УИх-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэд хэдэн удаа хойшлогдоод буй уг хуулийн төслөөр алтны татварыг 2.5 хувь болгохоор Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Харин УИХ-ын байнгын хороо дээр зарчмын зөрүүтэй саналаар 5 хувь болгохоор өөрчлөөд байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэлцүүлгийн үеэр "хариуцлагтай, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх бодлогыг салбарын яам яаралтай гаргах хэрэгтэй байгаа" хэллээ. Тэрээр, Монголбанкны валютын нөөцийн асуудал, үндэсний валютын ханшийн уналт зэргээс харгалзаж, үнэт маеталлийн нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх шаардлага байгаа учраас энэ татварын асуудлыг хэлэлцэж байна. Алтны нөөц ашигласны татвар болон үнийн өсөлтийн татвар нийлээд 10 хувьтай байгаа. 10 хувьтай татварыг тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, алт олборлогчдыг дэмжиж байна. Нөгөө талдаа уул уурхайн үйлдвэрлэлийн ажил хэт хавтгайрсан, мэргэжлийн бус болсон, нийгмийн бухимдал төрүүлсэн хэмжээнд хүрсэн байгаа. Тиймээс манай яам үүнд эрс зохицуулалт хийх хэрэгтэй. Бүртгэлжүүлэх гэрчилгээтэй болгох хэрэгтэй. Ямар далд эдийн засаг бий болоод байгааг гаргаж, зохицуулалт хийх ёстой. Ингэхгүй бол уул уурхайн ШУ-ны үндсэн шинж чанар нь алдагдаж, хариуцлага, мэргэжлийн гэдгийг үл тоосон байдалтай байна.
УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийлээ. Тэрээр эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн төсөлдөө хайгуулын тусгай зөвшөөрлийг нээх, стратегийн ач холбогдолтой ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах, “Урт нэртэй” хуулийг хүчингүй болгох зорилго агуулсан гэж дүгнэж байгаагаа хэлсэн юм. “Энэхүү хуулийн төсөл эрх баригч намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаас зөрж байна. УИХ-ын тогтоолоор батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөсөө мөн ухарлаа. Тиймээс эрх баригчид энэ булхайгаа хаврын чуулган өндөрлөх, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, баяр наадам дөхсөн зэрэг эгзэгтэй, олон нийтийн анхаарал өөр зүгт хандсан үед хийх гэж зүтгэж байна” гэв. Мөн хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн МАН- ын гишүүд болон бие даагчид, “Шударга ёс” эвслийн гишүүн Г.Уянга нарыг ажлын хэсгээс хассаныг эсэргүүцэж байгаагаа хэллээ. Ажлын хэсгээс хасагдсан гишүүд “Ордын эдийн засгийн үр өгөөж болон ашгийн төвшинг харгалзан төр 34 хүртэл хувь эзэмших, эсвэл алтан хувьцаа эзэмшиж болно” гэсэн заалт оруулсныг эсэргүүцсэн юм байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг тайлбарлахдаа “Стратегийн ордууд дахь төрийн оролцоог 50-иас дээш хувьд хүргэх нь байтугай бүр 34 хувь ч үгүй болгож, алтан хувьцаа гэдгээр орлуулах санаархал агуулсан” гэв. Алтан хувьцаа гэдэг нь төр зайлшгүй явуулах зарим үйлчилгээнд хэрэглэдэг, ногдол ашиг авдаггүй хувьцааг хэлдэг ажээ. Энэхүү хувьцааг эзэмшигч нь тухайн компанийн үнэ тариф тогтоох, өөрчлөн байгуулах шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд “Энэ хувьцааг ашигт малтмал дээр хэрэглэж байсан түүх дэлхийд байхгүй. Анх Англид архины үйлдвэрүүдэд хэрэглэж байсан. Төрийн үйлчилгээнд хэрэглэдэг зүйлийг ингэж ашигт малтмалын салбарт оруулж ирэх нь буруу. Энэ нь төр болон ард түмэнд ямар ч ашиггүй. Тухайн ашигт малтмалыг ашиглаж байгаа компанид л ашиг тустай хувьцааг туршилт маягаар оруулж ирсэн” гэв. Эцэст нь, Б.Бат-Эрдэнэ гишүүн ашигт малтмалын компанитай болон хувь эзэмшдэг, лицензтэй гишүүдэд хандан Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байхыг уриалсан юм.
УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Бие даагчдын зөвлөлийн гишүүн Х.Болорчулуун гишүүн Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжилсэн юм. Түүний хэлснээр Улсын их хурлаар өргөн баригдсан Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсгийнхэн стратегийн орд гэдгээ больё гэж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд хэрвээ төр стратегийн 15 ордоо бүгдийг нь хувьд шилжүүлчихвэл гадныханд ордоо алдахад амархан болохыг сануулсан юм.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад сонгуулийн амлалтыг нь эргэн сануулсан албан бичиг илгээлээ. АН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр Ашигт малтмалын хуулийн төсөлд туссанаар эсрэг байгааг МАН шүүмжилж байна. Энэхүү хууль батлагдвал хил орчмын стратегийн орд газрыг ард түмний хараа хяналтгүйгээр бусдад найр тавин өгөх, худалдах нөхцлийг бүрдүүлнэ хэмээн тус намынхан үзэж байна. УИХ-ын гишүүн Д.Зоригт: Ашигт малтмалын тухай хуулийн асуудал бол шинэчилсэн найруулга биш. 10 орчим зарчмын зөрүү бүхий саналтай нэмэлт өөрчлөлт. Энэ хууль батлагдвал шинэ талбайд хайгуулын ажил хийнэ, стратегийн ач холбогдолтой ордуудын талаархи тодорхойлолт өөрчлөгдөнө, өөрөөр хэлбэл тоог нь багасгана гэсэн чиглэлтэй ажиллаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд: АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заасан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байлгана гэсэн амлалтаа зөрчсөн хуулийн төсөл боловсруулчихсан байна. Үүнийг нь дэмжээд явж байгаа “Шударга ёс” эвсэл ч гэсэн амлалтаасаа ухарч байна. УИХ-ын гишүүн Д.Зоригт: Хуучин хуулийн зарчим хэвээр байгаа. Хэн түрүүлж хайгуулын өргөдөл гаргана, тэр хүн давуу эрх эдэлнэ. Төсвийн хөрөнгөөр зураглалын ажил хийчихсэн, хэтийн төлөвтэй байгаа газруудад ААН-үүдийн дунд сонгон шалгаруулалт хийнэ. Бид байнгын холбоотой байж ажил төрлийн уулзалтуудыг хийж байна. Я.Содбаатар гишүүн ахалж байна. Стратегийн орд газрын тодорхойлолтоос бусад зүйл дээр бид тохиролцоонд хүрчихсэн.
25 цаг мэдээллийн хөтөлбөрөөр дараах мэдээллийг онцоллоо. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн салбарын эрдэмтдийг оролцуулсан хэлэлцүүлгийг байнгын хороо, ажлын хэсэг хийжээ. Геологич, Уул уурхайн сайд асан Ч.Хурц: Нөөц нь тогтоогдсон ордын түүхий эдийн хэвлий дэх үнэлгээг монголчууд тооцох болоогүй юм уу. Европ тив, Америк тивийн орнууд энэ үнэлгээг хийгээд бүр стандартчилсан байна. Үүнийг Монгол улс санхүүгийн бус хөрөнгөдөө оруулаад, хөрөнгө оруулалт босгох арга байж болох юм биш үү. Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулахдаа: Хамгийн сайн үнэлгээг хайгуул, ашиглалтын компани бирж дээр хувьцаа гаргахад тэрийг нь худалдаж авдаг хувьцаа авагчид нь үнэлгээ тогтоодог. Энэ бол дэлхийн жишигт хүрсэн үнэлгээ. УИХ-ын гишүүн, Эдийн засгийг идэвхижүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт: Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг цаг үеийн шаардлагад нийцүүлээд батлах хэрэгтэй. Олон жил зогссон хайгуулын ажлаа сэргээе гэсэн зорилго тавьж байгаа. Энэ хуульд хариуцлагатай, уул уурхай байгаль орчныг хамгаалах чиглэлээр их сайн заалтууд их сайн орж өгсөн.