МАНАН-г Хүсэмжлэгч зүүд мөрөөдөл МАН-ын дотор тэнүүлчилж явна
УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин
2013.06.13

МАНАН-г Хүсэмжлэгч зүүд мөрөөдөл МАН-ын дотор тэнүүлчилж явна

Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгох сонгууль хаяанд ирлээ. Нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзаж эх орноо тойрон аялж явна.

Өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй. Бие биесээ улайм цайм дайрч давшилж, нохой гахайдаа хараахан хүрээгүй байгаа ч эхний шинж тэмдгүүд илэрч байна. Тэрний цаана тийм олигархиуд, энэний цаана ийм өөдгүй амьтад нуугдаж байгаа хэмээн түрүүчээсээ дуугаран яллаж эхэллээ.

АН-аас хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн хувьд үнэндээ илүү сурталчилгаа бараг хэрэггүй. Ард түмэнд танигдсан Ерөнхийлөгч. Хүмүүс өөр өөрийнхөөрөө түүний үйл ажиллагааг үнэлж дүгнэж байгаа.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин

Сайныг нь ч мэднэ, мууг нь ч андахгүй. Бид хоёр нэг нутгийн улс. Нэг уулын наад цаад хоёр талынх. Мэргэжил нэгтэй. Адилхан сэтгүүлчид. Аль ч утгаараа уг нь би түүнийг дэмжих ёстой этгээдийн нэг. Гэвч түүнд “но” бий. Дөрвөн жилийн турш нийт ард түмний биш нэг намын Ерөнхийлөгч байж ирэв.

Уг нь монголын ард түмэн түүнийг нийт ард түмний Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Авилга, хээл хахуультай тэмцэж байгаа агуулга нь зөв зүйтэй боловч хэлбэр нь, хэрэгжүүлж байгаа арга нь үнэхээр буруу байгаа юм. Хүн амын хоёрхон хувийг эзэлж байгаа баячуулын армийг хэн манлайлж байгааг ард түмэн бүгдээрээ мэднэ.

Хэн нь төрөөс төрсөн тэрбумтан болохыг, хэзээ яаж ард түмний хөрөнгийг идэж луйвардсаныг нэрээр нь хэлнэ. Ардчилсан намд ч, Ардын намд ч бий. Аль алинд нь адилхан төрийн төмөр нударга үзүүлж, шударга ёсыг бадраасан бол бүх ард түмэн  Цахиагийн Элбэгдоржийг тойрон хүрээлэх байлаа. Тэгж чадсангүй.

Намбарын Энхбаярыг барьж шоронд хорьсон нь байгаа огтхон ч оносонгүй. Өрсөлдөгчөө л замаасаа зайлуулсан болж  харагдаж байна. Өөдөө хаясан энэ чулуу өөрийнх нь толгой дээр эргэж унах цаг ирэхийг хэн  үгүйсгэх билээ. Бүх юм цаг хугацааны шалгууртай. Уг нь цөөхөн монголчууд төрийн жолоо атгалцаж явсан эрхмүүдээрээ нэг их оролдмооргүй байгаа юм.

Хүн алж хүрээ талчихааргүй л бол шүү. Эв нэгдлийг алдагдуулж, их гүрнүүдийн идэш болохоос цаашгүй муу үр дагавартайг мартаж боломгүй.

Манай Элбэгдорж бол чөлөөт хэвлэлийн төлөө цогтой тэмцэгч. Анх нийгмийн улстөрийн тавцнаа ерээд онд цоройлон гарч ирэхдээ энэ үгийг хэлж хэлд, бас хөлд орсон хүн. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлагч, зохиогчийнх нь нэг. Монголын хэвлэлийн түүхэнд үлдэх тод мөртэй.

2009 онд Ерөнхийлөгч болмогц Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа улам сайжруулан баяжуулж шинэчилж найруулна гэж мэдэгдэн үзэг нэгт сэтгүүлчдээ үнэхээр баярлуулсан. Хэлсэндээ хүрч аятайхан хуулийн төсөл санаачлаад бүтэн гурван жил иргэдийн саналыг авав. Бид ч урам зоригтой оролцсон. Удалгүй УИХ-д өргөн барьсан боловч яг батлагдахын даваан дээр өөрөө эргүүлэн татаж аваад биднийгээ алмайруулж орхисон юм.

Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойд оролцож үг хэлэхдээ муу хуультай байсанд орвол байгаагүй нь дээр юм байна гэдгийг ойлголоо гэж байна лээ. Уг нь муу хууль биш л дээ. Сайн хууль. Тэр муу хууль санаачлах ч хүн биш. Зүгээр л манийгаа “хошгируулж” байгаа нь тэр. Хошгируулахдаа манай Элбэгдорж гарамгай.

Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг хүмүүс сонирхон харж, юу ярьж хэлэхийг нь анхааралтай ажиглан шинжиж байна. Шинэ хүнийг ер нь ингэдэг шүү дээ. Цахиагийн Элбэгдоржтой харьцуулан жишиж байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ

Урьд нь монголын ард түмэн аварга бөх гэдгээр нь сайн мэддэг байсан бол өнөөдөр түүнийг улстөрч гэдэг өнцгөөс нь илүүтэй тольдон шинжиж байна. Миний нэр цэвэр, миний гар цэвэр, миний сэтгэл цэвэр гэсэн үг нь түм буман хүний чихэнд маш содон сонсогдсон.

Өнөөдөр ингэж хэлчих зоригтой аавын хүү манай улстөрчид дотор өдрийн од шиг цөөрснөөс тэр. Иргэд сонгогчид ийм хүнийг үгүйлэн хайж байж тун болзошгүй. Нийгмийн захиалга ч юм билүү, хэн мэдлээ.

Монгол бөх бол жудагтай эрсийн наадам байдаг гэж тэр нэгэнтээ хэлсэн удаатай. Улстөрд ч хүний жудаг яах аргагүй хэрэгтэй л дээ. Ялангуяа өнөөгийн цаг үед.  Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн эр хүний жудаг эх орны баялгийн ашиглалт, тэгш хуваарилалтын асуудал дээр илүү тод мэдрэгддэг.

УИХ-д гурван удаа сонгогдож ажиллахдаа тэр Тужийн нарсыг сэргээх үйлсийг манлайлж, Хэрлэн голын гольдролыг өөрчлөхгүй гэж чанга дуугаран тэмцэж байв. Оюутолгойн эрдэнэс баялгаас монголын ард түмэн ашиг хүртэх эрхтэй гэж анхалж дуугарсан, түүнийхээ төлөө туйлбартай тэмцэж байгаа цөөхөн нийгмийн зүтгэлтний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Монголд өнөөдөр ашигт малтмал, эрдэнэс баялгийн төлөөх тэмцэлдээн болж байна. Нам хөдөлгөөнөөрөө, бүлэглэл фракцаараа талцан хуваагдаж ганцхан удаа олдох алтан боломжийг алдалгүй гүйцэд ашиглан баяжиж хөлжихийн төлөө улайран зүтгэцгээж байна. Монголын нийгмийн хамаг муу муухай, тэмцэл зөрчил бүхэн үүнээс үүдэлтэй. Монголд баялгийн хараал нүүрлэж байна гэж ярьж, бичиж байгаа нь үнэн.

Ийм эгзэгтэй, ноцтой цаг үед нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн “Ямар нэгэн бүлэглэл, фракцын шошготой явсан ганц ч өдөр надад байхгүй, цаашид ч байхгүй” гэж мэдэгдсэн нь зөвхөн улстөр  судлаачдын төдийгүй нийт иргэд сонгогчдын анхаарлыг эрхгүй татсан дагаа.

Энэ бол хэр баргийн хүнд тэр бүр байдаггүй ховор нандин чанар юм. Хүнлэг чанарын нэг гарцаагүй баталгаа мөн. Тэгэхдээ үүнд бас сул тал бий. Нэгд, ийм хүмүүс улстөрд их цөөхөн байдаг, хүчгүйдэхийн нэг үндэс үндэс болдог. Хоёрт, бүлэглэл, фракцынханд ийм хүн таашаагддаггүй. Үзэн яддаг, дөлж зай барьдаг. Түрүүчээсээ ч энэ нь мэдрэгдэж эхэлж байна.

Сүүлийн үед МАН-ын дотор нэгэн жигтэй үзэгдэл газар авах хандлагатай болов. Уг нь тэдний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дээр доргүй бүгдээрээ идэвхийлэн оролцож өөрийн намаас нэр дэвшигчээ ялуулахаас өөр эрхэм чухал зорилт баймгүй санагдана.

Гэтэл бүр өөр зүйл ярьж намын дарга Ө.Энхтүвшингээрээ оролдож эхлэв. Түүн шиг муу дарга, лойдор удирдагч байхгүй гэнэ. Ерөнхий сайд, намы дарга Сү.Батболдтой өрсөлдөж саваагүй нохой саранд хуцахын үлгэрийг үзүүлсэн гэнэ.

У.Хүрэлсүх шиг эрэмгий зоримог байж чаддаггүй, Ц.Нямдорж шиг шүд зууж тооцоо бодож сураагүй, С.Баяр шиг улстөрийн ашиг хонжоо гаргах увидасгүй юм байх. Б.Бат-Эрдэнэ аваргад ялагдсан нь ч үүнийг давхар илтгэн харуулж байгаа аж.

Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дагалдан харайлгаж яваа нь  улстөрийн үхдэл шиг харагдуулж байна гэж шүүмжилжээ. МАН-ын дарга хэмээх дөнгө болсон албан тушаалаа сайн дураараа хүлээлгэж өгөөд УИХ-ын гишүүний үүргээ гүйцэтгээд хэн хүнд гэм зэмгүй явж байвал өөрт чинь өлзийтэй бусуу гэх зэргээр энд тэндгүй бичиж элдэв сайтуудаар ахин дахин цацаж байна.

Сургаал, сургамж хайрласан эдгээр нийтлэлийн ард Д.Энхтүвшин, Д.Түвшин, С.Халиун, Г.Нямаа ч гэнэ үү янз бүрийн л нэр харагдана билээ. МАХН, МАН-ын үүх түүхийг сүрхий мэддэг, бас ч гэж чамгүй боловсрол мэдлэгтэй, ном хаялцах чадалтай цээжинд нь бяр амтагдсан хүмүүс бололтой юм. Удахгүй тэдэн дотроос МАН-ын ирээдүйн удирдагч тодрох юм байна гэж ойлгогдов.

Тэр хүмүүсийн хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль төдийлөн ач холбогдолтой биш бололтой. Ялагдлаа урьдчилан тооцоолоод буруу бүхнийг өнөөгийн удирдлагадаа тохож ээлжит их хурлаараа яллаад өөрсдөө намын даргын суудалд залрахаа л бодож мөрөөдөж буй мэт.

Эдгээр нийтлэлийг уншаад сарын өмнө МАН-ын нарийн бичгийн даргын зиндааны нэг хүний хэлсэн үг эрхгүй эргэж санагдав. Бид   Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд ялбал 2016 он хүртэл монголын улстөрд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ.

Ялагдвал АН-тайгаа нийлж МАНАН-гийн засгийн газраа байгуулна гэж тун итгэлтэй хэлж байж билээ. Зайтай эрийн лайтай тооцоо. Тэгэхдээ нэг хүний бодол байгаагүй юм байна. Нилээд хэмжээгээр газар авчихсан, тодорхой хэмжээнд тохиролцчихсон нүүдэл, хувилбар бололтой.

Үүнд нь Ө.Энхтүвшин, магадгүй Б.Бат-Эрдэнэ ч саад тотгор болж болох юм. МАН-ын түүхэнд Намын бага хурлын түвшинд 2013 онд анх удаа шударга өрсөлдөөн болж хоёр хайнцаж, гурав дахиа өрсөлдөж байж  Б.Бат-Эрдэнэ ялж гарч ирсэн.

Ийм боломжийг МАН-ын дарга  Ө.Энхтүвшин өөрөө олгожээ. Урьд нь бол намын дарга ногоон гэрлээр дайрч гардаг бичигдээгүй хуультай байлаа. Үүнийг Ө.Энхтүвшин эвдсэн байна. Олон хүнд таалагдсангүй. Сул доройн шинж тэмдэг болж харагдаж байна. Нам дотор ардчиллын салхи сэвэлзэж гэрэл гэгээ нэвтрэхээс эмээж болгоомжилж буйн илэрхийлэл ч байж мэдэх юм.

МАН-ын Бага хурлын үеэр

Ө.Энхтүвшин эв нэгдлийн элч болсон Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг ард нийтийн санал асуулгаар тодоруулья гэж санаачилга гаргасан хүн. Нийт намын хамт олондоо хандаж нээлттэй захидал бичсэн. Тэр захидлын агуулга руу нь өнөөдөр довтолж түүнийг буруутгаж байна.

Ингэх үндэслэл бас байнаа. Ө.Энхтүвшин ил захидалдаа МАН-д үүссэн нөхцөл байдлыг их эртээс эхэлж ужигарсан, олон үе шаттай үйл явц гэж үзээд намын удирдлага 2000 оны сонгуулийн үнэмлэхүй ялалтдаа пологтон тайвширч олон түмнээс тасарсан, биеэ тоосон, лидрийг шүтэн  биширч гоёчлон магтах болсон зэргээс болж 2004 онд өмнө нь авч байсан 72 суудлаа 36 болгож хоёр дахин багасгасан.

Үүндээ үнэн бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадалгүйгээр эрх мэдлийг улстөрийн нөгөө хүчинтэйгээ хуваалцсан “62-ын бүдүүн бүлэг” төрүүлэн хамтарсан засгийн газрыг байгуулсан нь яах аргагүй алдаа байсан гэжээ.

“62-ын бүдүүн бүлэг” зүгээр ч нэг байгуулагдчихаагүй билээ. Үзэл бодлын ялгарал түүнийг буй болгоогүй. Ашиг сонирхлын нэгдэл дээр үндэслэгдсэн байж таарна. Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанаас хэнд юу унахыг сайтар тооцоолсон нь ойлгомжтой.

Зохиогчид, санаачлагчид нь өнөөдөр бүгдээрээ амьд сэрүүн байгаа. Олонхи нь төрийн жолоо атгалцсан хэвээрээ. Ийм байхад тэрийг нь тэмдэглэж сануулан шүүмжилдэг нь  Ө.Энхтүвшингийн “алдаа”.

2008 оны УИХ-ын сонгуульд нам парламентад 46 суудал авч олонхи болсон атлаа цөөнхөө урьж хамтарсан засгийн газрыг байгуулав. Ингэснээр 7 дугаар сарын 1-ний  үйл явдлын гол буруутан, сонгуулийн саналыг будилуулсан луйварчид мэт нүгэл бүхний эзнийг хэрэг дээрээ МАН өөртөө хаяглуулж улстөрийн том алдаа хийсэн юм. Энэ нь нийгэмд ойлгомжгүй байдал бий болгож, МАН-ын гишүүд дэмжигчдийн урмыг хугалав гэж  Ө.Энхтүвшин захидалдаа дурджээ.

Энэ гашуун үнэн зарим хүнд яагаад ч таашаагдахгүй. “Стандартын бус засгийн газар”-ыг санаачлан байгуулагч “загалмайлсан эцэг” нь өнөөдөр ч улстөрд төдийгүй нам дотроо нөлөөтэй хэвээрээ байгаа шүү дээ. Түүний үзэл санааг хуваалцагч, дэмжигчид цөөнгүй.

“Стандартын бус засгийн газар” чинь ерөөсөө монголын улстөр дахь “Шинэ стандарт мөн юм байна” гэж хэлээд багц багц оноо цуглуулж байсан даруухан залуу МАН-ын нэг удирдагч болоод явж буйг бүгд мэднэ.

АН дотор ч хамтарсан засгийн газрыг талархан дэмжигчид, түүний үр шимийг хүртэгчид цөөнгүй бий. Ашиг сонирхлоороо нэгдэн нийлж, хөл толгойгоороо хөнжил гудсандаа багталцсан нь үнэн юм чинь. Эдгэрч амжаагүй байгаа энэ шархыг нь сэдрээж өөр дээрээ гал дуудагч Ө.Энхтүвшин гэдэг ямар тэнэг  хүн бэ гэж хэлмээр байгаа юм.

Намын гишүүд дэмжигчид, олон түмний итгэлийг сулруулж, зарим талаар бухимдлыг төрүүлсэн хамгийн том алдааны нэг нь боловсон хүчний бодлогын гажуудал байлаа. 2005 онд намын бага хурлаар батлуулсан “Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх хариуцлага тооцох тухай” журмыг манай нам хэрэгжүүлээгүй юм.

Итгэл үнэмшлийг биш мөнгө төгрөгийг эрхэмлэсэн, дарга даамалд наалдагсдыг, намд хандив өргөгсдийг эрхлүүлж улстөрийн хат суугаагүй хүмүүсээр гол гол албан тушаалыг дүүргэсэн гэж Ө.Энхтүвшин хатуу үнэнийг ил болгон чанга хэлжээ.

Энэ үг хурган дарга нарын уур хилэн, дургүйцлийг ямар их бадраасан нь маш ойлгомжтой. МАН-д элссэнийхээ маргааш нь, дарга сайд болохыг шууд нэхэн шаарддаг  залуус хэдэн зуугаараа бий. Нилээдгүй нь хүслээ биелүүлцгээсэн байх шүү. Ингэж хэлснээр Ө.Энхтүвшин өөрийн эрхгүй тэдний өстөн дайсан нь болон хувирч байгаа юм.

МАН-ын  тэмцэх чадварыг үлэмж доройтуулсан том хүчин зүйл нь дотоод эв нэгдэл сүрхий суларсан явдал мөн. Ер нь намын дотоодод эв түнжингүй байдал лидрүүдийн хооронд анх үл ойлголцол нь гүнзгийрсээр зөрчил, тэмцэл, бүр цаашлаад хорсол, хонзогнол, хагаралд хүргэсэн түүх бий гэж Ө.Энхтүвшин захидалдаа шулуухан хэлжээ.

Загас толгойноосоо эхэлж өтөж өмхийрдгийн тодорхой жишээг МАН-ын үе үеийн удирдагчид үзүүлчих гээд байдаг нь гамшиг. Намын эв нэгдэл, хүчийг гишүүд дэмжигчид нь сулруулдаггүй. Харин өөдгүй удирдагчид нь хоорондоо хэмхэлдэж, эвдэж сүйрүүлдэг. Бодит жишээ нь өчигдрийн МАХН буюу өнөөгийн МАН мөн. Тэр үнэнийг тэмдэглэж хэлснээрээ Ө.Энхтүвшин нэг бус “лидер”-ийн дургүйг хүргэсэн нь лавтай.

2008 оны сонгуульд иргэн бүрт 1,5 сая төгрөг амалсан, намын уугуул нэрээ сэргээхдээ МАХН үлдэж хоцорч гишүүд дэмжигчдийн санал хоёр хуваагдах юм гэж санаагүй, Улаанбаатар хот болон Ховд, Дорнод зэрэг зарим аймагт хүнээ олж нэр дэвшүүлж чадаагүй, бухимдал дургүйцлийг төрүүлж байгаа.

Авилгал, хээл хахуультай олигтой тэмцэж, дорвитой ажил хийгээгүй зэрэг арван гол дутагдлыг Ө.Энхтүвшин гишүүд дэмжигчиддээ хандаж бичсэн захидалдаа илэн далангүй дэлгэн тавиад намын шинэчлэл нэрийн дор уламжилж ирсэн үзэл баримтлалаараа оролдох нь зохимжгүйг анхааруулж, МАН-ын баримталбал зохих 9 зарчмыг санал болгосон нь олон хүнийг баярлуулсан ч, цөөнгүй “удирдагчид”-ыг бухимдуулжээ.

Ийм “шинэчлэл” МАН-ын зарим хүнд таалагдсангүй. Ийм замаар МАН цаашид замнавал монголын улстөрд МАНАН ахин бүрэлдэх бололцоо хомсдоно гэж айж болгоомжилсон ч байж болох юм. Саяхан Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26 дугаар тойргийн нөхөн сонгуульд Д.Сумьяабазар ялсан нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажлыг намын дарга Ө.Энхтүвшин муугүй удирдан зохион байгуулж байгаа нь хэн нэгнийг цочирдуулж болгоомжлол төрүүлж байж  мэднэ.

Аль нэгэн улстөрийн намын дотоод амьдрал ардчиллын зарчимд үндэслэгдэж, дарга удирдагчаа шүүмжилж байх нь муу зүйл огт биш. Эрүүл байгаагийн шинж төрх.

Харин дөрвөн жилд ганцхан удаа тохиодог Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулж байгаад, нэр усаа нууж хааж байгаад намын дарга руугаа уулгалан довтолж байгаа нь төдийлөн ойлгомжгүй, харин ч сэжиг хардалт төрүүлж байна. Тэгээд ч МАН ардчиллаараа монголын нийгэмд хэзээ ч үлгэр дууриал үзүүлж яваагүйг бүгд мэдэх хойно доо.

Миний санахад Өлзийсайханы Энхтүвшинг гүйцэх намын ажлын туршлага дадлагатай, мэдлэг чадвартай, хамгийн гол нь шударга, бас нэр харьцангуй цэвэр удирдагч МАН-д нэг их олон байхгүй л болов уу.

Тийм байтал түүнээс салахын түүс болж уриалаад, ятгаад байгаа хүмүүсийг ойлгоход бэрх юм. Энд ажил хэрэгч зарчим, ариун шударга ёс гэхээсээ илүүтэйгээр ашиг сонирхлын нэгдэл, албан тушаалын мөрөөдөл үйлчилж байгаа бололтой.

МАНАН хэмээх засаглалыг ахин  байгуулж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хүсэмжлэгчид амь бөхтэй байсаар байгаа нь тун ойлгомжтой мэдрэгдэж байна. МАН дотор МАНАН-г хүсэмжлэгч зүүд мөрөөдөл хэсүүчлэн тэнүүчилж явна. Энэ зүүд мөрөөдөл биелэх эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн удахгүй харуулах болно.