Баярцогт.С 2010.04.29

С.Баярцогт: Өсөн нэмэгдэх роялти төсвийн орлогыг 80 тэрбумаар нэмнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд дэмжжээ. Удахгүй УИХ-д өргөн барих энэ төслийн талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй өөрчлөлт юу вэ?

-Ашигт малтмалын үнэ өссөн нөхцөлд тодорхой хэмжээний татвар тавих асуудлыг өмнө нь хөндөж байсан.Тодруулбал, гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэх шийдвэр гаргасны дараа олон хүн энэ асуудлыг хөндсөн. Тиймээс Сангийн яам төрөл бүрийн судалгаа хийлээ.Үнэ өссөн үед авдаг татваруудаас хамгийн энгийн, ойлгомжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь өсөн нэмэгдсэн роялти.Энэ хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина.

-Нөөц ашигласны төлбөрийг хэрхэн нэмэгдүүлнэ гэсэн үг вэ?

-Манай бүх роялти Ашигт малтмалын тухай хуулиар борлуулалтаас авдаг таван хувь байгаа. Харин энэ төслөөр бүх төрлийн ашигт малтмал дээр нэмж таван хувийн роялти тавих юм.Таван шатлалтай байх татвар нь үнэ өсөх тутам тодорхой хувиар нэмэгдээд явна гэсэн үг. Ашигт малтмалын төрөл бүр дээр өөрөөр тавигдана.Тухайлбал, зэсийн баяжмалын үнэ 5000 ам.доллар хүртэл байхад одоогийн таван хувиараа байна. Харин 6000 ам.доллар хүрэхэд роялти зургаан хувь, 7000 болоход долоо, 8000-д найм, 9000 хүрэхэд есөн хувь байх юм. Харин нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллараас дээш болбол роялтиг 10 хувиар тавина. Алтны хувьд ч ялгаагүй унци нь 900 ам доллар байхад таван хувь, түүнээс 100 доллараар өсөхөд зургаан хувь болно. Харин 1300 ам.доллараас дээш үнэтэй болбол 10 хувь болох юм. Бид нүүрсийг хоёр ангилж үзэхээр болсон.Түүхий нүүрсний үнэ тонн нь 25 хүртэл ам.доллар байхад таван хувь, 35 бол зургаа, 45 байхад долоо гэх мэтчилэн шаталж яваад 65 ам.доллараас дээш гарвал 10 хувийн татвар авах юм. Боловсруулсан нүүрсний тухайд 100 ам.доллар байхад таван хувиа аваад, 130 болоход нэмж нэг хувийн роялти тооцно. Ингээд тонн нь 210 ам.доллараас дээш гарвал нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцож авах юм.

-Энэ хуулийг уул уурхайн салбарынхан хүлээн зөвшөөрөх боломжтой юу?

-Төсөл боловсруулахдаа бид уул уурхайтай холбоотой бүх байгууллагаас санал авсан. Энэ татварыг дэмжиж байгаа. Тэдний саналыг ч төсөлд тусгасан. Харин ганцхан зүйл дээр санал нийлээгүй.Тэр нь таван хувийн роялтиг нэг бүхлээр биш 0.5 хувиар нэмж байгаач гэсэн хүсэлт тавьсан.

-Өсөн нэмэгдэх роялти тооцсоноор төсөвт хэдий хэмжээний орлого нэмж төвлөрөх вэ?

-Өнөөгийн дундаж үнээр харьцуулж үзэхэд бүх ашигт малтмалаас найман хувийн роялти авах бололцоотой.Үнийн дүнгээрээ улсын төсвийн орлого 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо бий.

-Оюутолгойд үйлчлэх үү?

-Үгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын орчныг тогтворжуулсан. Гэхдээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гэрээний тодорхой заалтыг сайжруулах талаар энэ Засгийн газар, дараагийн Засгийн газарт чиглэл өгөхөд хамгийн түрүүнд энэ асуудлыг хөндөж ярина.

-Төсвийн тодотголыг хэзээ өргөн барих вэ?

-Маргааш (өнөөдөр) УИХ-д өргөн барина. Гурван талт хэлэлцээрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг шийдсэн. Аравдугаар сарын 1-нээс тус бүр 30 хувиар нэмэхээр тохирсон байгаа. Үүнийг л хүлээж байсан юм. Одоо төсөлд энэ өөрчлөлтөө тусгаад өргөн барина.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.