Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж
2013.06.05

Отгонтэнгэр хайрхан хөшгөө татан угтав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 4-ний үдээс хойш Завхан аймгийн төв Улиастайд сурталчилгааны ажлаа хийхээр хүрэлцэн ирэв.

Түүнтэй хамт УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар ажилласан юм. Нэр дэвшигчийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд Улиастайн цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтлаа.

Улиастайн төв талбай дахь Монгол Улсын баатар, армийн генерал Б.Доржийн хөшөөнд цэцэг өргөж, аймгийн захиргааныхантай уулзаж орон нутгийн цаг үеийн байдалтай танилцаад Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт Завхан аймгийн сум бүрээс ирсэн иргэд, сонгогчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ц.Элбэгдоржийг Завхан нутагт ирэх тоолонд Богд их Очирваань хайрхан таалан соёрхож угтдагийг нутгийн зон олон бэлгэшээн ярьцгааж байлаа.

Нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 88 настай настан буурал ээж мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадаг барьж, цагаан сараар Ерөнхийлөгчөөс бэлгэнд ирүүлсэн торгоор дээл хийлгэж өмссөнөө дуулгав.

Ц.Элбэгдоржийг Завхан нутагт ирэх тоолонд Богд их Очирваань хайрхан таалан соёрхож угтдагийг нутгийн зон олон бэлгэшээн ярьцгааж байлаа. Энэ удаа ч Говь-Алтайгаас Завханд ирэхдээ цаст Очирваань, Отгонтэнгэр хайрханы дээгүүр нисч, хайрхан бүртийх ч үүлгүй, нүдний өмнө дэлгэсэн уран зураг мэт үзэсгэлэн төгсөө гайхуулан байсныг нутгийнхан ч, нэр дэвшигч ч ихэд бэлгэшээсэн юм.

Завхан нутаг оюун билэгт олон хүмүүсийн өлгий нутаг. Халхын олон хутагт хувилгаад, Монгол Улсын эхний хоёр Ерөнхийлөгч энэ нутгаас төрсөн. Тиймээс эрдэм боловсрол, оюун ухааны талын яриа хөөрөө түлхүү өрнөлөө.

Завханы нэг сайн тал нь ашигт малтмалын лиценз хамгийн цөөнтэй аймаг. Ойрын үед аймгийн төв бүхэлдээ хатуу хучилттай замтай болох бөгөөд нэгэн цагт 999 морин хуурч нийслэлд тоглолтоо хийж байсан тус аймаг энэ жил наадмаар 2222 морин хуурч тоглуулахаар зэхэж байгаа аж.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын олонх, Засгийн газар бүгд Ардчилсан намаас сонгогдсон. Энэ үүлэн чөлөөний нарыг алдалгүй ардчилсан Ерөнхийлөгчөө үргэлжлүүлэн сонгож тулгын гурван чулуугаа сондгойруулахгүй байх нь чухал гэдгийг нэр дэвшигчийн сурталчилгааны үеэр ярьцгааж байлаа.

Завхан аймагт

Ерөнхийлөгчийн архигүй, авлигагүй Монголын төлөөх ажлыг завханчууд ихээхэн үнэлж байсан юм. Авлигачид 40 цэцэрлэг, 12 сургууль, найман эмнэлэг барих хэмжээний мөнгийг шамшигдуулсан, сейфтэй мөнгөө хог дээр хаяхдаа тулсныг жишээлэхэд иргэд уулга алдаж, шогширч хүлээж авч байв.  

“Жинхэнэ хувьсгал одоо л болж байна. Авлигатай тэмцсэний үр дүнд 2005 онд намайг Ерөнхий сайд байхад Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарсан гэдгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлсэн. Монголд одоо л ардчилал бүрэн ялж авлигатай хийх тэмцэл өрнөж байна” гэдгийг нэр дэвшигч хэллээ.

Тэрээр “Чадалтай үед Ерөнхийлөгч хэрэггүй байж мэднэ. Харин ядарсан үед нь иргэддээ байнга тусалж байна” гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр мөн өдрийн орой МУИС-ийн Завхан сургуулийн багш оюутнуудтай уулзаж эрдэм номын сэдвээр ярилцлаа.