Хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2023.02.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардаг. Тус хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч бид хогоо ангилан хаях дадалд хараахан суралцаагүй байна. Сүүлийн хэдэн жилд нийслэлээс зарим дүүрэгт хог ангилах савыг байршуулж, иргэдэд хогоо ангилан хаях мэдээллийг чамгүй их түгээсэн билээ. Гэвч иргэдийн хогоо ангилж хаях ухамсар,мэдлэг дутмаг хэвээр байна.

Бидний хаясан хог хаягдал хаачдаг вэ?

  • Бидний хаясан хог төвлөрсөн цэгт 72% нь очдог
  • Хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгт 22% нь очдог
  • Нийслэлд төвлөрсөн 3 хогийн цэг байгаа ч 80–90 хувь нь аль хэдийн хогоор дүүрсэн

Хог хаягдлыг дахин боловсруулах арга

Өрх бүр хогоо ангилан хаяхгүй байгаагаас үүдэн ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгадаг. Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. “Хог хаягдлыг дахин боловсруулах” гэх гурав дахь арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй эсвэл тоодоггүй. Хэрэв өрх бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл цугларах хогийн хэмжээ багасах мөн дахин боловсруулагдах боломжтой хогийг эргэлтэд оруулах давуу тал үүсэх юм. Ингэснээр бидний эрүүл мэндэд ч, эдийн засагт эерэг нөлөөтэй.

Бидний хийж чадах эхний "Алхам"

Эх орноо хөрсний бохирдлоос аврахын тулд хамгийн эхэнд бид хогоо эх үүсвэр дээр нь шууд ангилан ялгах нь чухал. Хүнсний хаягдлыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаях нь агаар, орчны бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүлэмжийн хий, метан хийн зэрэг хорт хийг ялгаруулах үндэс болдог. Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг гурав ангилна.

Үүнд:

Органик хаягдал буюу хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс зэрэг орно. Үүнийг бордоо, тэжээл болгон боловсруулах боломжтой
Энгийн хог хаягдал буюу шил, лааз, хуванцар сав зэргийг ашиглаж байсан зорилгоор нь эргүүлэн боловсруулж, хэрэглээнд оруулах боломжтой

Аюултай хог хаягдал буюу тэсрэмтгы, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, хор хий ялгаруулагч хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшилж хадгалах шаардлагатай.

Ийнхүү цаас, хуванцар, органик хаягдлаа ангилан ялгаж дахивар хог тээвэрлэдэг газар, хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдэд хүргэж өгөх боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ