С.Ганбаатар: Гэртээ цоожлогдож байгаа 70 мянган хүүхдийг гэр цэцэрлэгт хамруулна
Төрийн ордны «Б» танхимд өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар «100 хувь цэцэрлэгт» сэдэвт уулзалт ярилцлага болсон юм.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа С.Ганбаатар гишүүнтэй уулзалтын завсарлагаанаар ярилцсанаа хүргэж байна.
-Энэ уулзалтын эхэнд та «Монголын ирээдүй гэртээ түгжигдэж, харанхуйн дунд амь нас, эрх чөлөө нь боомилогдон, ямар ч баталгаагүй орчинд өсч байна» гэсэн. Өнөөдөр хэдэн мянган хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломжгүй, гэртээ цоожлогдож байгаа бол. Нарийн тоо байдаг л байх даа?
-Байлгүй яах вэ. 2012 оны жилийн эцсийн байдлаар 72 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй, харж хандах хүнгүй гэртээ түгжигдэх, аль эсвэл хашаандаа, гудамжинд өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байна.
Энэ нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 35 хувь нь заяа төөргөөрөө хорвоогийн хар, бор өдрийг өнгөрүүлж, ёстой л сайн дураараа өсч өндийж байна гэсэн үг л дээ. XXI зуунд монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань ингэж амьдарч таарахгүй.
-Ер нь Монгол Улс, Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж, хангамж ямархуу тоон үзүүлэлттэй байдаг юм бол?
-Улсын хэмжээнд ажиллаж буй цэцэрлэгийн нийт хүчин чадал нь 100.3 мянга байгаагаас ашиглалт нь 133.2 хувь, Улаанбаатарын цэцэрлэгүүдийн хүчин чадал 31.4 мянга байгаагаас ашиглалт нь 136.3 хувь буюу хүчин чадлаасаа дөрөв дахин илүү хүүхдийг хамруулан зүтгээд байгаа хэрнээ цаана нь өчнөөн мянган хүүхэд харж хандах хүнгүй гудамжинд гарахад бэлэн өсч байна.
Энэ бол үндэсний хэмжээний эмгэнэлт явдал мөн. Монголчууд «Хүн болох багаасаа» гэж зүгээр ч нэг хэлцсээр ирсэн юм биш. Гэр бүлийн хүрээнд, ахмад настнуудынхаа сургааль үгээр хэдэн үеэрээ хүмүүжээд ирсэн монголчууд нийгмийн хөгжлөө дагаад хамт олны дунд хүмүүжин төлөвших учиртай цоо шинэ цаг үед бид амьдарч байна.
Гэтэл хүүхэд нэг бүрийг хамруулж, хамт олонсог, нийтэч үзэл төлөвшүүлэх үүрэгтэй цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж өнөөдөр туйлын хангалтгүй байгааг та бид харсаар, мэдсээр байж дүлий дүмбэ оргиод суугаад байж хэрхэвч болохгүй.
-Хүүхэд нэг бүрийг хамруулахаар яригдаж байгаа гэр цэцэрлэгүүдийн стандартад ямар шаардлага тавих вэ. Цэцэрлэгийн насны хүүхэд сурч боловсрох аюулгүй орчинг бүрдүүлэхэд хяналт, шалгалтын ямар тогтолцоо хэрэгжүүлбэл амьдралд илүү ойр, үр дүнтэй байх бол?
-2013 оны нэгдүгээр сарын 18-нд миний бие УИХ-ын найман гишүүнтэй хамтран «Хүүхэд харах үйлчилгээний тухай» хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Уг нь энэ хууль «Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль» гэсэн нэртэй юм шүү дээ. Гэхдээ олон нийтийн дунд түгсэн байдлаараа «Хүүхэд харах үйлчилгээний тухай» гээд нэрлээд заншчихлаа л даа.
Өнгөрсөн онд л гэхэд хараа хяналтгүй, гэртээ үлдсэн 35 хүүхэд зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан.
Бидний боловсруулсан хуулийн амин сүнс нь өнөөдөр Монголын төр үүрч чадахгүй байгаа ачааг жирийн хүмүүс, иргэдийнхээ туслалцаа дэмжлэгтэйгээр зохицуулаад явахад л оршиж байгаа юм. Цэцэрлэг байгуулаад 5-10 хүүхэд сургаж, хүмүүжүүлээд явах бололцоотой, мэдлэг туршлагатай хүмүүст хувьсах зардлыг нь өгье.
Хамгийн гол нь манай аав, ээжүүд энэ асуудалд маш их хариуцлагатай, ихээхэн эрх мэдэлтэйгээр оролцох ёстой юм. Аав, ээжүүд улсаас хувьсах зардал аваад үр хүүхдийг нь сургаж хүмүүжүүлэх үүрэг хүлээж байгаа гэр цэцэрлэгийн багш нартай тун нухацтай гэрээ байгуулж, хамтран ажиллах учиртай юм.
Нэг талаас аав ээжүүдтэй гэрээ байгуулж, улсаас хувьсах зардал авах эрх нь нээгдсэн гэр цэцэрлэгийн багш нар, нөгөө талаас манай эцэг эхчүүдийн хариуцлагын тогтолцоо цоо шинээр бүрэлдэн тогтоход бидний боловсруулсан хуулийн төслийн зорилго оршиж байгаа юм.
Одоо бол эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт аваачиж өгөөд хаалгыг нь гаднаас нь хаасан л бол бусдыг нь төр үүрдэг тогтолцоо яваад байгаа. Үүргээ гүйцэтгэсэн энэ тогтолцоо өнөөдөр яах аргагүй хүчин мөхөсдөөд дороо дэвхцээд байна. Үүнийг даруйхан цэгцэлж асуудлыг шийдэх л ёстой.
-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсч хүмүүжих эрх ихээхэн зөрчигдөж байгаа нь тодорхой. Энэ талын тоо баримт, судалгаа хийж үзэв үү?
-Үзэлгүй яах вэ. Үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, туйлын харамсалтай үзүүлэлт гарсан. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүйгээсээ болоод ганцхан сард 16-18 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж байгаа тоо баримт байна.
Хүн нэг бүр, нийгэм даяараа монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадвал энэ салбарт хөгжил, дэвшил, хувьсгал гарна.
Жорлонд унах, гал түймэрт өртөх, усанд эндэх, тогонд цохиулах, машинд дайруулах гээд гэнэтийн осолд өртөж амь насаараа хохирох нь өнөөдрийн эмгэнэл болчихлоо шүү дээ.
Өнгөрсөн 2012 онд л гэхэд хараа хяналтгүй, гэртээ үлдсэн 35 хүүхэд зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан байх жишээтэй. Энэ бол туйлын хариуцлагагүй тогтолцоо гэж хэлэхээс өөр арга байхгүй.
Нэгэнт Монголын төр үүрч чадахгүй байгаа цэцэрлэгийн өнөөдрийн тогтолцоог өөрчилж гэрээрээ хүүхэд асарч, хүмүүжүүлээд байх бололцоотой, зохих шаардлага хангасан гэр цэцэрлэгийн багш нарт хувьсах зардлыг олгосноор Монгол Улсын төсвөөс нэг их наяд төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа.
-Нэг их наяд гэдэг ч их мөнгө сонсогдож байна шүү. Энэ мөнгөөр цэцэрлэг шинээр баривал хэдийг барьж болох бол?
-Эхний ээлжинд 650 цэцэрлэг барих мөнгийг хэмнээд хамгийн гол нь Монгол Улсын цэцэрлэгийн насны бүх хүүхэд 100 хувь гэр цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Энэ хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролын системд жинхэнэ дэвшил гарна гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна.
Хамгийн гол нь манай аав, ээжүүд, гэр цэцэрлэг эрхлэгч иргэд маш их хариуцлага, сахилгатай энэ ажилд хамрагдах ёстой юм. Хүн нэг бүр, нийгэм даяараа монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадвал энэ салбарт жинхэнэ хөгжил, дэвшил, хувьсгал гарна гэдгийг хаа хаана аа хатуу анхаарч, ойлгох хэрэгтэй.
-Манай эцэг эхчүүд энэ ажилд ямархуу бэлтгэлтэй байгаа бол. Ер нь гэр цэцэрлэгт 100 хувь хамрагдаж, үр хүүхдээ өгөх сэтгэл зүйн бэлтгэл төлөвших болов уу. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Энэ том ажлыг зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, аман баримжаагаар эхлэх боломжгүй. Бид бүх талын судалгаа хийсэн. Манай эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь зөвхөн энэ хууль хэрэгжиж эхлэх өдрийг хүлээж байгаа статистик үзүүлэлт байж л байна. Цөөн тооны хүмүүс энэ ажилд итгэхгүй, хүүхдээ өгөхгүй гэсэн бодолтой байхыг ч үгүйсгэхгүй.
Тийм бодолтой хүмүүс гэр цэцэрлэг рүү анхаарлаа хандуулахгүй байх эрх нь нээлттэй байгаа. Хамгийн гол нь хэнийг ч албадахгүй. Өнөөдөр хувийн цэцэрлэгт дунджаар 350 мянга, цааш нь 500 мянган төгрөг төлөөд баталгаатай газарт хүүхдийнхээ ирээдүй, хүмүүжлийг даатгах хүсэлтэй иргэд цөөнгүй байгаа.
Тэдний сонголтыг хэн ч боомилж, тулган хүлээлгэж чадахгүй. Хамгийн гол нь гэр цэцэрлэг бол сайн дурын, нийгмийн олонх руу чиглэсэн ажил гэдгийг ихэнх эцэг эхчүүд ойлгож байгаа нь сайшаалтай.
-Нэг хүүхдэд ногдох зай талбай, унтлагын өрөө тасалгаа, боловсон нойл гээд нарийн тодорхой тогтоох ёстой стандарт гэж бий. Эдгээр асуудлыг хэрхэн яаж нэг мөр зохицуулах вэ?
-Одоо мөрдөгдөж байгаа хуулиар нэг хүүхдэд таван метр квадрат талбай ногдох ёстой. Бидний санаачилсан хуульд энэ талбайг 2.5 метр квадрат байж болно гэсэн байгаа. Энэ хууль амжилттай хэрэгжих гол үндэслэл нь амьдралд ойр, бодитой тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн байх нь л хамгийн чухал юм.
Гэр цэцэрлэгийн бүх хувьсах зардлыг нь улсаас өгөх учир аав ээжүүдээс ямар ч зардал гарахгүй.
Ямар ч боломжгүй, хатуу стандарт тогтоочихвол гэр цэцэрлэг хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа Улаанбаатарын гэр хорооллууд, алслагдсан аймаг, суманд амьдарч байгаа Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд л урьдын адил хохироод үлдэх болно.
Нэг ёсондоо тэднийг «Та нар боловсон нойлын асуудлыг шийдтэл гэртээ түгжүүлээд байж бай» гэсэн л үг юм. Амьдралын ямар ч баталгаагүй орчинд өсч өндийх гээд зүтгэж яваа хүүхдүүдээ амьдралд ойр, хэрэгжих боломжтой стандарт бүхий гэр цэцэрлэгт 100 хувь хамруулах нь л бидний санаачилсан хуулийн гол зорилго юм шүү дээ.
Бид УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, БСШУ- ны яамтай бүтэн жил хагас хамтран ажиллаж, бүх судалгаа тооцоог хийсний үндсэн дээр энэ хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Бидний санаачилсан хууль амьдралд ойр, хэрэгжих бүрэн боломжтой гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа.
-Гэр цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд аав, ээжүүд ямар зардал гаргах вэ?
-Гэр цэцэрлэгийн багш нарт хоол, багшлах хөлс зэрэг бүх хувьсах зардлыг нь улсаас өгөх болохоор аав ээжүүдээс ямар ч зардал гарахгүй нь бидний санаачилсан хуулийн гол онцлог, давуу тал юм.
-Ингэхэд таны хүүхдүүд ямар цэцэрлэгт хүмүүждэг вэ?
-Манай хүүхдүүд 84 дүгээр улсын цэцэрлэгт явдаг.