Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Шинэчилсэн найруулга
Өргөн барьсан: 2014-05-20

Буцаасан, хүчингүй болсон 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж

2.1.Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.2.Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

3.4.Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

3.5.Хууль тогтоомжоор олгосон эрхийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.

3.6.Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

4 дүгээр зүйл.

Захиалагч

4.1.Дараах этгээд захиалагч байна:

4.1.1.төрийн байгууллага болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага;

/Тайлбар: энэ хуулийн 4.1.1-д заасан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн хурал, тэдгээрийн эрх, үүргийг нь хэрэгжүүлэх Тэргүүлэгчид хамаарахгүй/

4.1.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

4.1.3.50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

4.1.4.Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч.

5 дугаар зүйл.

Хуулийн нэр томъёо

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1. тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг;

5.1.2. тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг;

5.1.3.“тендерийн үнэ” гэж Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөл арга хэмжээний төсөвт өртөг ба төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан үнийг;

5.1.4.тендерийн урилга” гэж захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг;

5.1.5. тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;

5.1.6.тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно:

5.1.6.а.дангаараа тендер ирүүлсэн этгээд;

5.1.6.б.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд;

5.1.7.тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

5.1.8.урьдчилгаа төлбөрийн баталгаа” гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

5.1.9.үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг;

5.1.10.бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг ажлын гэрээ” гэж тооцно;

5.1.11.ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоногтөхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ” гэж тооцно;

5.1.12.барилга байгууламжийн ажил” гэж барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэлт, их засвар болон өрөмдлөг, хайгуул хийх зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг;

5.1.13.тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил” гэж энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулга хийх ажлыг;

5.1.14.үйлчилгээ” гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээг;

5.1.15.зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;

5.1.16.түлхүүр гардуулах гэрээ” гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг;

5.1.17.гүйцэтгэлийн баталгаа” гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

5.1.18.гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг;

5.1.19.техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;

5.1.20.Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг;

5.1.21.гадаадын этгээд” гэж энэхүү хуульд заасан журмын дагуу худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнийг. Монгол Улсад бүртгэлтэй, өмчийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хувь хөрөнгөөс бүрдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг гадаадын этгээдэд тооцохгүй болно;

5.1.22.“чанарын үнэлгээний арга” гэж захиалагчийн тогтоосон техникийн саналд авбал зохих доод оноотой тэнцүү буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхийг  шалгаруулахыг;

5.1.23.ерөнхий гэрээ” гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг;

5.1.24.“өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ”гэж зөвхөн тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах, бараа, ажил, үйлчилгээг;

5.1.25.“цахим худалдан авалт” гэж мэдээллийн технологи, цахим хэрэгслийг ашиглан зохион байгуулах тендер шалгаруулалтыг;

6 дугаар зүйл.

Худалдан авах ажиллагааны зарчим

6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

7 дугаар зүйл.

Худалдан авах ажиллагааны журам

7.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа доор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:

7.1.1.нээлттэй тендер шалгаруулалтын журам;

7.1.2.тендер шалгаруулалтын онцгой журам;

7.1.3.зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам;

7.1.4.олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам.

7.2.Энэ хуульд тендер шалгаруулалтын онцгой журам, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө.

7.3.Тендер шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулахад тендерийн үнийг баримтлах бөгөөд энэ үнэ нь бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг болон тухайн нийлүүлэгч, гүйцэтгэгч, зөвлөхийн боломжит ашгийн хэмжээг багтаасан байна.

8 дугаар зүйл.

Худалдан авах ажиллагаан дахь олон нийтийн оролцоо

8.1.Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй Төсвийн тухай хуулийн 58.3.3-58.3.7, 58.4.3-58.4.8заасан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулж болно.

8.2.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, заавар, жишиг баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ.

8.3.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалт явуулах бөгөөд тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулах зарчмыг баримтална.

9 дүгээр зүйл.

Худалдан авах ажиллагааны журмыг сонгох

9.1.Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараах босго үнийг тогтооно:

9.1.1.харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;

9.1.2.шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;

9.1.3.зөвлөх сонгох хялбаршуулсан аргыг хэрэглэж болох зөвлөх үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;

9.1.4.энэ хуулийн 51.1.10-т дурдсан вэб хуудсанд тендерийн урилгыгзарлан мэдээлэх бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар.

9.2.Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно.

9.3.Захиалагч энэ хуулийн 9.2-т зааснаар тендер шалгаруулалтыг багцад хувааж явуулахдаа дараах шаардлагыг хангана:

9.3.1.захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигтбагцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах;

9.3.2.багц тус бүрт үнэлгээ хийх.

9.4.Гэрээ байгуулах эрхийг багц тус бүрээр, эсхүл хэд хэдэн багцаар буюу бүх багцаар олгож болно. 

9.5.Тендерт оролцогч нэг этгээдэд нэгээс дээш багц бараа, ажил, үйлчилгээгээр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн бол энэ тухай худалдан авах ажиллагааны тайланд дурдана.

9.6.Зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно.

9.7.Бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно.

9.8.Ерөнхий гэрээ байгуулах журам, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10 дугаар зүйл.

Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулах

10.1.Гадаадын этгээд энэ хуульд заасан журмын дагуу дараах нөхцөлд тендер шалгаруулалтад оролцох эрхтэй:

10.1.1.тендерийн үнэ нь30,000,000,000 төгрөгөөс дээш ажил, 300,000,000 төгрөгөөс дээш бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад;

10.1.2.гэрээний гүйцэтгэлийн явцад зөвхөн хяналт тавих ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах тендер шалгаруулалтад.

10.2.Энэ хуулийн 10.1-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.

11 дүгээр зүйл..

Тендерт оролцогчдод давуу эрх олгох

11.1.Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараах этгээдэд давуу эрх олгож болно:

11.1.1.Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд;

11.1.2.50-иас доошгүй хувийг нь бие даан гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн дараах этгээд:

11.1.2.а.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд;

11.1.2.б.Монгол Улсад бүртгэлтэй, өмчийнх нь 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хувь хөрөнгөөс бүрдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;

11.1.3.орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан;

11.1.4.орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан;

11.1.5.хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх;

11.1.6.инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж;

11.1.7.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан тендер шалгаруулалтад тухайн нутаг дэвсгэрийн татварын байгууллагад татвар төлөгчөөр бүртгүүлсэн, орон нутагтаа сүүлийн 3-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тендерт оролцогчид.

11.2.Энэ хуулийн 11.1.1, 11.1.3-т заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны үнэлгээг 10 хувиар, энэ хуулийн 11.1.2, 11.1.4-11.1.7-д заасан этгээдийн ажил гүйцэтгэх  үнэлгээг 7.5 хувиар хийсвэрээр өсгөж тооцон бусад оролцогчийн чадавхийн үнэлгээтэй харьцуулж үнэлнэ.

11.3.Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 11.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл, эсхүл энэ хуулийн 11.1.2-11.1.4-т заасныг нотлох баримтыг ирүүлнэ.

11.4.Давуу эрх олгох аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12 дугаар зүйл.

Техникийн тодорхойлолт

12.1.Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараах шаардлагыг хангасан байна:

12.1.1.тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох;

12.1.2.Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх;

12.1.3.барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй;

12.1.4.энэ хуулийн 12.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэх.

12.2.Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендершалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно.

13 дугаар зүйл.

Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх

13.1.Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөхнөхцөлийгбүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий нөхцөл, санхүүгийн болон техникийн чадавхи, туршлагыг энэ хуулийн 15-17 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.

13.2.Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 15-17 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.

13.3.Энэ хуулийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

13.4.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 13.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно.

13.5.Захиалагч тендерт оролцогчийн чадавхийг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн, технологийн болон бизнесийн нууцыг хадгална.

14 дүгээр зүйл.

Урьдчилсан сонголт явуулах

14.1.Захиалагч тендер ирүүлэхээс өмнө тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийг магадлах зорилгоор урьдчилсан сонголт явуулж болох бөгөөд ингэхдээ дараах журмыг баримтална:

14.1.1.тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийн шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах шаардлага, тэдгээрийг хангасныг нотлох баримтыг тусгасан урьдчилсан сонголтын баримт бичгийг бэлтгэх;

14.1.2.урьдчилсан сонголт явуулах тухайгаа энэ хуулийн 21.1-21.3-т заасны дагуу зарлан мэдээлэх;

14.1.3.урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадавхийн шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчид тендер ирүүлэхийг мэдэгдэх.

14.2.Урьдчилсан сонголт явуулах үед энэ хуулийн 18.1, 21.1, 21.2, 21.3-т заасан “тендерийн урилга”-ыг “урьдчилсан сонголтын урилга”, энэ хуулийн 19, 22, 23-т заасан “тендерийн баримт бичиг”-ийг урьдчилсан сонголтын баримт бичиг” гэж тус тус ойлгож хэрэглэнэ.

14.3.Урьдчилсан сонголт явуулах журам, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15 дугаар зүйл.

Ерөнхий нөхцөлийг магадлах

15.1.Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:

15.1.1.төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;

15.1.2.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж,төлбөрөө төлөөгүй;

15.1.3.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг;

15.1.4.сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлснийг, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх болон энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;

15.1.5.тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдтэй нэгдмэл сонирхолтой;

15.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;

15.1.7.сүүлийн 3 жилийн хугацаанд авилгын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

15.1.8.энэ хуулийн 15.4 заасны дагуу гэрээ хэрэгжүүлэх эрх нь хязгаарлагдсан этгээдийн жагсаалтанд орсон.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг тендерт оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын дараах баримт бичгээр нотолж болно:

15.2.1.шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг;

15.2.2.үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг.

15.3.Энэ хуулийн 15.2-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана.

15.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 15.1.4, 15.1.6, 15.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг мэдээллийн санд бүртгэж, нийтэд мэдээлнэ.

15.5.Тендерт оролцогч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ.

15.6.Захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаархи мэдээллийг бичгээр ирүүлнэ.

15.7.Захиалагч энэ зүйлийн 15.6-д заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ.

16 дугаар зүйл.

Санхүүгийн чадавхийг үнэлэх

16.1.Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардана.

16.2.Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана.

16.3.Санхүүгийн чадавхийг дараах баримт бичгээр нотолж болно:

16.3.1.харилцагч банкны мэдэгдэл;

16.3.2.тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол Аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу холбогдох дүгнэлтийн хамт;

16.3.3.зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт;

16.3.4.тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл.

16.4.Энэ хуулийн 16.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана.

17 дугаар зүйл.

Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх

17.1.Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтүүдийн аль нэгийг үндэслэн тогтооно:

17.1.1.тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар;

17.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;

17.1.3.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт;

17.1.4.тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт;

17.1.5.чанарын хяналтыг шууд, эсхүл туслан гүйцэтгэх гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх чанарын хяналтын арга хэмжээ;

17.1.6.нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг;

17.1.7.барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл;

17.1.8.худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн сангаас тухайн тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадвар, өмнөх гэрээний гүйцэтгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

Нээлттэй тендер шалгаруулалтын журам

18 дугаар зүйл.

Нээлттэй тендер шалгаруулалт

18.1.Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.

18.2.Тендерт оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаандэнэ хуулийн 15-17 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн мэдээллийг техникийн саналын хамт ирүүлнэ.

19 дүгээр зүйл.

Тендерийн баримт бичиг бэлтгэх

19.1.Захиалагч тендерийн баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.

19.2.Захиалагч тендерийн баримт бичигт тендерийн үнэ, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх хугацааг тусгана.

19.3.Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.

20 дугаар зүйл.

Тендерийн баталгаа

20.1.Захиалагч энэ хуулийн 9.1.1-д заасан босго үнээс дээш тендерийн үнэтэй бараа, ажил, үйлчилгээ, зөвлөхийн бус үйлчилгээ, 100 сая төгрөгөөс дээш тендерийн үнэтэй зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаардана.

20.2.Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно.

20.3.Гадаадын хуулийн этгээд тендерийн, гүйцэтгэлийн, урьдчилгаа төлбөрийн баталгаа болгон ашиглаж болох үнэт цаасны жагсаалтыг Засгийн газар тогтооно.

20.4.Захиалагч тендерийн баталгааны хэмжээг тухайн бараа, ажил, үйлчилгээний тендерийн үнийн 1-2 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана.

20.5.Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.

20.6.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно.

20.7.Дараах тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно:

20.7.1.тендерт оролцогч тендерийг нээсний дараа, тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс татгалзсан;

20.7.2.«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан.

21 дүгээр зүйл.

Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх

21.1.Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

21.2.30,000,000,000 төгрөгөөс дээш тендерийн үнэтэй ажил, 300,000,000 төгрөгөөс дээш тендерийн үнэтэй бараа, үйлчилгээний тендерийн урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

21.3.Захиалагч тендерийн урилгыг энэ хуулийн 51.1.10-т заасан вэб хуудсанд байрлуулж тендер шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлнэ.

21.4.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно.

21.5.Тендерийн урилгад дараах мэдээллийг тусгана:

21.5.1.захиалагч байгууллагын нэр, хаяг, мэдээлэл;

21.5.2.худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний товч агуулга;

21.5.3.тендерийн үнэ;

21.5.4.тендерийн баримт бичгийн үнэ;

21.5.5.тендер шалгаруулалтад тавих тусгай шаардлага;

21.5.6.тендер хүлээн авах эцсийн хугацаа;

21.5.7.тендер нээх хугацаа;

21.5.8.тендерийн баримт бичиг, бусад мэдээлэл авах, тендер ирүүлэх хаяг;

21.5.9.давуу эрх олгох эсэх.

22 дугаар зүйл. .

Тендерийн баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийголгох

22.1.Захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй.

22.2.Тендерийн баримт бичгийг түүнийг хэвлэн олшруулах, түгээх буюу тендер шалгаруулалтыг зохион байгуулах өртгөөр үнэлж, тендерт оролцохыг сонирхогчдод уг үнээр саадгүй худалдана.

22.3.Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно.

22.4.Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно.

23 дугаар зүйл.

Тендерийн баримт бичиг, урилгыг гадаад хэл дээр бэлтгэж, тараах

23.1.Тендерийн баримт бичиг, урилгыг дараах тохиолдолд монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэж болно:

23.1.1.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол;

23.1.2.бараа, ажил, үйлчилгээний тендерийн үнэ, шинж чанар гадаадын этгээдийн сонирхлыг татна гэж захиалагч үзэж байгаа бол.

24 дүгээр зүйл.

Тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа

24.1.Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно.

24.2.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно.

24.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын 10-15 өдрөөр тогтооно.

24.4.Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг энэхүү хуулийн 24.3-т заасан хугацаанд оруулан тооцно.

24.5.Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг ажлын 20өдөрт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй

25 дугаар зүйл.

Тендер ирүүлэх

25.1.Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно.

25.2.Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана.

25.3.Тендерийн агуулга, үнэлгээний явц болон тендерт оролцогчийн чадавхийг үнэлэхтэй холбогдсон энэ хуулийн 26 дугаар зүйлд зааснаас бусад мэдээллийг гэрээ байгуултал нууцална.

26 дугаар зүйл..

Тендер нээх

26.1.Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.

26.2.Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй.

26.3.Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ.

26.4.Энэ хуулийн 26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурна.

26.5.Энэ хуулийн 26.3-т заасан тэмдэглэлийг сонирхсон этгээдэд танилцуулна.

26.6.Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно.

26.7.Тендерийн агуулгыг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.

26.8.Захиалагч энэ хуулийн 26.7-д зааснаар нэмж ирүүлсэн тайлбар, тодруулгыг бүртгэж хадгална.

27 дугаар зүйл.

Тендерийг хянан үзэх

27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:

27.1.1.энэ хуулийн 15-17 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;

27.1.2.техникийн тодорхойлолт;

27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно:

27.2.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;

27.2.2.захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;

27.2.3.энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх.

27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.

27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.

28 дугаар зүйл..

Тендерийг үнэлэх

28.1.Тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.

28.2.Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ.

28.3.Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь техникийн саналын үнэлгээ байна.

28.4.Захиалагч худалдан авах зөвлөхийн үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх доор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг сонгож, техникийн саналын үнэлгээн дээр нэмж тооцно:

28.4.1.ажил, үйлчилгээ дуусгах, бараа хүргэх хугацаа;

28.4.2.урсгал зардал, эсхүл зардал болон үр ашгийн тооцоо;

28.4.3.борлуулалтын дараах үйлчилгээ, техникийн туслалцаа;

28.4.4.сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах баталгаа;

28.4.5.бараа, ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт;

28.4.6.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.

28.5.Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ:

28.5.1.давуу эрх олгохоор тендерийн баримт бичигт заасан бол давуу эрх эдлэх этгээдийн ирүүлсэн тендерийн эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай байх техникийн саналын үнэлгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувь хэмжээг тооцно;

28.5.2.бүх тендерийнтехникийн саналын үнэлгээгихээс нь багаруу нь эрэмбэлж хамгийн өндөр үнэлгээтэй тендерийг сонгоно;

28.5.3.техникийн саналын үнэлгээ нь хамгийн өндөр тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ;

28.5.4.эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ.

28.6.Зөвлөх үйлчилгээний саналыг үнэлэхэд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

28.7.Захиалагч энэ хуулийн 28.4-т дурдсан шалгуур үзүүлэлтээс сонгож хэрэглэхдээ тэдгээрийг үнэлгээнд харгалзах нөхцөл, аргачлалыг энэ хуульд нийцүүлэн тогтоож тендерийн баримт бичигт тусгана.

28.8.Энэ хуулийн 28.4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчийн чадавхийн үзүүлэлтүүдийг хамааруулахгүй бөгөөд энэ хуулийн 15-17 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй.

\28.9.Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана.

28.10.Тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглах бол энэ талаар тендерийн баримт бичигт заана.

28.11.Тендерийн баримт бичигт зааснаас өөр гадаад валютыг төлбөр тооцоонд хэрэглэх бол түүнийг хөрвүүлэх ханшийг тендер зарласан өдөр Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.

28.12.Тендер үнэлэх аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

29 дүгээр зүйл..

Гэрээ байгуулах эрх олгох

29.1.Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.

29.2.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 3-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.

29.3.«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

29.4.Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч уг хугацааг нэг удаа ажлын10өдрөөр сунгаж болно.

30 дугаар зүйл.

Бүх тендерээс татгалзах

30.1.Дараах тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана:

30.1.1.шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй;

30.1.2.тендер шалгаруулалтад өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт, шахалт үзүүлсэн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй.

30.3.Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

30.3.1.тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах;

30.3.2.тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах.

30.4.Энэ хуулийн 30.3.1, 30.3.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Тендер шалгаруулалтын онцгой журам

31 дүгээр зүйл. .

Тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэх

31.1.Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараах аргыг хэрэглэнэ:

31.1.1.хязгаарлагдмал тендер шалгаруулалт

31.1.2.харьцуулалт;

31.1.3.гэрээ шууд байгуулах;

31.1.4.мэдээллийн санд тулгуурласан хурдавчилсан арга.

31.2.Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон энэ хуулийн 32-35дүгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна.

32 дугаар зүйл..

Хязгаарлагдмал тендер шалгаруулалт

32.1.Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын аргыг дараах тохиолдолд хэрэглэнэ:

32.1.1.мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал;

32.1.2.энэ хуулийн 30.3.2-т заасан тохиолдолд.

32.2.Хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулахдаа захиалагч энэ хуулийн 51.1.10-т заасан вэб хуудсанд тендерийн урилгыг нийтэлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.

32.3.Тендерийн урилга энэ хуулийн 21.5-д заасан мэдээллийг агуулна.

32.4.Тендерийн баримт бичгийг сонирхсон этгээдэд энэ хуулийн 22.2-т заасны дагуу саадгүй олгоно.

32.5.Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг тендерийн урилга тараасан өдрөөс хойш ажлын 7 өдрөөр тогтооно.

33 дугаар зүйл.

Харьцуулалтын арга

33.1.Бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагаанд харьцуулалтын аргыг хэрэглэж болно.

33.2.Харьцуулалтын аргыг дараах байдлаар хэрэглэнэ:

33.2.1.техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 этгээдэд тендерийн санал ирүүлэхийг мэдэгдэх;

33.2.2.техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай байх санал ирүүлсэн тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох.

33.3.Энэ хуулийн 33.2.1-д заасан тендерийн санал ирүүлэх хугацааг урилга илгээсэн өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй өдрөөр тогтооно.

33.4.Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно.

34 дүгээр зүйл..

Гэрээ шууд байгуулах арга

34.1.Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараах нөхцөлд хэрэглэж болно:

34.1.1.энэ хуулийн 30.4, 33.4, 37.14-т заасан тохиолдолд;

34.1.2.оюуны өмчийн эрхийг хамгаалах, музейн үзмэр, археологи, палентологийн олдвор, соёлын болон байгалийн өвийг сэргээн засварлах, ажлын өвөрмөц онцлог, мэргэжлийн тусгай ур чадварын шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол;

34.1.3.нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол;

34.1.4.тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол;

34.1.5.гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол;

34.1.6.хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах шаардлагатай гэж үзсэн бол;

34.1.7.Засгийн газрын захиалгаар баримтат болон хүүхдэд зориулсан кино хийх, олон улсын болон үндэсний хэмжээний түүхэн үйл явдлын их тэгш ойд зориулсан урлагийн томоохон бүтээл туурвихад зориулан төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэгчийг шууд сонгох шаардлага үүссэн бол.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч худалдан авах ажиллагааны мэдээллийн сангаас энэ хуулийн 15-17 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана.

34.3.Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

35 дугаар зүйл..

Мэдээллийн санд тулгуурласан хурдавчилсан арга

35.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн багцын хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээг өөрөө хариуцан зохион байгуулах бол мэдээллийн санд тулгуурласан хурдавчилсан аргыг ашиглана.

35.2. Мэдээллийн санд тулгуурласан хурдавчилсан аргыг дараах байдлаар хэрэглэнэ:

35.2.1.төсвийн ерөнхийлөн захирагч нь хариуцан зохион байгуулахбараа, ажил, үйлчилгээний жагсаалтаа Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

35.2.2.захиалагчтөсвийн ерөнхийлөн захирагч нь төсөл, арга хэмжээ тус бүрт түүнийг хэрэгжүүлэх сонирхолтой тендерт оролцогчийн тендерийг цахим хэлбэрээр ажлын 5 өдрийн дотор хүлээн авна.

35.2.3.захиалагчтөсвийн ерөнхийлөн захирагчнь 35.2.2заасны дагуу санал ирүүлсэн оролцогчдын гэрээ хэрэгжүүлэх чадварыг худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн сангаас нягтлан хамгийн өндөр техникийн саналын үнэлгээтэй «хамгийн сайн»үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийг тодорхойлно.

35.2.4.захиалагч нь энэ хуулийн 35.2.3-д заасны дагуу тодорхойлсон «хамгийн сайн»үнэлэгдсэн тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн санд нийтэлж, түүнд бичгээр мэдэгдэнэ.

35.2.5.«хамгийн сайн»үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, түүний удаах «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол энэ хуулийн 30.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам

36 дугаар зүйл..

Зөвлөх сонгох

36.1.Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно.

36.2.Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно.

36.3.Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно.

37 дугаар зүйл.

Зөвлөх сонгох нийтлэг журам

37.1.Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэнэ.

37.2.Ажлын даалгавар нь түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт тухайн зөвлөхтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг болно.

37.3.Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний төсөвт өртгийг тооцохдоо боловсон хүчний мэргэжлийн чиглэл, түвшин, зөвлөхийн ажлын талбайд болон төв байранд ажиллах хугацаа, бичиг хэргийн болон тухайн үйлчилгээнд шаардлагатай бусад зардалд үндэслэсэн байна.

37.4.Захиалагч ажлын даалгавар бэлтгэж, төсөвт өртгийг тооцоолж гаргасны дараа зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтэлнэ.

37.5.Дэлгэрэнгүй жагсаалтад доор дурдсан этгээдийг оруулж болно:

37.5.1.энэ хуулийн 37.4-т заасан урилгын хариуд санал ирүүлсэн зөвлөх;

37.5.2.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон улсын зөвлөх;

37.5.3.энэ хуулийн 51дүгээр зүйлд заасан бүртгэлд бүртгэгдсэн зөвлөх;

37.5.4.мэргэжлийн холбоо, олон улсын санхүүгийн болон бусад байгууллагын зөвлөх.

37.6.Дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлэх хугацааг ажлын 7-оос доошгүй өдрөөр тогтооно.

37.7.Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс энэ хуулийн 15-17 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана.

37.8.Захиалагч тендерийнбаримт бичиг болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд хүргүүлнэ.

37.9.Зөвлөхийн тендерийн баримт бичигтдараах зүйлийг тусгана:

37.9.1.тухайн үйлчилгээний болон санхүүжилтийн тодорхойлолт;

37.9.2.ажлын даалгавар;

37.9.3.энэ хуулийн 15-17 дугаар зүйлд заасан үзүүлэлтэд үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 28.9-д заасны дагуу захиалагчийн тогтоосон үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал;

37.9.4.уригдсан зөвлөх хуулийн этгээд, хувь хүний нэр;

37.9.5.гэрээний төсөл;

37.9.6.тендер ирүүлэхэд баримтлах зааварчилгаа;

37.9.7.үнэлгээний арга.

37.10.Тендер ирүүлэх хугацаа нь 30 хоногоос дээшгүй байх боловч хуулийн этгээдийн хувьд 10-аас дээш, хувь хүний хувьд 7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад тодорхой заана.

37.11.Зөвлөх техникийн саналыг бэлтгэнэ.

37.12.Техникийн саналд зөвлөхийн мэргэжлийн чадвар, туршлага, хуулийн этгээдийн хувьд голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилтай холбоотой мэдээллийг тусгана.

37.13.Захиалагч энэ хуулийн 37-38 дугаар зүйлийн дагуу техникийн зөвлөхтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд түүнд энэ хуулийн 28 дугаар зүйлийн дагуу гэрээ байгуулах эрх олгоно.

37.14.Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдолд зөвлөхийн хураангуй жагсаалтыг дахин гаргаж, санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба түүнээс дээш өдрөөр тогтооно.

38 дугаар зүйл.

Зөвлөх сонгох чанарын үнэлгээний арга

38.1.Зөвлөхийг чанарын үнэлгээний аргаар сонгоно.

38.2.Мэргэжлийн туршлага, техникийн чадварын хувьд төвөгтэй, эсхүл цогцолбор буюу өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой хэд хэдэн үйлчилгээг нэгэн зэрэг гүйцэтгүүлэх гэрээний үед чанарын үнэлгээний аргыг хэрэглэж зөвлөх хуулийн этгээдийг сонгоно.

38.3.Зөвлөх сонгох чанарын үнэлгээний аргыг дараах байдлаар хэрэглэнэ:

38.3.1.Санал болгож байгаа зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны арга зүй, ажлын хуваарь, боловсон хүчний туршлага, чадвар, үйлчилгээний болон техник хэрэгслийн чанарыг харгалзан саналуудад шинжилгээ хийж харьцуулна.

38.3.2.Энэ хуулийн 15-17 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн  оноо өгнө.

38.3.3.Захиалагч техникийн саналд авбал зохих доод оноо буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдээс хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.

38.3.4.Хэлэлцээгээр шаардлагатай бол хүн-сар, хүн-өдрийн тоо, ажлын талбайд болон төв байранд зөвлөхийн ажиллах хугацаа, бичиг хэргийн зэрэг тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг өөрчилж болно.

38.3.5.Талууд тохиролцоонд хүрээгүй бол захиалагч сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаах оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ.

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ

39 дүгээр зүйл..

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ

39.1.Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ (цаашид ”худалдан авах гэрээ” гэх)-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна.

39.2.«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно.

39.3.Худалдан авах гэрээнд энэ хуулийн 39.2-т зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана:

39.3.1.тендерийн үнэ;

39.3.2.төлбөр хийх нөхцөл, хэлбэр;

39.3.3.урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн, хэлбэр;

39.3.4.захиалагчийн хяналт болон бусад нөхцөл;

39.3.5.гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн, хэлбэр;

39.3.6.худалдааны нөхцөлүүд;

39.3.7.бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь;

39.4.Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно:

39.4.1.хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн;

39.4.2.суурь үнэ огцом өөрчлөгдсөн.

39.5.Худалдан авах ажиллагаанд мөрдөх гэрээний стандарт нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

40 дүгээр зүйл..

Худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглох

40.1.Худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно:

40.1.1.захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх;

40.2.Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

41 дүгээр зүйл..

Хүчин төгөлдөр бус гэрээ

41.1.Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:

41.1.1.захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан;

41.1.2.энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн;

41.1.3.гэрээнийүүргийг туслан гүйцэтгэгчид захиалагчийн зөвшөөрөлгүйгээр, түүнчлэн тендерийн баримт бичигт заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн шилжүүлсэн бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

42 дугаар зүйл.

Гүйцэтгэлийн баталгаа, түүний хэмжээ, гүйцэтгэлийн баталгаа гаргах

42.1.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно.

42.2.Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана.

42.3.Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.

42.4.Гүйцэтгэгч тухайн бараа, ажил, үйлчилгээг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөөгүй, эсхүл гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээ нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүйг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгоно.

42.5.Захиалагч доор дурдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана:

42.5.1.150 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил худалдан авах гэрээ байгуулах;

42.5.2.100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах;

42.5.3.хоёр жилээс дээш хугацаагаар үргэлжлэх худалдан авах гэрээ байгуулах.

42.6.Худалдан авах гэрээний гүйцэтгэл хоёр жилээс дээш хугацаагаар үргэлжлэх бол захиалагч гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хувьтай тэнцүү хувиар гүйцэтгэлийн баталгааны дүнг бууруулж болно.

42.7.Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тендерийнүнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно.

42.8.Гүйцэтгэгч энэ хуулийн 42.7-д заасан үүргээ банкны баталгаа, Засгийн газрын бондоор баталгаажуулж болох бөгөөд ийнхүү баталгаажуулсан тохиолдолд захиалагч барьцаалсан мөнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр урьдчилан олгоно.

43 дугаар зүйл.

Урьдчилгаа төлбөр, түүний баталгаа

43.1.Захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно.

43.2.Захиалагч урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй гүйцэтгэгчийн ирүүлсэн энэ хуулийн 20.2-т заасан баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө.

43.3.Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно.

43.4.Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

Худалдан авах ажиллагааны удирдлага

44 дүгээр зүйл.

Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулах

44.1.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна.

44.2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад доор дурдсан этгээд захиалагч байна:

44.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Yндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн захиргааны төв болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх,Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ньөөрийн хэрэгцээнд худалдан авах бүх бараа, ажил, үйлчилгээний хувьд;

44.2.2.аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд;

44.2.3.төрийн захиргааны төв байгууллага тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд.

44.3.Захиалагч нь 44.2.3-т заасан эрхээ өөрөө хариуцан хэрэгжүүлэх, эсхүл худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага болон доод шатны байгууллага, төсвийн захирагчдын аль нэг рүү шилжүүлэх саналаа бараа, ажил, үйлчилгээ бүрийн хувьд тодорхойлж, улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

44.4.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн саналыг нэгтгэн Засгийн газарт ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

44.5.Энэ хуулийн 44.4-т заасан саналыг Засгийн газар батална.

44.6.Их засварын ажлын хувьд захиалагч нь эрхээ анхан шатны төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчид шилжүүлнэ.

44.7.Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга захиалагч байна.

44.8.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь 44.3-т заасны дагуу тус байгууллагад эрхээ шилжүүлсэн бараа, ажил, үйлчилгээ болон энэ хуулийн 44.2, 44.7-т зааснаас бусад бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна.

44.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь шаардлагатай гэж үзвэл сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт энэ хуулийн 44.2.2-т заасан эрхээ шилжүүлж болно.

44.10.Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төвлөрүүлэн захирагч нь холбогдохтөсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөрхарьяалагдах байгууллагынтөсвийн хүрээнд худалдан авах нэг төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн, нийлүүлэгч болон гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулж болно.

44.11.Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, хил хамгаалах байгууллага болон хорих байгууллагын өөрийн хэрэгцээний ажлыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.3, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120.5-д заасны дагуу гүйцэтгүүлэх нь үр ашигтай гэж захиалагч үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр энэ хуулийн 7.1.1-д заасан нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхгүй байж болно.

45 дугаар зүйл..

Захиалагчийн эрх, үүрэг

45.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна:

45.1.1.энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах;

45.1.2.үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;

45.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;

45.1.4.худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах;

45.1.5.тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх;

45.1.6.бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих;

45.1.7.хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх;

45.1.8.барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг тодорхой улиралд гүйцэтгэх онцлог шинж чанартай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тухайн жилийн төсөв батлагдсан даруйд эхлүүлэх;

45.1.9.гүйцэтгэгч компанийн товч танилцуулга, харилцах утас, гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээний тендерийн үнийн дүн, санхүүжилтийн хуваарь, ажил эхлэх, дуусах хугацаа болон авто зам, инженерийн шугам сүлжээний хувьд дайран өнгөрөх маршрут зэргийг багтаасан мэдээллийн самбарыг төв, суурин бүрийн олон нийтэд үзэгдэхүйц газар уг ажил, үйлчилгээний баталгаат хугацааны туршид байрлуулахыг шаардах.

45.2.Энэ хуулийн 4.1.2-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхийлөн захирагч, 4.1.3-т заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал энэ хуулийн45.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

45.3.Энэ хуулийн 45.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд энэ хуулиар өөрт олгогдсон эрхийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж болох боловч ийнхүү эрхээ шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

45.4.Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана.

45.5.Захиалагч нь гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт тавьж худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад долоо хоног тутамд тайлагнаж, мэдээллийг худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн санд оруулна.

45.7.Дэд бүтэц болон нийгмийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрийн хувьд хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагыг энэ хуулийн 36-38дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийлгэнэ.

45.8.Энэ хуулийн 45.7-д заасан гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийх журмыг санхүү, төсвийнасуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

46 дугаар зүйл.

Үнэлгээний хороо

46.1.Бараа, ажил, үйлчилгээний тендерийн үнэ энэ хуулийн 9.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна.

46.2.Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд доор дурдсан чиг үүрэгтэй байна:

46.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх;

46.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 45.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.

46.3.Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараах шаардлагыг хангасан байвал зохино:

46.3.1.худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх;

46.3.2.тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх;

46.3.3.сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчтой хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй байх;

46.3.4.энэ хуулийн 49.1-д заасан төрийн албан хаагчийн үүргийг сүүлийн 1 жилийн хугацаанд зөрчөөгүй.

46.4.Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна.

46.5.Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна.

46.6.Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр (цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх) нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.

46.7.Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэтухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.

46.8.Энэ хуулийн 46.4-т заасан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

47 дугаар зүйл.

Худалдан авах ажиллагааг төлөвлөх

47.1.Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг шаардлагатай бол техник, эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

47.2.Төсвийнерөнхийлөн захирагч өөрийн төсвийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг нэгтгэн гаргаж, төсвийн төслийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

47.3.Төсвийн ерөнхийлөн захирагч болон худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 20 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

47.4.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

47.5.Энэ хуулийн 45.7-д заасан гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийлгэх зардлын хэмжээг тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 3 хүртэл хувиар тогтоож техник, эдийн засгийн үндэслэлд тусгана.

47.6.Худалдан авах ажиллагааг төлөвлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

48 дугаар зүйл.

Худалдан авах ажиллагааг тайлагнах

48.1.Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална.

48.2.Тендерийн хавтаст хэрэг дараах баримт бичиг, материалаас бүрдэнэ:

48.2.1.худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, шаардлагатай бол тайлбар;

48.2.2.нээлттэй тендер шалгаруулалтаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгосон үндэслэл;

48.2.3.худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тухай товч тодорхойлолт, тендерийн баримт бичиг;

48.2.4.захиалагч, тендерт оролцогчтой харилцсан албан бичиг;

48.2.5.тендерт оролцогчдын ирүүлсэн тендер;

48.2.6.тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж;

48.2.7.тендер шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл;

48.2.8.гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, гэрээ;

48.2.9.тухайн тендер шалгаруулалттай холбоотой бусад баримт бичиг;

48.2.10.гэрээг дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээж авсан баримт бичиг.

48.3.Энэ хуулийн 48.1-д заасан баримт бичиг, материалтай санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хууль, хяналтын эрх бүхий байгууллага, албан тушаалтан танилцах эрхтэй.

48.4.Тухайн тендер шалгаруулалтад оролцсон этгээд бичгээр хүсэлт гарган энэ хуулийн 48.2.2, 48.2.6, 48.2.7, 48.2.8-д заасан баримт бичиг, материалтай танилцаж болно.

48.5.Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг захиалагч тухайн жилийн 12 дугаар сарын 1-ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид, ерөнхийлөн захирагч нь дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

48.6.Тайлагнах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

\48.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 48.5 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн дүгнэж, дараа жилийн эхний улиралд Засгийн газарт тайлагнана.

48.8.Засгийн газар жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд Засгийн газрын худалдан авах ажиллагааны үр дүнг тусгана.

48.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга жил бүрийн эхний улиралд багтаан өмнөх жилийн худалдан авах ажиллагааны дэлгэрэнгүй тайланг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн нийт иргэдийн дунд хэлэлцүүлнэ.

49 дүгээр зүйл..

Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчийн үүрэг

49.1.Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ:

49.1.1.шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;

49.1.2.төрийн ашиг сонирхлыг дээдлэх;

49.1.3.хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх;

49.1.4.тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх;

49.1.5.тендерт оролцогч нь хээл хахууль санал болгох, дарамт шахалт үзүүлэх зэргээр тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөхийг оролдвол энэ тухай өөрийн шууд харъяалан удирдах албан тушаалтан, хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх.

50 дугаар зүйл. .

Бүртгэлийн тогтолцоо

50.1.Тендерт оролцогчдын хүрээг өргөжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, захиалагчийг мэдээллээр хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч хуулийн этгээд, иргэний бүртгэлийг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага хөтөлж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ.

50.2.Энэ хуулийн 50.1-д заасан бүртгэл хөтлөх, худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан байгуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

50.3.Хуулийн этгээд, хувь хүн энэ хуулийн 50.2-д заасан журмын дагуу тогтоосон хугацаанд мэдээллийн санд бүртгүүлнэ. Худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан нь олон нийтэд нээлттэй байна.

50.4.Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээд бүртгэл, мэдээллийн санд хамрагдаагүй нь энэ хуульд заасан журмын дагуу уг этгээдийг тухайн тендер шалгаруулалтад оролцуулахгүй байх үндэслэл болно.

50.5.Тендер шалгаруулалтын онцгой журмыг хэрэглэх үед тодорхой тооны тендерт оролцогчийг урихдаа захиалагч бүртгэлд хамрагдсан хуулийн этгээд, хувь хүний талаар мэдээллийг худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн сангаас авна.

51 дүгээр зүйл..

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

51.1.Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.1.1.худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;

51.1.2.худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах;

51.1.3.худалдан авах ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төслийг боловсруулах, хуулиар эрх олгосон бол батлах;

51.1.4.худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт тайлагнах;

51.1.5.захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх;

51.1.6.захиалагчийн ирүүлсэн тайланг нэгтгэн, улсын хэмжээний худалдан авах ажиллагааны талаархи мэдээллийн сан бүрдүүлэн хөтлөх, нэгдсэн тоо баримт, мэдээлэл гаргах;

51.1.7.энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх;

51.1.8.хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх;

51.1.9.худалдан авах ажиллагааны чиглэлээр явагдах сургалтын түвшин, чанар, стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох, сургалтыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулах журмыг батлах;

51.1.10.худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх зорилготой вэб хуудас хөтлөх, түүнд тендерийн урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг тогтоох;

51.1.11.худалдан авах ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, гадаад улсын бусад байгууллагатай хамтран ажиллах, энэ чиглэлээр олгосон техник туслалцааг төлөвлөх, зохицуулах;

51.1.12.энэ хуулийн 15.4-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;

51.1.13.захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийх журмыг тогтоох;

51.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.

51.2.Худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийгнэвтрүүлэх нөхцөл, журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

51.3.Хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагыг энэ хуулийн 36-38 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж, захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийлгэж болно.

52 дугаар зүйл..

Худалдан авах ажиллагааны улсын байцаагч

52.1.Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.

52.2.Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

52.2.1.энэ хуулийн 15.1.4, 15.1.6, 15.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;

52.2.2.энэ хуулийн 56.2-т заасан зөрчил гаргасан албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлүүлэх тухай дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

52.2.3.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээг цуцлах;

52.2.4.гэрээний үүргийг гуравдагч этгээдэд захиалагчийнзөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн, тендерийн баримт бичигт урьдчилан заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн төлбөр хийсэн гэрээг цуцлах.

53 дугаар зүйл..

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага,түүний чиг үүрэг

53.1.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.

53.2.Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжтэй байна.

53.3.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын даргатай, дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.

53.4.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна.

53.5.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуульд заасан захиалагчийн эрх, үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

53.5.1.худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;

53.5.2.худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

53.5.3.худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

53.5.4.худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх вэб хуудас хөтлөх, түүнд тендерийн урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг тогтоох, боловсронгуй болгох;

53.5.5.захиалагч болон тендерт оролцогчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд сургалт зохион байгуулах;

53.5.6.худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чадавхи, техник техонологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;

53.5.7.энэ хуулийн 5.1.23-т заасан ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

53.5.8.энэ хуулийн 51.1.6-д заасан худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн санг хөтлөх, найдвартай ажиллагааг хангах;

53.5.9.худалдан авах ажиллагааны үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан бусад чиг үүрэг.

53.6.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

53.7.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь өөрийн гүйцэтгэх ажлын тодорхой хэсгийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нийт зарлах тендерийн 20-оос доошгүй хувийг цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулна.

53.8. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан өмнөх оны болон сүүлийн 5 жилийн хугацаанд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний гүйцэтгэгчийн жагсаалтыг худалдан авах ажиллагааны мэдээллийн нэгдсэн сангаас гаргаж, нийтэд мэдээлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ.

Маргаан шийдвэрлэх, хариуцлага

54дүгээр зүйл.

Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

54.1.Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор захиалагчид хандан монгол хэлээр, бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд дараах зүйлийг тусгасан байна:

54.1.1.тендерт оролцогч хувь хүн бол өөрийн болон эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, утас, цахим шуудангийн хаяг эсхүл факсын дугаар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн нэр, дугаар, хаяг, утас, цахим шуудангийн хаяг, факсындугаар;

\54.1.2.гомдол гаргаж байгаа тендерийн нэр, дугаар;

54.1.3.маргааны агуулга, нотлох баримт, тендерийн бичиг баримт болон Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журам, заавар зөрчигдсөн тухай тодорхой танилцуулга (гомдол гаргах үндэслэл гарсан огноо);

54.1.4.гомдол гаргах болсон үндэслэл, маргаан гаргах эрх үүссэнхугацаа;

54.1.5.худалдан авалтын аль үе шатыг дахин явуулах, эсхүл залруулах хүсэлтэй болохыг заах.

54.2.Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урьж болно. Тендерт оролцогч энэхүү ажиллагаанд оролцоогүй тохиолдолд тухайн асуудлаар цаашид гомдол гаргах эрхгүй.

54.3.Тендерт оролцогч нь дараах асуудлаар гомдол гаргахгүй.

54.3.1.худалдан авалт болон зөвлөх шалгаруулахад сонгосон арга;

54.3.2.сонгон шалгаруулалтыг бүхэлд нь цуцлах эсхүл тендер, саналыг буцаах тухай шийдвэр.

54.4. Энэ хуулийн 54.2-т заасан гомдлыг тендерийн туслан гүйцэтгэгч гаргах эрхгүй.

54.5.Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл, гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол түүнийг барагдуулах арга хэмжээг тусгасан байна.

54.6.Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй.

54.7.Энэ хуулийн 54.6-д заасны дагуу тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол холбогдох үндэслэлийг тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхээс ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.

54.8.Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээж авахгүй.

55 дугаар зүйл..

Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах

55.1.Энэ хуулийн 54.1-т заасан тендерт оролцогч нь захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд захиалагчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан гомдол гаргаж болно

55.2.Тендерт оролцогч нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан гомдол гаргахдаа энэ хуулийн 54.1-т заасан зүйлсийг тусгасан байна.

55.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 54.1-д заасан хугацаанаас хоцорсон буюу 55.2-т заасан шаардлагыг хангаагүй гомдлыг хүлээн авахгүй.

55.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтан хянан шийдвэрлэх бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна.

56 дугаар зүйл..

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

56.1.Энэ хуульд заасан журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол доор дурдсан захиргааны шийтгэлийг эрх бүхий улсын байцаагч ногдуулна:

56.1.1.нээлттэй тендер шалгаруулалтын журам хэрэглэх худалдан авах ажиллагаанд уг журмыг хэрэглээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.2.энэ хуулийн 10.1-т заасныг зөрчиж, гадаадын этгээдийг тендер шалгаруулалтад оруулахыг хязгаарласан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.3.давуу эрхийн зөрүүг үнэлгээнд хэрэглэхдээ энэ хуулийн 11.1-11.2-т заасныг зөрчсөн үнэлгээний хэсгийн гишүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.4.тендерийн урилга, баримт бичгийг бэлтгэхдээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журам, заавар, жишиг баримт бичгийг үндэслэл болгоогүй нөхцөлд албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.5.энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасныг зөрчиж тендерийн баримт бичгийг боловсруулалгүйгээр урилга нийтлүүлсэн, тендер шалгаруулалт явуулсан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.6.тендерийн урилгыг зарлан мэдээлэхдээ энэ хуулийн 21.2, 21.3-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.7.энэ хуулийн 22.2-т заасныг зөрчиж тендерийн баримт бичгийн үнийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.8.нээлттэй тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 24.3-т заасныг зөрчиж тендер хүлээн авах эцсийн хугацааг 10-аас бага хоногоор тогтоосон, эсхүл зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох үед энэ хуулийн 37.10-т заасан санал ирүүлэх доод хугацааг мөрдөөгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.9.энэ хуулийн 24.5, 29.4-т заасан хугацаанд захиалагчаас хамаарах шалтгаанаар гэрээ байгуулаагүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.10.энэ хуулийн 27.1, 30.1-д зааснаас бусад үндэслэлээр тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.11.энэ хуулийн 28.2-т заасныг зөрчиж тендерийн үнэлгээг үндэслэлгүйгээр тендер хүчинтэй байх хугацаанд хийгээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.12.захиалагч тендер шалгаруулалтыг шударга бус явуулж, энэ хуулийн 29.1-д заасныг зөрчиж, «хамгийн сайн» үнэлэгдээгүй тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон, энэ хуулийн 29.4-т заасныг зөрчиж гэрээний хугацааг сунгасан албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.13.энэ хуулийн 29.2-т заасныг зөрчиж гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын 5 өдрийн дотор гэрээ байгуулсан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.14.энэ хуулийн 32.1, 33.1, 34.1-д зааснаас бусад нөхцөлд тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэсэн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.15.энэ хуулийн 40 дугаар зүйлд заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.16.энэ хуулийн 46.1-д заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулаагүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.17.энэ хуулийн 46.2.2-т заасан үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчилсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.18.энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд заасныг зөрчиж худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зарлаагүй, тухайн тендер шалгаруулалтад холбогдох хавтаст хэрэг бүрдүүлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.19.энэ хуулийн 47.2, 48.5-д заасныг зөрчиж худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг хуульд заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.20.энэ хуулийн 54.5-д заасныг зөрчиж гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

56.1.21.улсын ахлах байцаагч, байцаагч нь энэ хуулийн 56.1-д заасныг зөрчиж захиргааны шийтгэл оногдуулсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

56.2.Энэ хуулийн 56.1-д заасан зөрчлийг давтан гаргасныг эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол захиалагчийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал, үнэлгээний хорооны гишүүнийг төрийн албанаас халах шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан хүлээлгэнэ.

56.3.Энэ хуулийн 49.1-д заасныг зөрчсөн албан тушаалтныг тухайн албан тушаалаас нь халах сахилгын шийтгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээлгэнэ.

56.4.Энэ хуулийн 52.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй улсын ахлах байцаагчид эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг хүлээлгэнэ.

56.5.Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол уг шийдвэрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна.

57 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

57.1.Энэ хуулийг 201  оны .... дугаар сарын ....ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.