Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн бариад жилийн хугацаа өнгөрлөө.
2014.06.03

Л.Гантөмөр: Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгээр хангахын төлөө ажиллана

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 40 хувь гэртээ цоожлуулж эрх нь зөрчигдсөөр байна. УИХ болон Засгийн Газраас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сүүлийн хоёр жилд юу хийснийг бид тодрууллаа.

Хүүхдийн баярыг хүүхдүүдийг чихэр, жимсээр дайлахаас илүүтэй хүүхдийн эрхийн асуудлаар ярьдаг өдөр болгох нь зүйтэй гэж УИХ-ын эмэгтэй гишүүд үзэж байна. Тэдний зүгээс өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Гэрээр хүүхэд харах үйлчилгээний тухай хууль болон хүүхдийн эрхийг хангах хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлсэн хэдий ч хэлэлцэх дараалал нь арай болоогүй учраас ирэх жилээс хэлэлцэх юм шиг байна гэж гомдоллонгуй ярьж байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн бариад жилийн хугацаа өнгөрлөө. Зарим хуулиуд долоо хоногийн дотор орж ирдэг мөртөө энэ хуулийг одоо болтол парламентаар авч хэлэлцээгүй байна. Энэ мэтээр хүүхдийн төлөө хууль жил гаруйн хугацаанд дарагдаж байна.

Засгийн Газраас хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг ойрын хугацаанд шийднэ гэж БШУ-ны сайд өнгөрсөн есдүгээр сарын нэгэнд хэлж байсан. Ирэх хичээлийн жил болоход хичнээн цэцэрлэг баригдах вэ гэдгийг салбарын сайдаас тодрууллаа.

БШУ-ны сайд Л.Гантөмөр:

Улаанбаатар хот хамгийн том бэрхшээлтэй байгаа учир 30 гаруй цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хувийн хэвшлийнхэн ч бас ийм тооны цэцэрлэг ашиглалтад оруулах байх. Ингэснээр нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 90 орчим хувийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ. Манай зарим гишүүд санаачлаад хүүхэд харах үйлчилгээг бий болгох, түүнийгээ хямд төсөр аргаар хийх санаачлага гаргаад ажиллаж байна. Мэдээж ганцхан жилийн дотор асуудлыг шийдэж хүчрэхгүй. Тиймээс бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.