С.Бямбацогт: Сайд нарыг санал хураалтад оролцуулбал УИХ-ын даргыг хууль зөрчсөнд тооцно
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.04.08

С.Бямбацогт: Сайд нарыг санал хураалтад оролцуулбал УИХ-ын даргыг хууль зөрчсөнд тооцно

УИХ дахь МАН-ын бүлэг хаврын чуулганы хамгийн анхны хуралдаанаараа гурван асуудал хэлэлцжээ. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (сайд нарын “давхар дээл"- ийг дан болгох) хуулийн төсөл, царцаасан төслүүдийн талаар хэлэлцсэн гэдгийг тус бүлгийн дарга С.Бямбацогт танилцууллаа.

 МАН-ын бүлэг нэлээд удаан хуралдсан бөгөөд нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлэг хамгийн их цаг авчээ. Энэ асуудлаар бараг бүлгийн бүх гишүүн байр сууриа илэрхийлсэн байна. Гишүүд ажилгүйдэл арван хувиар өсч баян, хоосны ялгаа ихэсч байгааг онцолсон байна.

Улмаар эдийн засаг хүндэрсэн гэдэг тодорхойлолтоос хямарсан гэдэг тодорхойлолт руу шилжлээ гэж дүгнэсэн талаар С.Бямбацогт гишүүн хэллээ. МАН-ын бүлгийн гишүүд эдийн засгийн байдлыг дүгнэснээс гадна үүнээс гарах арга замыг хэлэлцсэн байна. Улмаар УИХ ойрын хугацаанд яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ энэ нь хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл биш гэдгийг онцоллоо.

МАН-ын бүлгийн үзэж буйгаар эрчимжүүлнэ гэдэг нь өсөлттэй байгаа эдийн засгийг л эрчимжүүлэх ёстой гэнэ. Харин одоогийнх шиг хямарсан эдийн засгийг эрчимжүүлэх бус уналтыг нь зогсоох, буцаагаад  өсгөх бодлого боловсруулж ажиллах ёстой ажээ. Ингэж ажиллахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэгт тус бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

Эдийн засгийн асуудалтай  холбоотойгоор Засгийн газарт хариуцлага тооцох тухай асуудлыг хөндсөнөөс гадна энэ байдлаас гарах арга замыг эрэлхийлжээ. Тус бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо болон, худалдааны төвүүдэд ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр эдийн засгийн нөхцөл байдалтай танилцсан.

Энэ бүхнээсээ үндэслээд  эдийн засгийг сайжруулах тодорхой санал гаргаж УИХ-ын даргад өргөн барихаар болсныг дуулгалаа. Харин энэхүү саналаа шаардлага,   тогтоолын  төслийн аль хэлбэрээр өргөн барихаа дараагийн хурлаараа хэлэлцэж шийдэхээр болжээ. Сөрөг хүчний хэлэлцсэн дараагийн асуудал нь дээр хэлсэнчлэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (сайд нарын “давхар дээл”- ийг дан болгох) хуулийн төсөл байжээ.

Өнгөрсөн намрын чуулганаар оюутнуудад тэтгэлэг олгох тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Д.Оюунхорол гишүүнийг ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзээд санал хураалтад оролцуулахгүй чуулганы танхимаас хөөн гаргах байсан.

УИХ-ын дарга намрын чуулганыг хугацаанаас нь өмнө буюу нэгдүгээр сарын 29-нд завсарлуулсан нь энэ хуулийн төсөлтэй холбоотой гэж үзжээ.  Учир нь, уг хуулийн төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлгийнавсан завсарлагын хугацаа өдөр дууссан юм. Харин одоо ирэх пүрэв гарагийн чуулга нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг үргэлжлүүлэх хэлэлцэх юм. МАН-ын бүлэг “Санал хураалтад УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж буй АН-ын бүлгийн 17 гишүүн оролцох ёсгүй.

Хэрвээ оролцвол ашиг сонирхолын зөрчил үүснэ”  гэж үзэж байгаа юм. Энэ талаар МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн намрын чуулганаар оюутнуудад тэтгэлэг олгох тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Д.Оюунхорол гишүүнийг ашиг  сонирхолын зөрчилтэй гэж үзээд санал хураалтад оролцуулахгүй чуулганы танхимаас хөөн  гаргах байсан. Тиймээс энэ удаад 17 сайдаа хөөж гаргах ёстой.  

Манай бүлэг ч сайд нарт санаг хураалтад ухамсараар санаг хураалтад оролцохгүй байхыг уриалсан албан бичиг илгээнэ.  Ингэсэн ч сайд нарыг санаг хураалтад оролцуулбал УИХ-ын даргыг хууль зөрчсөнд тооцно. Мөн Монгол Улсад томоохон албан тушаалтнуудад хууль хэрэгжихээ больсныг албан ёсоор зарлана” гэлээ. УИХ-ын дарга гишүүдэд ялгавартай хандаж сайд нарыг санал хураалтад оролцуулсан тохиолдолд МАН- ын бүлэг УИХ-ын даргын эсрэг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах бололтой.

МАН-ын бүлгийн хэлэлцсэн хамгийн сүүлийн асуудал нь энэ оны төсвөөс түр хугацаанд хасч санхүүжилтийг нь зогсоож царцаасан       төслүүдийн тухай байжээ. Уг асуудалтай холбогдуулан санхүүжилтийг нь царцаасан 272 төсөлд аудит хийсэн Үндэсний аудитын ерөнхий газрын дарга А.Зангадыг бүлгийнхээ хуралд оролцуулж тайлбар авсан байна.

Ерөнхий сайд хамгийн анх энэ оны төсвийг авлигажсан төсөв гэж тодорхойлсон бол ерөнхий аудитор А.Зангад “Төслүүдэд шалгалт хийхэд авлигын шинжтэй асуудал илрээгүй” гэж мэдэгджээ. Тиймээс авлига шингээгүй юм бол бүгдийг нь энэ онд санхүүжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Хэрвээ үгүй гэвэл Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээж эдгээр төслүүдийн хаана нь авлига шингэснийг нотлох хэрэгтэй гэв. Мөн Үндэсний аудитын газар төслүүдэд шалгалт хийж дүгнэлт гаргахдаа УИХ-ын бүрэн эрхэнд халдсан гэж МАН-ын бүлэг үзжээ.

Учир нь, Үндэсний аудитын газар зөвхөн төслүүдийн төсөвт өртөг яагаад нэмэгдсэн, хэрэгжих хугацаа нь яагаад уртассаныг тогтоох байтал дүгнэлтдээ төслүүдийг санхүүжүүлэх, хойшлуулах, зогсоох, худалдах зэргээр ангилсан юм. Үүнийг нь УИХ-ын бүрэн эрхэнд халдлаа гэж үзэж байгаа ажээ.