Зоригт.Д 2014.04.14 | Сонин: Өдрийн сонин

Д.Зоригт: Давхар дээлийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн

Д.Зоригт: Давхар дээлийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн
УИХ-ын гишүүн Д.Зоригт

УИХ-ын гишүүн Д.Зоригттой ярилц­лаа.

-Улс орны эдийн засаг тогтворгүй байгаа дээр улс төрийн нөхцөл байдал ч хүндэрлээ. Засгийн газар огцрох уу, "давхар дээл"-ээ тайлах уу гэх мэт асуудлууд яригдаж байгаад та ямар дүгнэлттэй байна?

-Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байна. Бүгд мэдэж байгаа учраас энэ талаар нуршаад яах вэ. Дээрээс нь улс төрийн тогтворгүй байдал гарах вий гэж би болгоомжилж байгаа. Ийм байдалд хүргэж болохгүй. Тэгвэл эдийн засгийн асуудал бүр амаргүй болно. Аж ахуйн нэгж, иргэд, хөрөнгө оруулагчид гээд бүгдэд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой. "Давхар дээл" гэж ярьж заншсан асуудалд Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн концепцийг дэмжиж байгаа.

-Хамгийн гол асуудал нь энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөх үү. Эсвэл 2016 оноос мөрдөх үү гэдэг асуудалд тохиролцох болчихоод байгаа?

-Ерөнхийлөгчийн оруулж ирснээр нь буюу 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдгийг нь дэмжинэ. Яагаад гэвэл хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй. Энэ засаг дөрвөн жилийн хугацаатай, ард иргэдийн сонголтоор баталгаажин томилогдсон. Хугацаагаа бас эхлүүлснээ дуусгах ёстой.

Ард түмэн ингэж хүссэн учраас л АН-аас олон хүн сонгож Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан шүү дээ. Үүнийг сөрөг хүчин мушгин гуйвуулж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зорилгоор ашиглаж байна. Өөрөөр хэлбэл 1996-2000 онд хийсэн мэхээ давтаж байна. Нэг мэхэнд хоёр унаж болохгүй. Тэр жилүүдэд АН дөрвөн Засгийн газар сольж жинхэнэ баларсан шүү дээ. Үүнийхээ гороор сонгуульд ялагдаж байх жишээтэй. Гэхдээ өнөөдөр асуудлыг өөрөөр харж өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой. Өмнө нь хэт туршлагагүй, балчир байснаас үүдэн удаа дараа Засгийн газар огцорсон. Энэ нь улс орны хөгжилд чөдөр тушаа болдог.

-Манай улсад мөрдөгдөж байгаа хуулиуд өөр хоорондоо зөрчилдөх тохиолдол их байдаг. МАН-ынхан 17 сайд санал хураалтад оролцвол Эрх ашгийн тухай хуулийг зөрчинө гэж байгаа бол АН-ынхан 17 сайд санал хураалтад оролцохгүй бол УИХ-ын тухай хуулийг зөрчинө гэж тайлбарлаад байгаа?

-Манай бүлэг дээр хуульчид хуулийн талаар тайлбарласан. Уг нь бол Үндсэн хуулиараа давхар дээлтэй байхыг зөвшөөрч байгаа. Тэр бүү хэл УИХ, Засгийн газрын хуулиар ч зөвшөөрдөг учраас өнөөдөр энэ асуудал яригдаад байна. Санал өгөхөд сонирхлын зөрчил үүснэ гэдэг Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол гишүүнийхээс тэс өөр үйлдэл.

Тэр хоёр гишүүний хувийн сонирхолтой шууд холбоотой байсан. Өөрөөр хэлбэл хувийн сургуульд нь мөнгө өгөх тухай ярьсан. Харин өнөөдөр нийтийн албаны ажлыг ярьж байгаа. Тэгээд ч 2016 онд байгуулагдах Засгийн газрын асуудлаар өнөөдөр ажиллаж байгаа сайд нар саналаа өгөхөд гэмгүй. Мөн Цэцийн их тодорхой дүгнэлт гарчихсан байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн зөрчил байхгүй юм байна гэдэгт итгэлтэй байна.

-Засгийн газрыг огцруулалгүйгээр үр дүн багатай ажилласан сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн шүүмж явах болсон. Ингэж цочроо өгснөөр хариуцлага чангарч эдийн засгийн савлагаа, алдагдал багасна гэж үзэх хүмүүс бий?
Санал өгөхөд сонирхлын зөрчил үүснэ гэдэг Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол гишүүнийхээс тэс өөр үйлдэл. Тэр хоёр гишүүний хувийн сонирхолтой шууд холбоотой байсан. Өөрөөр хэлбэл хувийн сургуульд нь мөнгө өгөх тухай ярьсан. Харин өнөөдөр нийтийн албаны ажлыг ярьж байгаа.

-Ер нь байх ёстой асуудал. Энэ Засгийн газар доод, дунд түвшний албан хаагчдадаа хариуцлага тооцохгүй байна гэж үзэж байгаа. Олон хүний толгойг нь илж байна. Зодоон нүдээнээс эхлээд тендер зарлах асуудлыг сайдаасаа нуусан гэх мэтээр чих халууцуулах хүн олон дуулдаж байгаа.

Ийм тохиолдлуудад тухай бүрт нь хариуцлага тооцоод явах ёстой. Тэгэхгүйгээр манай намын юм, манай фракцын хүн гээд байгаа нь Засгийн газрыг муухай харагдуулж, нэр хүндийг нь сэвтээгээд байна. Тэгэхээр хариуцлагын энэ зарчим сайд нарт ижил үйлчлэх ёстой. Ажлаа хийдэггүй, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа сайд нарыг явуулах л ёстой. Гэхдээ үүнийг сөрөг хүчний хатгалгаар бус өөрсдийн санаачилгаар хийх нь хамгийн зөв.

-АН-ынхан энэ байр суурьт нэгдэж зарим сайддаа хариуцлага тооцохоор болсон гэдэг үнэн үү?

-Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг тэр чигээр нь дэмжихээр 100 хувь санал нэгдсэн. Давхар дээлний сөрөг нөлөө байгаа юу гэвэл байгаа. Энэ тогтолцоог буруу гэж ярьж байгаа МАН-ын мөн ч олон гишүүн, мөн ч олон удаа давхар дээлтэй байсан даа. Гурваас дөрвөн удаа давхар дээл эгэлдрэглэсэн хүмүүс л ингэж яриад байгааг гайхаж байна. Тэгэхээр эхний ээлжинд 30-40 хувь нь дээлээ тайлъя гэж ажил удаад яахав.

2016 онд тэртэй тэргүй сонгууль болж Засгийн газар шинээр байгуулагдах учраас хуулиа мөрдөөд явах хэрэгтэй. Тэгээд ч Ерөнхийлөгч "Энэ хуулийг 2016 оноос наана мөрдүүлэх гэвэл би хориг тавина" гээд олон түмэнд зарлачихсан шүү дээ. "Засгийн газрыг бужигнуулах, явж байгаа ажлыг гацаах ийм бодлого байж болохгүй" гэдгийг "Ухаалаг төр"-ийн хөтөлбөрийг зарлахдаа олон нийтэд хэлчихсэн. Одоо МАН-ынхны явуулаад байгаа хатгалга нь дэмжлэг авсан ч  Ерөнхийлөгч хориг тавих байх.

-Украйны жишээнээс улстөрчдийн дайсагнал улс орныг мөхөөж болдгийг дэлхий нийт харсан. Ер нь хэнд ашигтай гэж ийм улс төр хийгээд байдаг юм бол?

-Ард түмний эрх ашигт нийцэхгүй. Бизнесийнхэн, АН, "Шударга ёс" эвсэл гээд бүгдийн эрх ашигт нийцэхгүй. Зөвхөн МАН-ынханд л ашигтай. Хоёр дахь Засгийн газар ажиллалаа гэж үзэхэд одоогийнхоосоо хэд дахин сул байх нь ойлгомжтой. Юу ч хийж чадахгүй. Юуг ч хийлгэхгүй. Удахгүй гурав дахь, дөрөв дэх Засгийн газрыг гаргаж 1996-2000 оны үеийн үйл явдлууд давтагдана. Тэгээд 2016 оны сонгуульд АН, энэ төр ихээхэн туйлдаж очно. Ийм хандлага, төсөөлөл бий.

-Сөрөг хүчин жагсаж айл бүрт  нэг архичин, нэг янхан бий гэлээ. АН-ынхан төр бариад ийм байдалд хүргэчихсэн бололтой?

-Сөрөг хүчин үндэслэлгүй хэт туйлширсан тоглолт хийж байна. Жагсаал цуглаан хийж, төр засгийг шүүмжлэх, шахаж шаардах эрх нь тэдэнд бий. Гэхдээ ард түмнээ доромжлолгүйгээр, үндэслэл тооцоотой, итгэл үнэмшил төрөхүйц зүйлийг л ярих үүрэгтэй. Тэд аль болох нийгмийн амьдралыг муухай харагдуулах гэсэн цор ганц зүйлийг боддог болчихож.

-Эдийн засгийн уналт л Засгийн газрын дархлааг сулруулж байгааг судлаачид хэлж байгаа?

-Ямар эдийн засгийг энэ нөхдөөс хүлээж авсан билээ гэдгийг харчих хэрэгтэй. Нэг их наяд төгрөгийн өр, бүхий л том аж ахуйн нэгжүүд нь өрийн барьцаанд орж, олсон мөнгөө сонгуульд зарцуулсан байсан. МАН-ын төр барьсан энэ олон жил Монголын эдийн засгийн бүтэц нь ямар болж хувирсан байна. 

МАН-ын, АН-ын гэж байхгүй Монгол Улсын эдийн засаг гэж байдаг

Үйлдвэрлэгч бус зөвхөн хэрэглээний, экспортлогч бус импортлогч эдийн засгийг л өгсөн. Ингэж 100 жил хийсэн зүйлийг хоёр жилийн дотор өргөс авсан мэт засна гэж байхгүй. Дор хаяж 20-30 жил шаардагдах асуудал. Харин АН гарснаар өөрчлөлтийн анхны алхмуудыг хийсэн. Валютын үнийн өсөлт л гэхэд анх удаа тохиолдож байгаа юм биш шүү дээ.

Ийм цочмог савлагаа МАН-ыг засаг барьж байхад олон удаа тохиолдож байлаа. Энэ бол гадаад орчин, уул уурхайн цикл, манай эдийн засгийн эмзэг, өртөмтгий, хэврэг байгаагаас хамааралтай. МАН-ын, АН-ын гэж байхгүй Монгол Улсын эдийн засаг гэж байдаг учраас эрүүлжүүлэх ажлыг системтэйгээр урт хугацаанд хийх шаардлагатай болчихоод байна.

-Эдийн засгийн уналтыг хүлээн зөв­шөөрөхгүй, хуурамчаар төр барьж байна гэсэн шүүмжлэлийн тухайд?

-Дэлхийн хаана ч үнэ өсч байгаа уруудаж байгааг статистикаар л гаргадаг. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг хичнээн хүнд байсан ч хоёр оронтой тоонд гарлаа. Өнөө жил ийм өсөлт байх нь мөн л статистикаар гарчихаад байна.

Хөгжил, өсөлтийн хурд удааширч байгаа ч боломжийн үзүүлэлттэй байгаа гэдгийг харах хэрэгтэй. Хүндрэл бэрхшээл их байна. Монголд хийх ажил асар их байгаагийн хэрээр тэр хэмжээний мөнгө шаардагдаж байна. Гэтэл мөнгөний зээлийг хүртэл царцаачихлаа. Сөрөг хүчний бодлого нь мөнгөтэй болгохгүй, ажил хийлгэхгүй байлгаж дараагийн сонгуульд хүрэх. УИХ-аас баталчихсан, мөрийн хөтөлбөрт тусгагдсан улс оронд хэрэгтэй олон ажил байна. Мөнгөгүй учраас яаж явуулах билээ.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг хайж байна уу?

-Хэр зэрэг шуурхай, зоригтой ажиллахаас шалтгаална. Шинэчлэлийн Засгийн газар хэр зоригтой шинэлэл хийх нь вэ гэдгийг харж байна. Монгол Улсаа бүхлээр нь, томоор нь харж чадахгүй хөндлөнгийн жижиг лобби, хатгалгад өртсөөр байх юм бол АН-ын нэр хүнд унана. АН-ын нэр хүнд унана гэдэг засаг барьж байх хугацаандаа юу ч хийж чадахгүй, эдийн засгаа ч сэргээж чадахгүй гэсэн үг.

Дүн тавигдана. 20 жил ярьчихсан, бүгд мэддэг асуудлаа ч зориг гарган шийдэж чаддаггүй тийм гажиг байна. Сөрөг хүчний, гудамжны жижиг хатгалганаас айсаар 20 жил юу ч хийж чадсангүй. Энэ байдал үргэлжилбэл энэ Засгийн газар юу ч хийж чадахгүй.