“Ардын нам ард түмэнтэйгээ” уриан дор Ардын намын Удирдах ажилтны зөвлөлгөөн энэ сарын 19-21-ний өдрүүдэд боллоо.
2013.04.22

Ө.Энхтүвшин: МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах эрхгүй

“Ардын нам ард түмэнтэйгээ” уриан дор Ардын намын Удирдах ажилтны зөвлөлгөөн энэ сарын 19-21-ний өдрүүдэд боллоо.

Ардын намын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ дахь Ардын намын бүлгийн 20 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, дэд дарга гэх мэтчилэн маш өргөн бүрэлдэхүүнтэй хурал болсон юм. Анх удаа Дархан-Уул аймагт энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд УИХ дахь бүлгийн 20 гишүүн нэг дор ирж буй нь анхаарал татаж байлаа.

Энэхүү гурван өдөр үргэлжилсэн зөвлөлгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийнхээ намын хорооныхонд сонгуульд хэрхэн бэлтгэх талаархи сургалтыг явуулав. Мөн Дархан-Уул аймгийн Ардын намын хорооны байр болох Ардын танхимын нээлтийг хийсэн юм. Уг танхимын нээлтийн анхны хэвлэлийн хурлыг Ардын намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар хийв. Энэ үеэр нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Ардын нам ард түмэнтэйгээ” зөвлөлгөөний үеэр Ардын намын танхимыг нээж байгаа нь онцлог гэдгээ дуулгалаа.

“Ардын нам ард түмэнтэйгээ” улсын зөвлөлгөөнийг нээж Дархан-Уул аймгийн Ардын намын хорооны дарга С.Насанбат үг хэллээ. Тэрбээр “Ардын нам өнөөдөр хүнд байдалд байгаа нь үнэн. Гэсэн ч энэ үед намаа шинэчлэх ёстой юм. Энэ утгаараа намын шинэчлэлийн асуудлыг намын дарга өөрийн илтгэлдээ бичсэн байсныг санаж байгаа байх.

Шинэчлэлийг хийхийн хамгийн чухал нь бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой” гэв. Харин Ардын намын дарга Ө.Энхтүвшин “Сонгинохайрхан дүүргийн сонгуульд манай нам ялалт байгууллаа. Үүнийг би үнэн, эв нэгдэл яллаа гэж харж байна. Ардын нам тун амаргүй үедээ байна.

Ийм улс төрийн нөхцөл байдал 1996 онд тохиолдож байсан. Гэхдээ тэр үеийг бодвол энэ удаа бүр ч хүнд байгаа юм.

Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага, прокурор, шүүх гээд томоохон агентлаг байгууллага бүгдийг Ардчилсан намаас томилсон хүмүүс удирдаж байна.

Ардчилсан нам 1996 онд төр барихад амаргүй байсан ч өнөөдрийнх шиг байгаагүй юм шүү. Өнөөдөр бидэнд байгаа зүйл бол УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд л бий. Энэ утгаараа бид энэ цаг үед намаа хэрхэн шинэчлэх талаар ярилцаж байна. Сайн ярилцах ёстой гэж бодож байна. Манай намын зарим гишүүнээс ахмад үе зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэх үгс хааяа цухалздаг. Ийм байж болохгүй. Ардын нам бол гурван үеийн хэлхээтэй. Тиймээс ахмадуудынхаа үгийг залуус нь сонсож, ажил хэрэг болгох учиртай” гэлээ.

Түүнчлэн Ардын намын даргын хэлсэн анхаарал татсан үг бол “Ардын нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах ёсгүй” юм. Мөн тэрбээр намын Бага хурлаас өмнө өөрсдийгөө нэр дэвшүүлэх бодолтой байгаа хүмүүсийг өөр хоорондоо өрсөлдөж байг хэмээсэн юм. Нэр дэвших бодолтой гишүүд ард түмэнд өөрийгөө таниулж, өрсөлдсөний дараа намын Бага хурлаараа Ерөнхийлөгчид чухам хэн нэр дэвших ёстойг шийдэх аж.

Ардын намын удирдлагууд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын нам ялагдах эрхгүй болохыг намын хорооны дарга нартаа санууллаа. Тус намыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнгүй хэмээх шүүмжлэл гарсаар байгаа. Үүнд Ө.Энхтүвшин дарга “Манай намд нэр дэвшүүлчих олон хүн бий. Ардчилсан нам шиг ганцхан Ц.Элбэгдорж гэсэн юм байхгүй. Мөн хяналттай, нээлттэй төр алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн бүгд Ардчилсан намынх байна. Тиймээс төрд хяналт бий болгож Ардын намын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой” хэмээв.

Үүнээс гадна “Орон нутгийн онцлогт тохируулан сонгуулийн бэлтгэлийг хангах нь”, “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим ойлгомжгүй болон зөрчигдөж болох заалтууд, анхаарах асуудал”, “Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах стратеги, тактик” зэрэг сэдвээр Ардын намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Л.Амарсанаа нар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, дэд дарга нарт илтгэл тавив.

Харин зөвлөлгөөний үеэр УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд иргэдийн үгийг сонслоо.

Харин зөвлөлгөөний үеэр УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд иргэдийн үгийг сонслоо. Иргэдийн зүгээс ахмадаа анхаарахгүй байна, цалин тэтгэврийг нэмэхгүй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй байна гэх шүүмжлэл их ирэв. Түүнчлэн одоогийн төрд итгэх итгэл нь суларснаа нуусангүй. Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн иргэн н.Пүрэвсүрэн “Ардчилсан намд итгэхгүй байна. Ерөнхий сайд хууль зөрчсөн гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. Ийм байхад яаж итгэх юм бэ. Тамирчдад мөнгө өглөө л гэх юм. Яагаад эхчүүдээ дэмжихгүй байна вэ” хэмээн хатуухан асуув.

Ямартай ч асуулт асуусан иргэдийн хувьд нэлээд бухимдсан, иргэдээ анхаарахгүй байна гэдгийг Ардын намын гишүүдэд тавилаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Ардчилсан намынхан асуудлыг хүчээр шийдэх гээд байдаг. УИХ-ын байнгын хороодод Ардын намын нэг гишүүн л бий. Гэтэл Ардчилсан намын нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Сөрөг хүчнийхээ үгийг сонсохгүй байна” гэлээ. Харин Д.Оюунхорол гишүүн “Нэг кг махны үнэ 10 мянган төгрөгөөс дээш гарчихлаа. Өмнө нь ийм байгаагүй. Монголын төр иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллах ёстой гэдгээ ярих цаг нь ирж. Хэрэв төр засаг дүлий байвал бид байнга хэлэх болно” хэмээв. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлтэй байгаа гэдгээ хэллээ.

“Ардын нам ард түмэнтэйгээ” зөвлөлгөөний хаалт болох “Эв санааны тунхаг бичиг” хаалтын үеэр Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээр хэлэлцүүлсэн талаарх мэдээллийг аймаг, нийслэлийн намын хорооны удирдлагууд танилцууллаа.

“Ардын нам ард түмэнтэйгээ” зөвлөлгөөний гол онцлог нь “Эв санааны тунхаг бичиг” гаргасанд оршиж байна. Ардын намынхан цаашид хийх ажлынхаа хүрээнд “Эв санааны” хэмээх 10 зүйл бүхий тунхаг бичгийг ийнхүү гаргасан юм. Тунхаг бичгийн нэгдүгээрт, Монгол Улсын язгуур эрх ашигт ямагт үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулахад чиглэгдсэн үйлдэл бүхэнтэй эвлэршгүй тэмцэнэ гэжээ.

Үндсэн хууль боло бусад хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж буй үйлдэл бүхэнтэй зогсолтгүй тэмцэнэ. Түүнчлэн ард түмний дуу хоолой болсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг боомилон хаасан төрийн алдаатай бодлогыг эсэргүүцэж шүүмжлэн тэмцэнэ.

Өвөг дээдсийнхээ нэр хүндийг худалдан байж борлуулсан “Чингис” бондын үр ашиггүй зарцуулалт, өрийн дарамт, эдийн засгийн аюулгүй байдал алдагдахаас сэргийлэн хатуу хяналт тавьж сануулан тэмцэнэ гэж 10 зүйл бүхий тэмцэх арга буюу “Эв санааны” тунхаг бичгийг гаргав. Тэд “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэх уриан дор энэхүү бичгийг гарган ажилдаа орсноо дуулгалаа.