С.Баярцогт: Төсвийг нэг эзэнтэй болгох хэрэгтэй
УИХ –ын гишүүн С.Баярцогт
2013.10.21

С.Баярцогт: Төсвийг нэг эзэнтэй болгох хэрэгтэй

2009 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал үүсэж байсан учраас бодитой хүндрэл гарч байсан бол  2013 оны төсвийн хүндрэл нь үнэхээр 1,2 их наядаар төсвийн орлого тасарна гэдэг бол тодотгол хийхээр өөр аргагүй  байдалд хүрсэн.

Тодотгол хийж байгаагийн утга учир нь 2014 оныхоо  төсвийг зөв зүйтэй төлөвлөхөд чухал төдийгүй  дамжиж байгаа хөрөнгө оруулалт, хүлээгдэж байгаа өр төлбөрийг тооцох  зайлшгүй шаардлага бий болдог.  УИХ –ын гишүүн С.Баярцогт хэлэхдээ,

“ Бид Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаад яам хоорондын зохицуулалт хийнэ гэж бодож байсан. Үүнийг Эдийн засгийн хөгжлийн яам хийж чадсангүй гэж хувьдаа үзэж байна. Ер нь цаашдаа төсвийг нэг эзэнтэй болгох хэрэгтэй.

Одоогийн төсөв Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам дундын хүүхэд шиг болсон. Сангийн яам нь зөвхөн урсгал зардал, орлогоо, Эдийн засгийн хөгжлийн яам гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтаа нийлүүлээд оруулаад ирдэг. Хэлэлцүүлгийн явцад харж байхад, гүйцэтгэлийг нь дүгнэж байхад ч энэ бол өрөөсгөл юм байна.

Яам хоорондын зохицуулалтыг хуучнаар Улсын төлөвлөгөөний комиссын хэмжээнд хийнэ хэмээн бодож байсан. Цаашид эдийн засгийн хөгжил хариуцсан шадар сайд болгоод, доод талд нь яам хоорондын зохицуулалт хийдэг, Сангийн яам нь зөвхөн төсвөө бүхэлд  нь хариуцаад, орлого урсгал зардал,  хөрөнгө оруулалтыг нь хариуцдаг болговол зөв юм байна’’ гэлээ.