Сайд Л.Болд Японы төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав
Сайд Л.Болд Япон улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Ш.Сүгиямаг хүлээн авч уулзав. 11 дүгээр сарын 16
2012.11.19

Сайд Л.Болд Японы төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Улаанбаатарт болж буй Япон Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээний японы талын тэргүүн тус улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Ш.Сүгиямаг  ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд Япон Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ 4 жилийн дараа ийнхүү сэргэж хэрэгжсэнд баяр хүргэв.

Уг уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт зохион байгуулах монголын талын саналыг дэмжсэнд талархал илэрхийлэв.  

Ноён Ш.Сүгияма энэхүү яриа хэлэлцээг өөрийн оронд зохион байгуулсанд Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү санаачлага нь  Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад Монгол Улсын оруулж буй чухал хувь нэмэр болохыг тэмдэглэв. Түүнчлэн тэрээр манай хоёр улс хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад цаашид ч нягт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.  

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болон сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй  өндөр дээд түвшний харилцан айлчлал, арга хэмжээ нь хоёр орны Стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмнүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг дурдаад цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа харилцан нотлов