С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал 2500 ажлын байр бий болно
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.01.15

С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал 2500 ажлын байр бий болно

Оны өмнөхөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Л.Эрдэнэчимэг гишүүн нарын зүгээс “Хүүхэд харах үйлчилгээ” хэмээх шинэ хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьсан билээ. Нэрнээсээ эхлээд сонирхол татсан энэхүү хуулийн талаар ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатартай ярилцлаа.  

-Хүүхэд харах үйлчилгээ гэсэн шинэ хуулийг эмэгтэй гишүүдийн хамт өргөн барьсан. Хэрвээ энэ хууль батлагдвал залуу эцэг эхчүүд хүүхдээ хүнд харуулах эрх зүйн орчинтой болно гэсэн үг үү. Энэ хуулийн үзэл санаа нь юу юм бэ?

Өргөн бариад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Зарим улс төрчид ойлгохгүй их зүдрээж байгаа ч гэсэн үүнийхээ төлөө бид тууштай явна.

80.000 хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна

Өнөөдөр монгол оронд 80 гаруй мянган хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ байна. Энэ олон мянган хүүхдүүдийн аюулгүй байдал их хүнд байгаа.  Гал усны үерт орчих гээд их осолтой байдгийг та бүхэн ч мэдэж байгаа. Бидэнтэй, бидэнгүй эцэг эхчүүд хүүхдээ гэртээ  орхичихоод эсвэл хүүхдээ хэн нэгэнд харуулаад явж л байгаа. Гэхдээ үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй юм. Энийг зүгээр хараад сууж байж болохгүй. Ээжүүд нь бас ажил хиймээр байна. Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд бүр хэцүү байдалтай байгааг зүгээр хараад сууж болохгүй.

-Байнгын хороон дээр хэлэлцэгдээд явж байгаа ЕБС, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх хууль батлагдвал манай улс 1000 гаруй цэцэрлэгтэй болно  гэсэн биз дээ. Цэцэрлэг барьсан нь дээр биш гэж үү?

Цэцэрлэгт явж байгаа нэг хүүхэд улсаас дунджаар жилдээ 1.2 саяас 1.4 сая төгрөгийн мөнгө авдаг. Цэцэрлэгт яваагүй хүүхэд яагаад энэ мөнгийг авахгүй, энэ санхүүжилтийг авахгүй хохироод байгаа юм бэ.

Арван хүүхдийг та гэртээ харвал жилдээ 12 сая төгрөг авна гэсэн үг.

Бүх хүүхдүүдэд эрх тэгш байх үүднээс гэртээ байгаа хүүхдүүдэд ч гэсэн ялгаагүй өгөөч ээ. Нэг хүүхдэд доод тал нь 1,2 сая төгрөгний санхүүжилт байна гэж үзвэл хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал арван хүүхдийг та гэртээ харвал жилдээ 12 сая төгрөг авна гэсэн үг.

-Эцэг эхчүүд зар өгөөд л хэн нэгэн оюутнаар хүүхдээ харуулах нь олонтаа. Үүнийг хуулинд хэрхэн тусгаж өгсөн бэ. Төр яг яаж оролцох юм бэ?

Хуучин багш хийж байсан хүн ч юм уу, аль туршлагатай нэгэн нь гурван гудамжин дахь 10 гаруй хүүхдийг хараад байж болно. Гэхдээ үүнээс өмнө хүүхэд харах үйлчилгээг явуулах хүсэлтэй хүмүүс өөрсдийгөө бэлдэж, Боловсролын яамны 45 хоногийн тусгай хөтөлбөртэй сургалтад хамрагдан сертификат авна. Үүний дараа хүүхэд харах орчноо бэлдэж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хүүхдээ харуулах хүсэлтэй иргэд сертификат авсан хүнтэй гэрээ хийж хамтарч ажиллана.

-Хүүхэд харах үйлчилгээний хууль эрх зүйн орчинг сайжруулсанаар ажлын байр ч бий болох юм байна. Гэхдээ тэд гэрийн нөхцөлд харах учраас хоол унднаас эхлээд анхаарах зүйл их байх хэрэгтэй.

Монгол оронд дор хаяж 2500 ажлын байр бий болно. Энэ ажлыг зохион байгуулсан, байгуулаагүй өнөөдөр таны хүүхдүүдийг хэн нэгэн харж л байгаа. Тэд ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй, хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж байна уу, үгүй юу, нойрсуулах эм өгөөд унтуулаад байгаа эсэхийг та мэдэхгүй л байгаа биз дээ. Энэ тэгээд ямар ч зохицуулалтгүй яваад байх нь зөв юм уу. Үүнийг л өнөөдөр хууль эрх зүйн орчныг л бүрдүүлье, сайжруулья гэж байгааг ойлгох хэрэгтэй.

-Үүнд хэн хяналт тавих вэ. Гэрийн нөхцөлд харахад ямар шаардлага тавигдах бол?

Эцэг эхчүүд. Тэд хамгийн сайн хяналт тавина. Дээрээс нь боловсролын улсын байцаагч гэж байдаг. Тэр хүн хянана. Гэхдээ эцэг эхүүд өөрсдөө хүүхдээ ямар ч байцаагчаас илүү их хайрлах нь мэдээж.

Үүнээс гадна гэрийн нөхцөлд харна гэхээр цэцэрлэгийн хэмжээнд сэтгэж хүндрүүлж авч үзэж болохгүй. Гэр нь галын аваар дохиог тооцоолсон, аюулгүй байдлыг хангасан, хоол ундны хөргөгч, бүрэн байх ёстой, агааржуулагч байх хэрэгтэй гэсэн ерөнхий шаардлагууд тавигдана.

 Тоглох талбай нь аль зэрэг юм гэдгийг харгалзана. Чи бод доо. Үүнд тавигдах стандартыг асар өндөр хийвэл хашаа байшиндаа, жорлонд уначих гээд гадаа нохойд уруулчих гээд гудамжинд тоглож байгаа хүүхдүүдийн асуудал шийдэгдэхгүй хэвээр л байх болно. Яагаад гэвэл манай улсад өнөөдрийн байдлаар 1000 цэцэрлэг хэрэгтэй. 1000 цэцэрлэг барих мөнгө байхгүй.

Барьж чадахгүй. Барья гэвэл дор хаяж арав, хорин жилийн ажил болно.

-Төрийн зүгээс цэцэрлэгт явж чадахгүй байгаа 80 мянган хүүхдэд жилдээ 1,2 сая төгрөгийг зарцуулах болж байна. Энэ халамжийг дахин өөгшүүлж байгаа хэрэг биш үү?

Хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд өгөх эсэхийг эцэг эхчүүд шийдэх болохоос төр шийдэхгүй. Харин төр цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд санхүүжилт олгоно.

Бидний энэ ярьж байгаа зүйл хамгийн төгс төгөлдөр санаа гэж би хэлэхгүй. Илүү дээр санааа байвал ярилцья. Би өөрөө цэцэрлэгт яваагүй хүүхэд. Гэртээ өссөн. Өнөөдрийн хүртэл би өөрийгөө цэцэрлэгт явсан хүүхдүүдээс ямар нэгэн байдлаар дутуу гэдгээ мэдэрдэг байсан. Багшийн ярьж байгаа зүйлийг эхний зургадугаар анги хүртлээ ойлгодоггүй байсан. Яаж сууж сурахыг мэддэггүй. Хүүхдийг багаас нь суулгаж сургах ёстой.

Миний давуу тал гэвэл бие дааж их үздэг байсан. Хүүхдээ бид хайрлах ёстой. Нэг цэцэрлэг барихад улсаас 800-аас тэрбум хүртэлх төгрөг

СХД-ийн 5 дугаар цэцэрлэг

шаардаж байна. Өөрөөр хэлбэл нэг сая доллар нэхэж байна шүү дээ. Энэ их  мөнгө. Манай орон дийлэхгүй. Энэ олон хүүхдүүдийг цэцэрлэгт оруулах тэнхээ байхгүй. Тэгэхээр прагматик аргаар хүүхэд харах үйлчилгээг зохицуулж өгөх нь зүйтэй юм. Өнөөдөр барууны орнууд цэцэрлэгээс татгалзаж эхэлж байна. Учир нь цэцэрлэгт бөөнөөр нь ханиад хүргэдэг, гахайн хавдар тусгаж байна ш дээ.

 Баруунд бол daycare /Хүүхэд саатуулах буюу өдөр өнжүүлэх/ гэж байгаа. Гэхдээ бид энэ хуулийг тэгэж нэрлэж болохгүй байсан. Арван жилийн хүүхдүүдийг өдөр өнжүүлэх гэж ярьдаг. Хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хамаатай. Үүнээс гадна энэхүү үйлчилгээг албан байгууллагуудад ч гэсэн байлгах боломжтой. Хоёроос гурван өрөө гаргаад тоглоомын талбай тохижуулаад нэг багш гаргаад өгөхөд ээж аав нарт их нэмэр болно. Байгууллагад ч гэсэн асар их хэрэгтэй. Ингэвэл нэг жилийн дотор зуун цэцэрлэгтэй болох боломжтой. Нийгэм даяараа хүүхдийн төлөө ажиллаж эхэлнэ.

 -Ярилцсанд баярлалаа.                                           

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.