Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.05.11

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.11/ өргөн барилаа.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дах хэсэгт “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.” гэж заасан. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын хуулиар бус Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулдаг нь Татварын ерөнхий хуульд заасан дээрх “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу зохицуулагдах шаардлагатай юм.Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухайн улирлын тайланг дараа сарын 20-ны өдөр тушаахаар, мөн хуулийн 47.10 дах хэсэгт тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан төлөхөөр заасан нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд холбогдох хуулиудын дээрх зөрүүтэй байдлаас болж татвар төлөгч болон татварын албаны хооронд хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэхээр байна.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт татварын харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлага гарсан байна.

Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж Татварын ерөнхий хуулийн зарчимтай нийцүүлэн татвар төлөх, тайлагнах эцсийн хугацааг ижил болгон өөрчлөх хуулийн төсөл боловсруулан танилцууллаа.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хугацааг хуулиар нарийвчлан тодорхойлох нь татварын албанаас бизнес эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээг илүү тодорхой болгох ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.