Хойд Солонгос, Японы уулзах газар Улаанбаатар
Хойд Солонгос, Японы төлөөлөгчдийн уулзалт Улаанбаатарт, Богд хан уулын Их тэнгэрийн аманд эхэллээ.
2012.11.16

Хойд Солонгос, Японы уулзах газар Улаанбаатар

Өчигдөр Улаанбаатарт онцгой нэг үйл явдал эхэллээ. Хоорондоо төдийлөн найрсаг бус харилцаатай  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр өдөр болох уг уулзалтыг сурвалжлуулахаар хоёр тал олон сэтгүүлч дагуулж ирсэн ч хаалттай байдалд эмзэг асуудлаа ярилцахаар шийдсэн байна. Лав л Японы талаас 50 орчим сэтгүүлч ирсэн боловч зураг авахуулахаас өөрөөр лав л эхний өдрийн үйл ажиллагааг хаалттай байлгахаар БНАСАУ, Японы тал шийджээ.

Зүүн хойд Азийн бүс нутагт хадгалагддаг ихээхэн эмзэг сэдвүүдээр яриа хэлэлцээ хийх газраар Бээжинг бус Улаанбаатарыг сонгосон нь Монгол Улс аль аль оронтой нь найрсаг сайн харилцаатай, басхүү олон тулгуурт гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлдэгтэй нь холбоотой. Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүчин чармайлт ч нэмэгджээ.

БНАСАУ, Японы тал 2007 оны есдүгээр сарын 5-6-нд мөн л Улаанбаатарт харилцаагаа сэргээх уулзалт хийж байсан юм.

 Өмнөх уулзалтаар Японоос 15, БНАСАУ-аас есөн төлөөлөгч ирж таагүй байсан харилцаагаа зөөлрүүлж, зарим асуудлаар учир зүйгээ ололцох алхам хийж байв.

БНАСАУ, Японы харилцаа таагүй явж ирсний учир гэвэл Японы тал 1945 оны наймдугаар сарын 15 хүртэл 35 жилийн турш Солонгосын хойгийг колоничилж байжээ. Сүүлд 1960-1970-аад оны хооронд Хойд Солонгосын тал япон иргэдийг хулгайлан нутагтаа аваачиж тагнуулын зорилгоор ашиглаж байсан ч гэдэг. Хулгайлагдсан япон иргэдийн эцэг эх, хамаатан садан өдгөө ч үр хүүхэд, ах дүүсээ Хойд Солонгосын талаас нэхсээр байдаг түүх бий.

Гэвч тэдний ихэнх нь БНАСАУ-д таалал төгссөн байдаг. Дайны нөхөн төлбөр, хулгайлагдсан иргэдийн асуудал, Хойд Солонгосын цөмийн зэвсэг гээд тэдний дунд үл ойлголцлын асуудал цөөнгүй. Хоёр тал таван жилийн өмнө Улаанбаатарт уулзахдаа хаалттай хүрээнд дээрх асуудлуудыг хөндөн ярилцаж байв.

Тухайн үед Солонгосын хойгийн халуун асуудал болсон цөмийн зэвсгийн сэдвээр АНУ, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ-г оролцуулсан зургаан талт хэлэлцээр 2003 оноос эхлэн Бээжинд хэд хэдэн удаа болоод байсан юм. Уг хэлэлцээрийн хүрээнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, АНУ, БНХАУ-ын хоорондын харилцааг сайжруулах, Япон, Хойд Солонгосын харилцааг хэвийн болгох, Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлын механизм тогтоох зэрэг таван гол асуудлыг онцлон үзэж байлаа.

Хэлэлцээрийн зарим асуудлаар зургаан улстай аль альтай нь сайн харилцаатай Монгол Улсад уулзаж болох талаар ч дээрх орнууд ярилцаж байжээ.
Таван жилийн өмнө Монголын талын урилгаар Улаанбаатарт хийсэн БНАСАУ, Японы  харилцааг сайжруулах уулзалт нь Монгол Улс түүхэндээ анх удаа бие дааж олон улсын хэмжээний санаачилга гаргасан гэдгээрээ онцлог байжээ. Тухайн үед энэ үйл явдлыг Зүүн хойд Азид энх тайван тогтооход Монголоос оруулсан “хөрөнгө оруулалт” гэж нэрлэж, бүс нутгийн төдийгүй дэлхийн анхаарлын төвд ороод байв

 Япон, БНАСАУ-ын тал энэ оны гуравдугаар сарын 17-ны үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт  албан бусаар уулзаж дараагийн албан уулзалтаа товлосон нь өчигдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Хоёр тал олон сэтгүүлч дагуулж ирсэн ч хаалттай байдалд асуудлаа ярилцахаар шийдсэн байна.

Хаалттай болж байгаа энэ уулзалтаар Хойд Солонгосын албаны төлөөлөгчид Японд ажлын шугамаар зорчиж байх боломж, нас барсан япон иргэдийн шарилыг эх оронд нь буцаан өгөх зэрэг асуудал хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл бий. Харин Японы тал хулгайлагдсан иргэдээ нэхэмжлэх бодолтой ирсэн бололтой байгаа. Хөшигний цаана, хаалттай, тусгаарлагдмал амьдардаг БНАСАУ-ын тал Японд зорчих санал тавьж байгааг харвал бас ч нээлттэй гадаад бодлого барихаар залуу удирдагч Ким Чен Ун чармайж байгаа бололтой.

Ямар боловч Монгол Улс бүс нутгийн орнуудын эгзэгтэй, эмзэг асуудлаа итгэж ярилцдаг цэг болсон нь гадаад нэр хүнд сайн, дипломат бодлого оновчтой байгаагийн нэг илрэл болж байна. Уулзалт өнөөдөр үргэлжлэх юм.