургасан эрүүл амин дэмтэй хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, хүнсний ногоогоо нөөцлөх боломжийг бүрдүүлж яваа манай тэргүүний ногоочин, тариаланчдын нэг Хасбазарын Ариунтөгс энэ жил Улсын аварга тариаланчаар шалгарч, аймаг сумын удирдлагуудын хамт шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гардуулан өглөө.
Х.Ариунтөгс Өндөрхаан хотод төрсөн, 1985-1992 онд Мөрөн сумын 8 жилийн дунд сургууль, 1992-1993 онд Хэнтий аймагт 10-р ангиа төгсөж 1994-1998 онд Дорнод аймгийн багшийн коллеж төгсжээ.
Х.Ариунтөгс нь өөрийн тариалсан хүнсний ногоог зах зээлд борлуулахаас гадна төмс, сонгино, саримсны үрийг бэлтгэн, хаврын тариалалтад Хэнтий аймгийн Мөрөн сумандаа төдийгүй Дорнод, Сүхбаатар аймгийн сумдад нийлүүлдэг юм.
Тэрбээр алдарт Мөрөн цагаан сортын саримсыг үрийг хадгалж үржүүлэн яваа манай тэргүүний тариаланчдын нэг юм. Эх нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр органик бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоогоор тасралтгүй ханган ажиллаж буй 23 жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр өнөөдрийнхөө амжилтад хүрсэндээ тэрбээр баяртай байна.
Х.Ариунтөгсийн сүүлийн гурван жилийн ажлын үзүүлэлтээс дурдвал 2022 онд 1,2 га талбайгаас 21,6 тн төмс, 2023 онд 1,5 га-гаас 30 тн, 2024 онд 2,5 га-гаас 52,5 тн төмс хураажээ.
Мөн улаан лооль, өргөст хэмх, хулуу, байцаа, шар манжин, лууван, сонгино /төл/, саримс, хүрэн манжин, төмс зэрэг хүнсний ногоог 2022 онд 3,5 га талбайд тариалж 60,1 тн ургац хураан авч 5,8 тн үр нөөцөлсөн, 2023 онд 4 га-д дээрх хүнсний ногоо тарьж 72,25 тн ургац хурааж, 6,6 тн үр нөөцөлсөн, 2024 онд 6,4 га-гаас 121,6 тн хүнсний ногоо хураан авч, 9 тн үр нөөцөлсөн амжилттай ажиллажээ.