Д.Оюунхорол: Хууль тогтоомжоо уландаа гишгэж, төсөв оруулж ирж байсан түүх байхгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг бодитой бус, хэт өөдрөг байдлаар тооцсон. Тиймээс Засгийн газар ирэх оны төсвийг засч оруулах ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн.
Гэвч өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэрүүл маргаантайгаар хэлэлцсэн ч АН-ынхан олонхи гэдгээр түрий барьсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг энэ байдлаар нь үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонслоо. Түүний хувьд УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын 2014 оны төсвийн төслөөр байгуулагдсан ажлын хэсгийг ахалж байгаа юм.
-Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг бодитой бус, хэт өөдрөг байдлаар тооцсон асуудал байгаа гэдэг. Тэгвэл 2014 оны төсвийн төслийг засаж, сайжруулахыг шаардсан МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээж авах болов уу. Энэ байдалд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Бид 2014 оны төсвийг хариуцлагатай хэлэлцэх ёстой гэж үзээд МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг асуудалд нэлээд анхааралтай хандан тогтож ажиллаж байна. Энэ удаагийн төсөв тодорхой олон хуулийг зөрчиж орж ирсэн. Эхлээд хуулийнхаа зөрчлийг арилгаач гэж Монгол Улсын Засгийн газарт тодорхой санал тавьж байгаа. Ер нь хууль тогтоомжоо уландаа гишгэж, төсөв оруулж ирж байсан түүх байхгүй.
Тиймээс 2014 оны төсвийн жилээс эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжээд эхэлнэ. Энэ хуулийн дагуу 2013 оны тавдугаар сард Төсвийн хүрээний мэдэгдэл батласан. Тэгэхээр энэ мэдэгдлийнхээ дагуу Засгийн газар төсвөө оруулж ирэх байсан.
2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит
Гэтэл өнөөдөр төсвийн өргөн баригдах олон нөхцлийг батласнаас нь өөрөөр оруулж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аар батласан Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд асуудлаа оруулж ирэх ёстой. Гэтэл түүнийг дураараар өөрчлөөд оруулсан нь хуулиа зөрчиж байна гэсэн үг.
-2014 оны төсвийн төслөө оруулж ирэхийн тулд Төсвийн тодотголоо хийгээгүй нь асуудал биз?
-Мэдээж хэрэг 2014 оны төсвөө хэлэлцэхээс өмнө Төсвийн тодотголоо хийх ёстой. Яагаад гэвэл энэ жил төсөв 1,5 их наяд төгрөгөөр тасарчихсан. Үүнийгээ засаж, залруулахын тулд Төсвийн тодотгол хийх байсан. Гэтэл үүнийгээ хийгээгүй.
Дээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад нөгөө тоогоо өөрчилж оруулах байтал үүнийгээ хийгээгүй байгаа юм. Тэгэхээр энэ мэтчилэн олон асуудал байгаа учраас манай намын бүлгийн зүгээс энэ хуулиудаа өөрчлөөд асуудлыг зохих журмынх нь дагуу явуулаач гэж байгаа юм.
-Төсвийг хэлэлцэх явцад улс төржилтөөс ангид байх ёстой. Учир нь энэ асуудал улс орны эрх ашгийн төлөө зүйл. Гэтэл чуулганы танхимд намууд бие бие рүүгээ дайрсан үйлдэл, Ерөнхий сайд нь УИХ-ыг үл хүндэтгэсэн зүйл байна гэх нь бий шүү дээ?
-Төсвийг хэлэлцэх явцад аль болох улс төржүүлэхгүй байх ёстой. Бид үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ алдааг тал, талаас нь засаж, залруулах хэрэгтэй. Харин алдаа бүхний толгойг илээд явах тухай ойлголт биш. Тэгэхээр энэ талаас бид илүү хандаж байна. Үнэхээр төсвийг танах, тэвчиж болох зардлуудыг зарцаах асуудлыг зөв гэж үзэж байгаа.
Гэтэл өнөөдөр ДНБ-нд ногдох өрийнхөө хэмжээг 40 байгааг 60 хувь болгоно гэж байна. Бид үүнийг хүлээж авахгүй. АНУ өрийнхөө хэмжээг нэмэгдүүлж байгаа учраас Засгийн газар нь үйл ажиллагаагаа зогсоох байдалд хүртэл асуудлаа ярьж байна. Харин энэ байдлаараа манай улс нэг, ижил нөхцөлтэй болж байгаа зүйл.
Нөгөө талаас энэ жил төсвийн гадуур эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ маш их болсон. Үүнийг нэлээн бодож, харахгүй бол ард түмэн дургүйцэж байгаа юм. Яагаад гэвэл, энэ мөнгө ард түмний нуруун дээр эргээд ирэх өр. Тиймээс энэ талаас нь харах шаардлагатай гэж манай бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг үзэж байна.
-Засгийн газрын тэргүүний өгч байгаа мэдээллээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, эдийн засаг энэ жил өснө гэж байгаа ч төрийн албыг нэмэгдүүлсэн асуудлыг хэн нэгэнд тохох гэсэн үйлдэл гаргалаа. Засгийн газрын тэргүүн яам, агентлагийн орон тоог нэмэхгүй гэж амлалт өгч байсан удаатай. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Төрийн албыг хэтэрхий данхайлгаж, томруулан яамдын орон тоог нэмэгдүүлж байгаа нь буруу. Үнэхээр төрийн албыг томруулах тусам төсвийн хөрөнгө мөнгө үрэлгэн, үнэгүй зарцуулдагдана. Нөгөө талаас хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дарамт их болоод ирж байгаа юм. Ажил багатай хүмүүс чинь ажлаа хийж, хөдөлмөрийн байр бий болгож байгаа хувийн хэвшлийнхнийг очиж дарамталдаг.
Тийм учраас энэ бол харьцааны хувьд ихсээд байгаа. Тэгэхээр төрийн албыг багасгах хэрэгтэй. Гэтэл төсөвт өргөн барьснаар 3000 төрийн албан хаагчийн орон тоог нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Төсөв хүнд байхад хэрэггүй л гэж бодож байна. Төсөвт хамгийн их танагдаж, зарцаасан зүйл нь хөрөнгө оруулалт.
Энэ бол буруу. Дутуу баригдсан барилга, хийж байгаа хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол тендерт ялсан, орсон гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа зогсоод үлдэнэ. Дутуу барьсан барилгыг эргээд босгох хүртэл тал нь танагдана, алга болно гэсэн үг. Тиймээс энэ зүйлийг зогсоохгүй байх ёстой.
-Танай бүлэг алдаатай ороод ирсэн төсвийн төслийг хууль, хяналтын байгууллага, Цэцэд тавих уу?
-Манай намын бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг “Энэ төсвөө татаж аваад засаж, залруулаад ороод ирээч” гэж тавьсан юм. Төсөв бол иргэдэд илүү их хүртээмжтэй байгаасай гэж бодсон. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөвт маш их хэмжээний хөрөнгө суусан байгаа.
Энэ бол буруу. Хамгийн их анхаарал хандуулж байгаа зүйл өрийн дарамтыг бий болгохгүй байгаа ч гэсэн саналыг оруулсан. Өрийн дарамт ихсэх нь цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд эрсдэл хүлээх нөхцөл бий болчих вий гэсэн болгоомжлол, байр суурийг манай намын бүлгээс анхааруулж байна.
-Ярилцсанд баярлалаа.