УИХ-ын нэгдсэн чуулганы /2022.12.01/ өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Өргөн барьсан хуулийн төлсийн 8.1.4-т ус хангамж, ариутгах, татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгууллагын удирдлагад тухайн чиглэлээр мэргэшсэн хүний хот суурины усан хангамж, ариутгах, татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн томилж чөлөөлөх гэсэн заалт нэмэх гэж байгаа юм. Гэтэл энэ заалт нь өөрөө зөрчилтэй байна. Учир нь орон нутгийн өмчит компанийн удирдлагыг төрийн захиргааны төв байгууллагын даргын саналаар томилох буюу орон нутгийн өмч, төрийн өмчийн зааг ялгаа байхгүй асуудал үүсэж байгаа юм. Засгийн газраас өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ дээр төрийн өмч болон орон нутгийн өмчийн асуудлыг нэлээн зааглаж буй. Тэр дундаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдөж байгаа. Өмчийг төрийн болон орон нутгийн өмч гэж ялгаж байгаагийн гол агуулга юун дээр гарах вэ гэхээр орон нутгийн өмчийн асуудалд төв Засгийн газар оролцохгүй. Төв Засгийн газрын асуудал буюу төрийн өмч дээр орон нутгийн удирдлага оролцохгүй. Үүгээр өмчийг ялгаж буй эрх зүйн үр дагавар гарч ирнэ. Энэ хуульд орон нутгийн өмчит компаниудын удирдлагыг төв Засгийн газар буюу БХБ-ын сайд мэдээд эхэлчихвэл орон нутгийн өмч гэж байхын утга агуулга юу билээ. Тиймээс энэ асуудал байнгын хороогоор ярьсан уу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Уг нь бол энэ хуулийг УИХ-ын гишүүд биш, харьяа яам нь санаачилдаг баймаар байна. Барилга, хот байгуулалтын яам хангалттай сайн ажлаа хийхгүй байна. Үндсэндээ хот байгуулалтын асуудалд тойргийн гишүүд өөрсдөө санаа тавиад явдаг. Ийм байдлаар явж байгаа нь маш буруу. Яамны чиг үүрэгт нь барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй хамаардаг. Монгол Улсын иргэний аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой. Гэтэл өнөөдөр тийм биш байна. Бүхэл бүтэн аймгийн төвийн иргэд цэвэр усны хэрэглээгүй болох гээд байна шүү дээ. Ий байдлаар хариуцлагагүй хандмааргүй байна. Ирэх оны төсөвт аймгийн цэвэр усны хангамжийг суулгаарай.
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа юм. Гэхдээ бид стандартын шаардлага хэрэгцээ хангасан ундны болон ахуйн усаар хүн амаа хангана, бохир усыг татан зайлуулах ажлуудыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлнэ, баталгаатай ариун цэврийн байгууламжийг барина гэх тунхгийн шинжтэй юм яриад байдаг. Гэтэл нөгөө ус бохирдуулсан нь төлдөг зарчим хаачсан бэ? Ахуйн бохирдлыг цэвэрлэдэг байгууламж руу чинь химийн бохирдол ороод байна. Улаанбаатарт байгаа олон рестораны аяга тавгаа угааж байгаа хүчтэй бодисууд, хими цэвэрлэгээ, ноос ноолуур угаах, арьс шир боловсруулах технологийн бохир усыг төв цэвэрлэх байгууламж руугаа хийдэг ээ хэзээ болих вэ? Үүнийгээ цэгцлээгүй байж, ариутгах татуурга хийнэ гээд байгаа нь үлгэр болчих гээд байна. Ундны усны эх үүсвэрээ хамгаалахгүйгээр хотын иргэдийг цэвэр усаар хангана гэдэг боломжгүй. Ундны усны эх үүсвэр дээр шинээр барилгнын ажил эхэлчихсэн, аялал жуулчлалын бааз баригдсан байгаа. Үүнийг анхаараарай. Барилга, хот байгуулалтын яамны зураг төсөл боловсруулах, захиалагчийн хяналт тавьдаг байгууллагуудын чинь хооронд асар их зөрчил байна. Тиймээс зургийн стандартаа боловсруулж, хуулийн дагуу шийдвэрлэдэг голдирол руу шилжих хэрэгтэй. Стандартын шаардлага хангахгүй байгаа барилгуудыг хүлээгээд авчихдаг боллоо. Барилгууд шинээрээ байгаа хэр нь хүн суухын аргагүй болчихсон. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй байна шүү.
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сүүлийн үед сайд нар хуралд суухгүй байна. дэд бүтцийн яамыг нэгтгээд өгөх ёстой байсан. Долоо хоногийн өмнө гэр хороолол руу бохирын шугам татахгүй гэж шийдсэн. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ орж ирж байна, энэ бол танай сайд хэлэлцүүлэгт орж ирээгүйгээс үүдэлтэй. Миний хувьд 2010 оноос хойш Мөрөнгийн гэр хорооллын цэвэр ус, бохирын мөнгийг танай яамны багцад тогтмол тавьж ирсэн. Та нар зураг төсөв хийж, компани шалгаруулсан, зарим нь ажилладаг, зарим нь ажилладаггүй. Нэг давуу тал нь Мөрөн хот аймгуудын дунд цэвэр усны шугамтай аймаг болсон.Гэхдээ айлуудынх ажилдаггүй. Тухайн үед 6-р хорооны ажлыг Аляскийн технологийг ашиглалаа гэж байсан. Гэтэл өнөөдөр сайд нь миний үед хийгдээгүй "заваан юм болжээ" гэсэн.Яагаад тавиад өгсөн мөнгөөр сайн ажил хийхгүй байна. Хүмүүс намайг хийсэн мэтээр ойлгож байна. Одоо ашиглахгүй байгаа хүмүүстээ хариуцлага тооцооч. Яагаад улсын комисс хүлээж авсан бэ.Танай сайд надад хамаагүй гэж хэлээд байна. Ингэж болохгүй үргэлжлүүлээд хийх ёстой. Мөрөнгийн шугам, сүлжээг хэзээ янзлах вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Засгийн газар Нэгжийн хуульд нийцүүлээрэй гэсэн, энэ нийцэж чадсан уу. Аймаг, нийслэлийн засаг дарга нарын бүрэн эрх дээр нүхэн жорлонгийн тоог бууруулах тухай орж иржээ, энэ зөв. Гэхдээ нүхэн жорлонгийн тоог ямар үе шаттайгаар бууруулах вэ. Ямар ажил хийгдэх вэ. Зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох аргачлал баталж хэрэгжүүлэх гэсэн заалт орсон. Энэ яаж явагдах вэ. Цэвэр, бохир усны үнэ тарифны алдагдал ямар түвшинд байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.