М.Говьсайхан: Төлөөлөгчөөр анх сонгогдохдоо иргэдэд амласан амлалтаа 100 хувь биелүүллээ
2020.09.24
Орон нутгийн хөгжил

М.Говьсайхан: Төлөөлөгчөөр анх сонгогдохдоо иргэдэд амласан амлалтаа 100 хувь биелүүллээ

УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөх Маньбазарын Говьсайхантай ярилцлаа.

Хүнсний технологич, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Та одоо ямар ажил, төсөл, хөтөлбөр дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна вэ?

Юуны өмнө "Eguur.mn” сайтаар дамжуулан уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Тэдэнтэй хамт дүүргээрээ, хороодоороо тойрон, иргэдтэйгээ уулзаж явна. Хүйтний ам наашилж буйтай, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх аж ахуйн чанартай ажлуудаа төлөвлөж сууна. Сонгинохайрхан дүүрэг онцлог ихтэй. Байшин хороолол, гэр хороолол ихтэй. Үүний сацуу алслагдсан иргэд олонтой.

Нийслэлийн хамгийн том газар нутагтай, хүн амтай дүүргийн хувьд тулгамдаж буй асуудал их бий. Хүйтний улирал дөхөж буйтай холбогдуулан байрны дулаалгын ажил ид өрнөж байна. Үүний сацуу энэ зун борооны улмаас эвдэрсэн замыг засах зайлшгүй шаардлагатай байгаа. Үүний сацуу шахмал түлшний хүрэлцээ бага байна, олдохгүй байна гэх гомдол иргэдээс их ирэх боллоо.

Тиймээс энэ жилийн шахмал түлш хуваарилалт, нөөцийг нь бүрдүүлэх тал дээр нэлээд анхаарна. Энэ мэт асуудлууд, гэрэлтүүлгийн ажлууд ид өрнөж байна.

Та 2016-2020 онд Дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллалаа. Анх сонгогдохдоо амласныхаа хэдэн хувийг нь хэрэгжүүлэв?

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нийслэлд хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн дүүрэг бол Сонгинохайрхан. Сүүлийн 10-аад жил хийгдээгүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ. Тодруулбал, 300 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Сонгинохайрхан дүүрэгт гурван ээлжээр хичээллэдэг сургууль маш олон байсан. Өнөөдрийн байдлаар тийм сургууль байхгүй. Бүгдийг нь хоёр ээлжээр хичээллэдэг болголоо.

Үүний сацуу бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгох зорилтдоо хүрлээ. Мөн эмнэлгийн, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт цөөнгүйг хийв. Сонгинохайрхан дүүрэгт улсын хэмжээний жишиг эмнэлгийг бариад, ашиглалтад оруулж байна. Манай дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга баригдан, мөн ашиглалтад орох гэж байгаа. Баянхошуунд ахмадуудад зориулсан сувиллын барилга ашиглалтад оруулж байна. Энэ мэтчлэн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт олныг хийлээ.

Манай дүүрэг том газар нутагтай, олон хүн амтай. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд амаргүй байдаг. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд хороодоо томсголоо. Сонгинохайрхан дүүргийн 32 хороог хуваан, 43 болгож, бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэв. Хотын төвөөс алслагдмал амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд ингэсэн юм. Мөн Сонгинохайрхан дүүргийнхээ хашаа бүрийг гэрэлтүүлэгтэй болгох ажил үргэлжилж байна.

Мөрийн хөтөлбөртөө дөрвөн зүйл амласныг тань санаж байна. Бүгдийг нь биелүүлсэн үү?

Тэгсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо буюу Драгон, Москва хороолол орчмоос сонгогдсон. Би анх сонгогдохдоо хорооныхондоо дөрвөн зүйл амласнаа бүгдийг нь биелүүллээ.

  1. 29 дүгээр хороог сургууль, цэцэрлэгтэй болгох. Сонигинохайрхан дүүрэгт төдийгүй Нийслэлд сургууль, цэцэрлэггүй хуруу дарам хорооны нэг нь 29 байсан. Москва хорооллыг барих үед тэнд анхандаа сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн юм билээ. Гэтэл "Москва"-г барьж дуусангуутаа сургууль, цэцэрлэг барих газрыг нь өөр компанид зарчихаад яваад өгсөн. Газрын маргаан нь 10-аад жил шүүхээр явсан. Газрын асуудал нь шийдэгдэхгүй байсан болохоор сургууль, цэцэрлэг барих боломжгүй байв. Тиймээс би тухайн газрыг худалдаж авсан хүмүүстэй уулзан, нааштайгаар шийдвэрлүүллээ. Ингэж байгаад 29 дүгээр хороонд 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг барин, энэ оны есдүгээр сард нээлтээ хийв.
  2. Москва хорооллын зарим орон сууцны гаднах пасад нь нураад уначихсан байсан. Доторх хөөсөнцөр нь гарчихсан, айлуудын хана руу чийг орон, мөөгөнцөр үүсээд байсан юм. Хүйтрэхээр л иргэд маань зутардаг байв. Энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж амласан юм. Боломж, бололцооны хүрээнд дүүргээс сонгогдсон гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй ярилцаж байгаад янзаллаа.
  3. Эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлөөр иргэдээ хангана гэж амласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 29 дүгээр хороог бүрэн камержууллаа. Мөн гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийлээ. Ингэснээр манай хороонд гэмт хэргийн гаралт, хэрэг, зөрчлийн тоо эрс багассан. Гэмт хэргийн илрүүлэлт мэдэгдэхүйц сайжирлаа.
  4. Иргэдээ эко амьдрах нөхцөл, боломжоор хангана гэж амласан. Үүний хүрээнд хорооныхоо хэмжээнд хүүхдийн тоглоомын хоёр талбай байгууллаа. Мөн Драгон, Москвад автомашины зогсоол хийлээ.
Эндээс харахад та амлалтаа 100 хувь биелүүлж гэж ойлгож болох уу?

Болно оо. Би төдийлөн олон зүйл амлаагүй. Сайн судалж, төлөвлөж байгаад дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой, гарцтай дөрвөн зүйлийг л амласан юм. Үүнийгээ 100 хувь биелүүллээ.

29 дүгээр хорооны иргэд "Драгон” төвийг нүүлгэх хүсэлт, шаардлага хэд хэдэн удаа гаргасныг санаж байна. Энэ асуудал юу болж байгаа вэ?

"Драгон төв”-д чимээ шуугиан ихтэй, архичид цуглардаг гэх гомдол иргэдээс их ирдэг. Энэ талаар тодоорхой ажил хийхээр нэлээд зорьж, өөрийгөө шахаж ажиллалаа. Харамсалтай нь, сонгуульт ажлын хугацаанд амжсангүй. "Драгон төв”-ийг 22-ын товчоо руу нүүлгэх гарц бий. Тэгвэл 29 дүгээр хорооны иргэдийн амар тайван амьдрах боломж бүрдэнэ. Нөгөө талаар иргэд хөдөө орон нутаг руу явахын тулд 22-ын товчоонд очиж сууна гэхээр бас хүндрэлтэй. Хаана, хаанаа асуудалтай байгаа. Аль алийг нь бодолцож үзэх хэрэгтэй.

"Драгон төв”-ийг нүүлгэх эсэх асуудал одоогоор тодорхой болоогүй.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Н.Учрал гишүүний зөвлөх. Дүүргийнхээ төлөөлөгч, зөвлөгч байх нь танд ямар давуу талтай байдаг вэ?

Н.Учрал гишүүн эрч хүчтэй, хөдөлмөрч, үргэлж шинийг санаачилдаг. Дүүрэгт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг гишүүнд уламжлах, гарц гаргалгаа, тодорхой шийдлийг нь шуурхай олоход их дөхөм байдаг. Н.Учрал гишүүнд иргэдийнхээ жаргал, зовлонг ойлгуулж, үнэн, зөв мэдээллээр хангахад их амар. Төрөөс гарч буй шийдвэр, тогтоомжийг иргэдэд шуурхай сурталчлах, таниулахад их дэмтэй байдаг.

Улстөрч бүхний арга барил ондоо. Таны онцлог гэвэл та юу, юугаа онцлох вэ?

Ямар нэгэн асуудал гарахад мөн чанарыг нь тодорхойлж, аль болох тайван байдаг. Гарц, гаргалгааг нь эрэлхийлж байгаад шийдвэр гаргадаг.

Та ажилдаа, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

Хүн хүнээрээ байх сайхан. Сайд дарга болсон ч нэг л зангаараа, байгаагаараа байх хэрэгтэй. Ямар ч үед хүн байх чухал.

Таны нэр их содон, өвөрмөц. Говь нутап төрсөн болохоор нь танд ийм нэр хайрласан юм уу?

Тэгсэн. Би Дорноговь аймгийн Сайншандад төрсөн. Аав минь Барилгын цэргийн инженер мэргэжилтэй хүн байв. Аав, ээж минь Хөвсгөлийнх, хангай газрын газрын хүмүүс. Говь нутагт очоод хүүтэй болсондоо бэлгэшээн намайг Говьсайхан гэж нэрлэсэн юм билээ. Би эхээс дөрвүүлээ. Нэг дүүг минь Говь-Эрдэнэ гэдэг.

Өөртэйгөө адилхан нэртэй хүнтэй уулзаж байсан уу. Говьсайхан гэдэг нэртэй хүн таних уу?

Монголд ер нь их ховор нэр. Өөртэйгөө адилхан нэртэй хүнтэй уулзаж үзээгүй, таньдаг хүн байхгүй. Сонирхоод интернетээс судалж байсан удаа бий. Ойролцоогоор Говьсайхан гэдэг нэртэй 2-3 хүн Монголд байдаг юм билээ.

Бусадтай "Говьсайхан" гээд танилцахад гайхдаг уу. Хэрхэн хүлээж авдаг вэ?

Их гайхдаг шүү. Олонх нь ямар гоё нэр вэ гэдэг. Нэрээ хэлэхээр зарим хүн "Сайхаан, сайхан” гэдэг (инээв). "Говь сайхан уу” гэж андуурч ойлгох удаа мэр сэр гардаг. Содон, өвөрмөц нэртэй болохоор хүмүүс амархан тогтоодог шүү.

М.Говьсайхан гэж хэн бэ?

АЖЛЫН ТУРШЛАГА:
  • 2001-2005 он - Хүнсний Эрдэм шинжилгээ, Үйлдвэрлэлийн "Хүнстех” корпорацид эрдэм шинжилгээний ажилтан
  • 2005-2007 он - ШУТИС-ийн ХБТСургууль, Швейцарийн хөгжил Хамтын ажиллагааны Агентлагийн хэрэгжүүлсэн "Ингэний сүү” төслийн менежер
  • 2010-2011 он - "Ганьт” ХХК-д дэд захирал
  • 2011-2012 он - JCI Улаанбаатар централ салбар байгууллагын гадаад харилцааны хороон захирал.
  • 2012-2013 он - "JCI Улаанбаатар централ салбар байгууллагын эрх зүйн зөвлөх
  • 2016-2020 он - "Хүрэл Ордон" ХХК-ийн захирал 2019 оноос өнөөг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөх.
БОЛОВСРОЛ:
  • 1997-2002 он - ШУТИС-ийн Хүнс биотехнологийн сургуулийг Хүнсний технологич инженер мэргэжлээр баклавр
  • 2004-2006 он - ШУТИС-ийн Хүнс биотехнологийн сургуулийг Хүнсний чанар аюулгүй байдлын менежмент мэргэжлээр магистр
  • 2007-2009 он - Англи улсын London South Bank University, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлээр магистр
  • 2012-2013 он - Монголын Рояал академийг Төрийн удирдлага мэргэжлээр магистр
  • 2013-2016 он - Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр
СОНГУУЛЬТ АЖИЛ:
  • 2011-2012 он - JCI Улаанбаатар централ салбар байгууллагын Гадаад харилцааны хороон захирал
  • 2012-2013 он – JCI Улаанбаатар централ салбар байгууллагын эрх зүйн зөвлөх
  • 2013-2015 он - JCI Улаанбаатар централ салбар байгууллагын эрх зүйн зөвлөх
  • 2015 оноос өнөөг хүртэл НАМЗХ-ны ХУД-ын Тэргүүлэгч, Монголын залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч
  • 2017-2018 он - Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал
  • 2017-2020 он - Монголын Дээд боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн.

Сэтгүүлч Б.Буяндалай

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

ШИНЭ МЭДЭЭ