2012.07.06

Х.Баттулга: Дээрээ нэгдээд, доороо байлдах хэрэггүй

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.



-Баянхонгороос Ардчилсан намд хоёр суудал авчирсанд баяр хүргэе. Таны дагуулж гарч ирсэн Ганбат улстөрд шинэ хүн байх аа?

-Баярлалаа. Баянхонгороос анх удаа УИХ-д сонгогдон гарч ирсний хувьд Ганбат маань том улс төрд шинэ хүн. Гэхдээ ерэн оноос хойш ардчиллын үйл хэрэгт МоАХ-ноос оролцож, тууштай явж ирсэн даруухан, сайн залуу бий.

-Ердөө “даруухан” гэдэг үндэслэлээр ялалт байгуулахгүй нь тодорхой. Танай тойрогт төрийн сайд хүн өрсөлдсөн шүү дээ. Танай баг чухам ямар тактикаар амжилтад хүрэв гэдэг сонирхолтой байна?


-Иргэд хуульт ёс бүхий шударга, ардчилсан, эрүүл нийгмийг хүсч, үгүйлдэг болжээ. Тийм нийгмийг хүсч, зорьж байгаа ард түмэн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ийм увайгүй хүн байгаад тун дургүйцэж байна. Тэдний энэхүү санаа бодлыг сонсч, асуултад нь хариулсаар, Ц.Нямдоржийг ярьсаар байгаад гараад ирлээ.

-УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан намын авсан суудлын тоо, байр сууринд та хэр сэтгэл хангалуун байна вэ. Таны хувьд хүлээж байсан үр дүн мөн үү?

-Нэгэнт сонгууль болж, ийм дүн тавигдлаа. Урьд өмнөх сонгуулиудыг бодвол автомат машинаар санал тоолох, цахим хэлбэрээр сонгогчдыг бүртгэх зэрэг дэвшлүүдийг ашиглалаа. Нэгэнт дүн ингэж тавигдсан хойно гоншигноод яах вэ. Гэхдээ тооцоолж байснаас доогуур санал авлаа. Ялангуяа намын авсан саналын хувь тооцоолж байснаас бага гарч, жагсаалтаар харьцангуй цөөн суудал авлаа. Уг нь Монгол Ардын нам хоёр хагарчихсан энэ тохиолдолд бид 2000 оны сонгуулиар МАХН-ын авсан шиг 72 суудлаа байг гэхэд доод тал нь 40-45, бүр тавь хүртэл суудал авах бололцоо байсан гэж би боддог. Үнэхээр харамчс байна.

-Энэ бололцоог алдсан нь юутай холбоотой вэ?

-Мэдээж олон шалтгаантай. Гадаад, дотоод хүчин зүйл, сонгуулийн сурталчилгаа, мөнгө төгрөг гээд олон зүйл нөлөөлсөн байх л даа. Нэг үгээр бол манай намын удирдлагуудтай холбоотой гэж бодож байна.

-Ардчилсан нам олонх болж чадаагүйн хариуцлагыг удирдлагуудтай тооцох хэрэгтэй гэж үзэж байна уу. Ардчилсан намын нийт 76 нэр дэвшигчийн уулзалт хэд хоногийн өмнө болж, тэр үеэр та энэ байр сууриа ил тод илэрхийлсэн гэж сонссон?


-Ардчилсан нам сонгуульд дангаараа орох шийдвэр гаргахдаа дангаараа ялалт байгуулна гэсэн зорилго тавьсан. Өөр нам, хүчинтэй эвсээгүй нь ийм зорилготой байсны нотолгоо. Намын дарга, удирдлагууд ямар шинэ залуу, туршлагагүй хүүхдүүд биш улс төрд олон жил сайд, дарга явсан хүмүүс. Алсыг харсан байх ёстой.

Ардчилсан нам УИХ-д олон болж чадсан ч олонх болж чадсангүй. Бусадтай эвсч Засгийн газар байгуулах нөхцөлд орчихоод байна. Парламентад нөгөө талд хэн, хэн байна вэ хар даа. Тэгэхээр олонх болж чадаагүйн хариуцлагыг намын удирдлагуудтай ярих ёстой. Тухайлбал, намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нартай хариуцлагын асуудлыг ярих биз ээ. Энэ бол намын дүрэмд тодорхой туссан зүйл.

-Ардчилсан нам нэгэнт дангаар Засгийн газар бүрдүүлж чадахгүй учраас МАН юм уу, МАХН, бусад хүчнүүдийн аль нэгтэй хамтрах нь тодорхой байна. Ийм нөхцөлд эдгээр нам, хүчнүүдийн алинтай нь хамтарвал зөв байх бол?

-Миний хувийн бодол бол МАН-тай бид МАНАН гэж хэлүүлтлээ хамт явлаа, юу ч хийсэнгүй. Хариуцлага тооцсонгүй. Ингээд хэдэн бүлэглэл, цаана нь хэдэн компанийн эрх ашигт л үйлчилсэн. Өнгөрсөн хугацаанд МАНАН гэж хэлүүлтлээ явж байх үед энэ хоёр нам хамтраад юм хийхгүй бол дахиж эвсье гэж хэлэх нүүр байхгүй шүү гэдгийг ярьдаг байсан. Би шийдвэр гаргагч биш. Энэ бүхнийг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын хурлаараа нам шийдэх байлгүй гэж бодож байна.

Нөгөө нэг талд МАХН гэж эвсэл, Иргэний зориг, бие даагч гэсэн субъектүүд байгаа. Энэ тал дээр зөвлөлдөөд явах байлгүй гэж бодож байна. Одоо дахиад МАНАН үүсгээд явах юм бол ойрхны сонгууль болох орон нутгийн сонгуульд ялалт авчрахгүй. Дээрээ нийлээд дороо байлдаад байх ямар хэрэгтэй юм бэ. Наад зах нь ийм үндэслэл харагдаж байна.


-Хэдийгээр бусадтай хамтрах нь тодорхой боловч Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдаа томилох эрх нь Ардчилсан намд бий. Таныг Ерөнхий сайд болох магадлалтай улстөрч гэж олон нийт үздгийг та өөрөө ч мэдэх биз. Танд Ерөнхий сайд болох бодол бий юү?

-Миний ойлгосноор өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болно оо” гэж Ч.Сайханбилэг зарлаад байх шиг байсан. Харин надтай холбоотой тиймэрхүү санаа оноо олон нийтийн дунд явж байгаа л байх. Тэрийг би ч юм уу, олон нийтийн хэн нэгэн шийдэхгүй. Шийдэх газар нь шийдээд цааш явах биз. Үүнээс өмнө нам сонгуульд хэр оролцсоноо дүгнэж, удирдлагууд нь магтаал сайшаал авах уу, зэмлэл шийтгэл хүлээх үү гэдгийг шийднэ. Намын эрх бүхий байгууллага хурлаа зарлаж, энэ талаар хэлэлцээд сонгуулийн дүнгээр удирдлагуудаа сайн байлаа гэж сайшаавал цаашаа Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томи­лог­доод явна биз. Илэрхий байсан бо­лолцоог ашиглаж чадсангүй, хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй гэж үзвэл манай намын ҮЗХ-ны шийдвэр гаргах төвшний хурлаар намын дараагийн дарга, Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудлууд улбаалаад явна биз.

-Нэг зүйл сонслоо. Та “Ерөнхий сайд болохгүй, гэхдээ Засгийн газрын танхимын талыг өөрийн фракцийн хүмүүсээс бүрдүүлнэ” гэдэг байр суурь илэрхийлсэн юм уу. Энэ үнэн үү?


-Ажил хийе гэвэл өөрийн хариуцсан салбартайгаа харилцан хамааралтай яамдуудыг багаараа авах хэрэгтэй юм гэдгийг ойлгосон. Ер нь бол МоАХ-ны дор нэгдсэн фракциуд ийм зүйлийг ярилцсан тал бий.

-Ерөнхий сайдаар хэн томилогдохоос хамаараад Ардчилсан нам хэнтэй эвсэх вэ гэдэг нь шийдэгдэхээр харагдаж байна. Тухайлбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдох тохиолдолд МАН-тай эвсэх магадлал илүү болно. Энэ тохиолдолд МАНАН-г нийгэм тийм ч таатай хүлээж авахгүй гэж ажиглагчид хэлж байна.


-Ямар ч байсан Их хуралд ороод шинэ гишүүд тангаргаа өргөх ёстой. Намууд дээр бүлэг байгуулагдах ёстой. Бүлгээс шийдвэр гарна. Тэр шийдвэрийн дагуу ажлын хэсгүүд байгуулагдаж, Засгийн газрын талаар ярилцах болов уу. Ер нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилох асуудалд түүнийг тойрсон, хөөргөсөн хэдхэн хүн л түлхүү оролцох болов уу. Тэд амьдралаас тасарчихсан юм шиг байгаа юм. Энэ бол миний хэлээд л байдаг зүйл шүү дээ. Зайсангийн  “Villa”-д байдаг хэдхэн хүн Монголын амьдралыг шийдээд байна аа гэж. Өөрсдийнх нь амьдрал тасарчихсан, ард түмний амьдралыг мэдэхээ байчихсан хэсэг хүн төрийн шийдвэр гаргаад яваад байна. Ард түмэн юу бодож байгааг тэд мэдэхгүй шүү дээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар л гэхэд цөмийн хаягдлыг булшлах асуудал, тэглээ ингэлээ гээд л яригдаад байна. Олны үг ортой. Мөн саяхан Хөвсгөл рүү төмөр зам барих шийдвэр гаргачихлаа. Одоо Хөвсгөлийн тэр сайхан байгалийг ухаж төнхөж, баялгийг нь зөөх нь л дээ. Уг нь УИХ-аар 2010 оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын бодлого батлагдчихсан шүү дээ. Гэтэл үүнээс давж, хувийн компанийн сонирхолд автсан ийм шийдвэрийг чоно борооноор гэдэг шиг гаргаж байна. Өчигдөр л гэхэд чуулганыг хаалгахгүй бойкотлоод МАН-аас дэвшсэн Увсын хоёрыг оруулаад ирж байна шүү дээ. Гэтэл тэр хоёр нь сонгогчдод мөнгө тараасан бичлэгүүд нь нийтэд цацагдсан л байж байна. Нөгөө сонгуулийн хууль, энэ тэр хаачсан бэ. Ийм л юм болж байгаа байхгүй юу. Бүгд тохироогоор явж байгаа юм.

-Тэр нэг хэсэг хүнд төвлөрөөд байгаа эрх мэдлийг задлах хэрэгтэй гэж та үзэж байгаа юм байна. Хэрэв МАН-тай эвсвэл энэ зорилго биелэхгүй гэж хэлж байна уу?


-Ерөөсөө л тийм. Тэр нэг хэсэг бүлэг хүмүүст төр барьж, хоёр намд ээлжилж тоглох гэсэн өөрсдийнх нь ашиг сонирхол л байгаа юм. Тэдэнд ард түмний эрх ашиг хамаагүй. Ийм л юм болоод байгаа. Харж л байя. МАН-тай дахиад эвсвэл Ардчилсан нам маань 2016 оны сонгуульд юу л болох бол доо. Одоо тэдэнтэйгээ толгойноосоо уусаад эхэлчихлээ. Үзэл бодлын хувьд ялгаагүй болж байна. Эцсийн зорилго нь хэдхэн хүн асар их баялагт эзэн суух зорилго юм уу даа.

-Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам яаж ажиллахаас дараагийн сонгуулиар ялах эсэх төдийгүй цаашид улс төрийн тавцанд хэн болж үлдэх нь хамаарах байх. Тэгэхээр том эрх ашгийн төлөө та бүхэн энэ удаад эв нэгдэлтэй байх хэрэгтэй болов уу. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Мэдээж эв нэгдэл чухал. Гэхдээ эвтэй байна гээд бас дутагдлын хажуугаар дуугүй яваад байж болохгүй биз дээ. Өнгөрсөн дөрвөн жилд бид засагт орж ажиллаад их юм хийж бүтээсэн бол арай өөр. Үүнээс илүү том зүйлийг яриад, бас хамтарсан засгаа байгуулах тухай яриад сууж байх байсан болов уу. Гэтэл тийм байж чадаагүй учраас энэ удаад нөхцөл байдал бидэнд өмнөхөөс ч илүү хүндхэн сорилт, шалгуурыг тавьж байгааг эрх биш бид ухаарч байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.