УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2013.05.16

Ц.Даваасүрэн: Энэ заалт далд эдийн засгийг хөгжүүлнэ

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуун, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийг эдийн засаг талаас нь анхаарах хэрэгтэй. Хэрэв 20 сая гэсэн заалт байвал ийм хууль гаргаж болохгүй. 20 сая гээд хязгаарлачихаар юу болох вэ. 20 сая гэдэг бол манай ченжүүдийн гар дээрээ эргэлдүүлж байдаг мөнгө.

Заалт төдий боловч эдийн засагт шууд нөлөөлөх заалт байгаа. Банкаар мөнгө гүйдэг нь багасаад далд хэлбэрийн мөнгөн гуйвуулгууд ихэсч эхэлнэ.  Энэ заалт далд эдийн засгийг хөгжүүлэх хэлбэр лүү оруулна. Нөгөө талаас монгол руу орох валютын асуудал төвөгтэй болно.

Манайд чадалтай, эрх мэдэлтэй, танилтай нь нэгнээ дээрэлхдэг.

Экспортын орлого олж байгаа хүмүүс ч ихэнх мөнгөө гадагшаа байршуулах тийшээ явна. Өнөөдөр манайд чадалтай, эрх мэдэлтэй, танилтай нь нэгнээ дээрэлхдэг. Улстөржвөл хэрэгт ордог. Улстөржихгүй бол хэрэгт ордоггүй. Ийм л нийгэм байгаа.

20 сая бол хяналт тавиад байх мөнгө биш. Тэгэхээр үүнийг засах хэрэгтэй. Болохгүй байгаа зүйлээ засч амьдралд нийцүүлдэг байх хэрэгтэй. Амьдралгүй юм оруулж ирээд хүчээр тулгаад байж болохгүй гэв.