Цөмийн зэвсэггүй, бие бие рүүгээ буу шагаахгүй амьдрах арга зам бий
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Дэлхий дахины тулгамдсан асуудлууд” хуралдаанд үг хэлэв.
2012.11.07

Цөмийн зэвсэггүй, бие бие рүүгээ буу шагаахгүй амьдрах арга зам бий

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж, хоёрдугаар хуралдаанаараа “Дэлхий дахины тулгамдсан асуудлууд”, гуравдугаар хуралдаанаараа “Нийгэм, соёлын хамтын ажиллагаа”, дөрөвдүгээр хуралдаанаараа “Бүс нутгийн асуудлууд”, тавдугаар хуралдаанаараа “АСЕМ-ын цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр ярилцаж, улс орнуудын төр, засгийн тэргүүн нар саналаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уг хуралдаануудад оролцохын сацуу хоёрдугаар хуралдаанд үг хэлэв.

Ерөнхийлөгч АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан Лаос болон шинээр түүний гишүүнээр элссэн орнуудад баяр хүргээд цааш хэлэхдээ “Нэгэн жижиг эрэлхэг охин руу бүдүүлэг дайралт хийж дэлхийг балмагдуулсан билээ. Би пакистаны Малаха охиныг хэлж байна. Мөн маш хүнд байдалд орсон тэр охиныг сайхан эмчлэгдсэнийг сонсоод дэлхий хүмүүс гайхацгаасан. Малаха хүн бүр сурах эрхтэй гэдгийг дэлхийн сая сая иргэдэд харуулж чадсан гэж би бодож байна. Хэний ч, тодруулбал тийм сайхан охидын тэр гайхалтай эрхийг хэн ч үгүйсгэж чадахгүйг Малаха охины тов тодорхой ойлгуулсан шиг энд буй Ази, Европын удирдагчид дэлхийн олон нийтэд маш тодорхой зүйлийг хэлж чадна гэж бодож байна.

Би манай хоёр тив хамтран ажиллаж, сайхан үр дүнд хүрч чадна гэсэн маш тодорхой зүйл хэлж та бүхэнтэй нэгдэх болно. Бид хэдий сайн түншилнэ төдий чинээ их зүйлийг наймаалцаж, худалдаанд ялгаварлан гадуурхах явдлыг аль болох багасгаж чадна. Шинжлэх ухаан, технологийн салбарт гайхалтай өргөн хүрээнд хамтран ажилласнаар эдийн засгийн бодит шинэчлэл хийх болно. Бас ногоон эдийн засагт ч томоохон алхам хийж, илүү ойлгомжтой шинэчилсэн дүрэм журам, илүү хариуцлагатай байдлыг бий болгож чадна. Яагаад гэвэл энэ хямрал иргэдээс бус буруу удирдлага, хариуцлагагүй байдлаас үүддэг. Эцсийн эцэст эдийн засгийн өсөлт нэн чухал. Бид 2014 онд Брюссельд уулзахдаа “Хямрал дууссан, тогтвортой өсөлт бий болсон” гэж хэлж чадах болно.

Монгол орны хувьд дараах зүйлийг хэлмээр байна.

Олон улсын валютын сангийн тооцоогоор өнгөрсөн онд манай эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай гарсан.

Тиймээс Монгол Улсын хувьд энэ өсөлтийг цаашид хадгалан тогтворжуулах, улмаар эдийн засгаа олон чиглэлээр хөгжүүлэх явдал их чухал байна.

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нд АОХН-ийн сайд нарын бага хурал Улаанбаатарт болно. Түүнд өндөр хэмжээний төлөөлөгчөө илгээж оролцоно уу хэмээн ардчиллыг хүндэтгэдэг бүх орон, байгууллагыг урьж байна. Энэ уулзалтаар бид зах зээлийн эдийн засагт шилжих, улс төрийг либералчлах чухал асуудлыг хэлэлцэнэ. Монголчуудад бусдад заах зүйл байхгүй, харин хуваалцах туршлага бий.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас Энх тайван, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх асуудлаар Вьентьяны тунхаглал гаргав.

Энэ оны зургаадугаар сард парламентын шинэ сонгууль болж, ганцхан долоо хоногийн дотор улс төрийн эрх мэдлийг нэг намаас нөгөө намд бэрхшээлгүй шилжүүлсэн. Одоо шинэ Засгийн газар ажиллаж байгаа. Манай оронтой нягт хамтран ажиллаж, бизнес хийхийг сонирхсон бүх хүнийг би урьж байна.

Монгол Улс 20 жилийн өмнө нэгэн чухал асуудлыг хэлэлцэж, өөрийн орныг цөмийн зэвсэггүй статустай газар нутаг хэмээн дэлхий дахинд зарласан юм. Өнөө жил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэг бүхий таван улс манай санаачилгыг дэмжиж байгаагаа дахин нотолсон. Цөмийн зэвсэггүй, бие бие рүүгээ буу шагаахгүй амьдрах арга зам бий гэж би боддог. Хэрэв та бүхэн үзье гэвэл Монголд ирээрэй” гэлээ.

Уг тунхаглалд “Ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг бодит хэрэг болгох, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбарын хөгжил дэвшил, ололт амжилтын үр дүнгээс иргэд маань хүртэх боломжийг бүрдүүлэх замаар АСЕМ –ын түншүүдийн дунд ойлголцол, итгэлцэл, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих, харилцаагаа илүү өргөжүүлэх, түншлэлийг бүх салбарт бий болгохоор тогтов. Ингэхдээ үндэсний болон бүс нутгийн онцлог байдал, өвөрмөц ялгааг ойлгох, хүндлэх болно” хэмээжээ.