"Хүүхэд харах үйлчилгээ"-нд хатуу горим мөрдөх шаардлагагүй
Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагаас сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, бага насны хүүхдэд даатгаж орхих явдал байсаар байгаа.
Үндэсний Статистикийн Хорооноос хийсэн "Хүүхэд хөгжил 2010" судалгааны үр дүнгээс үзэхэд тав хүртэлх насны хүүхдийг нэгээс дээш цагаар гэрт нь ганцааранг нь, эсвэл арав хүртэлх насны өөр хүүхдээр харуулж үлдээсэн хүүхдийн тоо нийт хүүхдийн найман хувийг эзэлж байна. Уг шалтгааны улмаас өвлийн улиралд харж хандах хүнгүй гэртээ үлдсэн хүүхдүүд гэртэйгээ шатсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа.
Иймээс бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг
Нийслэлийн 45 хороо огт цэцэрлэггүй
гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчлөлөөс сэргийлэх зорилгоор харах хүнгүй гэртээ үлдэж байгаа бага насны хүүхдийг харах уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Иймд Засгийн газраас ирэх жилүүдэд цэцэрлэгийн тоо, хүчин чадлын хэмжээг эрс нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн тогтолцоог улам бэхжүүлэхийн зэрэгцээ цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд хүрч үйлчилж чадах үйлчилгээний арга зам болох "Хүүхэд харах үйлчилгээ"-г нэвтрүүлэхийг судалж, иргэд олон нийтийн санал бодлыг авах зорилгоор өчигдөр БШУЯ-наас нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
"Хүүхэд харах үйлчилгээ" нь бага насны /2-5 / хүүхдийг асран хамгаалахад чиглэсэн, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан уян хатан үйлчилгээний хуваарьтай, орчин нь хүүхдийн эрүүл, аюулгүй өсч хөгжих наад захын нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой бөгөөд шаардлага, журмыг БШУЯ боловсруулж, Засгийн газар батлахаар хуулийн төсөлд тусгаад байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.
-Цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг байгаа нь ойлгомжтой. Харин "Хүүхэд харах үйлчилгээ" нэвтрүүлэхийг гал унтраах арга гэж ойлгож болох уу?
-Гал унтраах арга гэхээсээ илүү олон жилээр үргэлжлэх хэрэгсэл байх болов уу гэж би хувьдаа бодож байна. Сургуулийн өмнөх насны үндсэн үйлчилгээ бол өнөөг хүртэл явж ирсэн цэцэрлэг. Тиймээс бид цэцэрлэгийхээ тоог нь нэмэгдүүлээд, хүртээмжийг нь сайжруулаад явах нь ойлгомжтой. Гэвч энэ асуудалд тодорхой цаг хугацаа хүүхдүүд бүрэн хамрагдтал дөрөв, таван жилээр тогтохооргүй цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Тийм учраас бид гал унтраана гэж томъёолохоос илүү яаралтай хэрэгжүүлж, яаралтай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах алхам гэж ойлгож болно.
-Хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх хувь хүнд ямар шалгуур тавих вэ?
-Бид үүнийг хууль батлах явцдаа тодорхой болгоно. Ийм үйлчилгээ эрхлэх хүмүүс зөвшөөрөл авч сургалтад хамрагдана, Түүнээс ор тас хүүхэд хүмүүжүүлэх боломжгүй хүмүүст мэдээж зөвшөөрөл олгохгүй. Хяналт эцэг эх дээр байх болов уу гэж найдаж байгаа. Энэ үйлчилгээг эрхлэх төвүүд маш олноор байгуулагдана. Тийм учраас түүнд хамруулж байгаа эцэг эхчүүд, хоол унд, унтуулах тоглох, асрах, хүмүүжүүлэх хөгжүүлэх тал дээр бид өөрийн гэсэн шаардлагаа тавьж өөрийн гэсэн сургалтаа хийнэ. Тэгээд энд хийгдсэн сургалт програмууд бодлогын дагуу хэрэгжиж байна уу гэдэг нь эцэг эхийн гарт очно гэж ойлгож байгаа.
-Энэ үйлчилгээг эрхлэхэд боловсролтой хүмүүс хэр хамрагдах вэ?
-Хамгийн ойрхон мэргэжил боловсрол юм. Өнөөдөр Улаанбаатар хотод тэтгэвэртээ гарсан ажил хийх боломжтой 5000 орчим багш нар бэлэн байгаа. Бас сургуулийг нь төгссөн хэрнээ багшилж чадахгүй байгаа олон залуучууд байна. Баян-Өлгий аймагт гэхэд Багшийн сургууль төгсөөд ажилд орж чадахгүй 500 хүн байна. Тэгэхээр бидэнд энэ чиглэлээр боловсрол авсан хүн хангалттай байгаа. Дээд боловсрол мэргэжлийн сургууль төгссөн хүмүүст бид багшлах хөгжлийн програм, яаж хүүхдийг хөгжүүлдэг вэ, гэдэг арга технологийг хүргэхэд богино хугацааны сургалт хангалттай хийж чадна гэж бодож байгаа.
-Энд багшлах багш нарын цалин энгийн цэцэрлэгтэй адил байх уу, эсвэл?
-Цалин дээр нь урсгал зардлыг төрөөс олгохоор хэлэлцүүлэгт санал оруулж байгаа. Тэгээд Их хурал дээр энэ түвшинд өргөн баригдах юм. Одоо цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд төрөөс зардлаа аваад явж байгаа. Харин хамрагдахгүй байгаа нь ямар ч зардал авахгүй байгаа. Эцэг эхийн аль нэг нь ажил хийж чадахгүй байгаа.
Багшийн сургууль төгсөөд ажилд орж чадахгүй 500 хүн байна.
Эдгээр хүүхдэд хоолны мөнгө, багшийн цалин хувьсах зардлууд ирэхгүй байх жишээтэй. Тиймээс бид сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүйгээр бүх хүүхдэд өгөх ёстой. Гэтэл тодорхой хэсгийг нь цэцэрлэгт хамруулаад тэндээ мөнгөө зараад байдаг. Тодорхой хэсэг нь огт гадна үлдээд дээр нь ажил хийх боломжгүй байгаа гэсэн онцгой нөхцөл байгаа юм. Тийм учраас бид энэ үйлчилгээ нэвтэрснээр тухайн хүүхдэд очих ёстой хоолны мөнгө, очих ёстой зардал бүх хүүхдэд хүртэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа.
-Танай яамны боловсруулсан энэхүү журам хэзээ мөрдөгдөж эхлэх вэ. Бас хууль хэзээ батлагдах вэ?
-Хууль хэзээ батлагдахыг бид хэлж мэдэхгүй. Их хуралд хууль өргөн баригдана, дараа нь хэлэлцүүлэгт орно. Энэ тал дээр Их хурал өөрөө бодлогоо гаргана. Өөрөөр хэлбэл УИХ-ын хэлэлцүүлэгт зориулж энэ хэлэлцүүлгийг хийж байна гэж ойлгож болно. Монголд залуу гэр бүл их байна. Хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ирэх жил гэхэд алтан гахай жилийн арван мянган хүүхэд сургуульд орох гээд хүлээж байна шүү дээ. Тийм учраас олон орны онцлогт тохирсон үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байна. Залуучуудыг ажил хийх боломжийг нь олгосон төрийн бодлого хэрэгтэй гэдэг бодлогоо гаргахын тулд хэлэлцүүлэг хийж байна.
-Гэр хорооллын "Хүүхэд харах үйлчилгээ" ямар стандарттай байх юм бие засах газраас эхлээд ариун цэврийн асуудал нэн түрүүнд яригдах ёстой шүү дээ?
-Ариун цэврийн шаардлага хангасан байх нь зүйн хэрэг. Гэхдээ бид тэгтлээ айхтар хатуу горим мөрдүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хэрэв айхтар горим мөрдүүлээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаад эхлэх юм бол энэ ажил явахгүй. Тийм учраас эцэг эхчүүд хоорондоо ойлголцоод, хүүхэд харах хүнтэйгээ тохиролцож харилцан ойлголцлолын зарчим дээр хэрэгжих асуудал юм.
-Цэцэрлэгийн багш хүнээр цэцэрлэгийн бус орчинд яаж сургуулийн өмнөх боловсролыг олгож чадах юм бэ. Бас өнөөдөр цэцэрлэгт ханиад хүрдэг, багшдаа зодуулдаг гэсэн шүүмжлэл их байдаг. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Бид огт цэцэрлэгийн гадна хаягдсан байгаа хүүхдүүдийн тухай л ярьж байна. Ийм хүүхдүүд өнөөдөр гэртээ ямар боловсрол эзэмшиж, ямар хоол унд идэж ууж байгаа билээ. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд хүүхдээ
Манай улсад нийт 653 цэцэрлэг хэрэгтэй. Үүнийг барихад 556 тэрбум төгрөг хэрэгтэй
цэцэрлэгт оруулна гэдэг асар том бэрхшээл болчихсон. Тэгээд хандив өгсөн хүмүүс эхний ээлжинд бүртгүүлдэг. Тэгэхээр мөнгөтэй боломжтой нэг хэсэг нь хүүхдээ цэцэрлэгт явуулаад бүр боломжгүй хэсэг нь хүүхдээ гэртээ үлдээгээд байгаа юм биш үү гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар хүүхэд идэх хоолтой, тодорхой асран хамгаалагчтай болно гэсэн үг. Харин одоо тэдгээр хүүхдүүдийг гэртээ цоожилж зарим нь өлсч, зарим нь угаартаж байна шүү дээ. Асар том асуудалтай хэсгийг асуудлыг нь багасгаж үйлчилгээг нь ойртуулъя гэсэн бодлого явж байгаа юм.
-"Хүүхэд харах үйлчилгээ"-г явуулснаар ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?
-Энэхүү үйлчилгээний хууль эрх зүйн орчин бүрдсэнээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 30 орчим мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч тодорхой хөдөлмөр эрхэлж, өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл баталгаатай, орлоготой болно.