Д.Оюунхорол: Цөөнхөө сонсдоггүй дүлий болсон төрд сануулга өгөх хэрэгтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.04.10

Д.Оюунхорол: Цөөнхөө сонсдоггүй дүлий болсон төрд сануулга өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролоос “Давхар дээл” тайлах асуудлаар байр суурийг нь сонслоо.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Гэвч танай намын бүлгээс хуулийн хэрэгжих хугацааг 2014 оны долдугаар сарын 1 гэж ойртуулах санал гаргасан. Ер нь таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Монголын нийгэмд бий болсон засаглалын хямралыг засч залруулах асуудлыг 65 хоногийн завсарлага авсан АН хүлээн авч шийднэ гэдэгт найдаж байна. Монголын ард түмэн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан гэдгийг бүхэлдээ харж байгаа. УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хувьд Засгийн газрынхаа үйл ажиллагааг хянаж чадахаа больсон.

Засгийн газар УИХ-ын дээр гаргаад зайдлаад суучихсан гэж хэлж болно. Тиймээс засаглалын хуваарилалт, эрх мэдэл алдагдсан явдал нь хариуцлагагүй төрийн үйл ажиллагаа. Харин үүнийг үргэлжлүүлсээр байгааг таслан зогсоох ёстой гэдгээр МАН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаа. УИХ-ын дарга 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй байх ёстой. Хууль, шүүхийн өмнө тэгш, шударга байх зарчмыг үндэслэж УИХ-ын дарга АН-ынханд нэг удаа ээлтэй хандаад Ардын намынханд хойд эхийн харцаар харж хандахгүй байх гэж найдаж байна.

-Гишүүн-сайдыг санал хураалтад оруулбал...?

-17 сайдаа санал хураалтад оролцуулахгүй байх нь нийгмийн захиалга. Улс орны эдийн засаг муудаж, ард түмний амьдрал доройтож байгаагийн хамгийн гол шалтгаан нь Монголын нийгэмд хариуцлагагүйн зуд нүүрлэсэнтэй холбоотой.

Дээрээ суудлаа олохгүй бол дороо суудлаа олохгүй гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр хариуцлагагүй Засгийн газрын дор ажиллаж байгаа бүтцийн байгууллагад яаж хариуцлагатай ажиллах вэ, хэнээс хариуцлага нэхэх нь ойлгомжгүй байгаа. Тийм учраас боловсон хүчний бодлогод гарсан Монгол төрийн алдаа, завхралыг засахад энэ үйл явдал зөв харагдана. Мөн зөв төрийн тогтолцоо болно гэж харж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль том төрийг ухаалаг болгохын тулд алдаагаа засья гэсэн зөв шийдвэр байх гэж бодож байгаа.

-Та намын бүлгээс сайд нарыг “Санал хураалтад оролцох ёсгүй” гэдэг бичиг хүргүүлсэн ч нэг л гишүүн хариу мэдэгдсэн гэсэн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль том төрийг ухаалаг болгохын тулд алдаагаа засья гэсэн зөв шийдвэр.

-АН-ынхан ардчиллынхаа үнэт зүйлсээс өөрсдөө ухарч байгаа. Одоо үүнийгээ нэг эргэж харах хэрэгтэй. Үнэхээр хүч түрж асуудлаа шийдэх юм уу, зөвшилцөж, нийгмээ сонс, мэдэрч, улс төрийн соёлтой шийдвэр гаргах уу гэдгийг Монголын ард түмэн хүлээж байгаа.

-Эрх баригчдын зүгээс цөөнхийн үгийг сонсохгүй хүч түрсээр ирсэн. Энэ асуудалд бас өөрсдийнхөөраа хандвал яах вэ?

-Хэрэв олонхи хүч түрж асуудлыг шийдвэл манай намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавихад бэлэн байгаа. Эрх баригчид улс төрийн соёлд хэр суралцаж, зөвшилцөл ойлголцолд хэр хүрсэн, ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон санал хураалтад өөрийнхөө гишүүдэд кнопоо дарах эрхийг яаж өгөхийг Монголын ард түмэн харна. Тийм учраас цөөнхөө сонсдоггүй дүлий болсон төрд энэ нь сануулга болох байх. Гэхдээ асуудалд нуцацтай, бодитойгоор хандана гэж ойлгож байна. “Олонхи хүч түрээд асуудлаа шийдээд явж чадна. Ингээд цаашаа явна” гэж бодож байгаа бол Монголын ард түмний  40 гаруй хувийн саналыг авсан МАН бүлэг асуудал тавихад бэлэн болно.

-УИХ-ын дарга хаврын чуулганы нээлтэд “УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг ард түмэн эергээр хүлээж авч байна” гэж хэлсэн удаатай. Үнэхээр ийм байж чадах уу?

-Засгийн газрын үйл ажиллагааг ард түмэн эергээр хүлээж авч байна гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр олонхи, эрх баригчид иймэрхүү байдалтай дүлий, мэдрэмжгүй, ард түмний бодит амьдралаас тасарчихсан, үнэн зүйлийг гуйвуулаад байгаа учир бид асуудал гаргаж тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.