Ч.Улаан: Бодлогын  хүүг нэмснээр эдийн засаг шууд утгаараа эрчимжихгүй
Сангийн сайд Ч.Улаан
2014.08.04

Ч.Улаан: Бодлогын хүүг нэмснээр эдийн засаг шууд утгаараа эрчимжихгүй

Сангийн сайд Ч.Улаанаас зарим асуултад хариулт авлаа.

-Эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр төсвийн байгууллагууд урсгал зардлаа аль болох танаж байгаа. Гэтэл Гадаад харилцааны яамныхан зардлаа хэмнэх бус улам нэмсэн тухай яриа гарсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Үнэхээр тэгсэн юм уу?

-Хаврын чуулганаар хийсэн төсвийн тодотголоор гадаадад байгаа дипломат байгууллагуудын зардлыг валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж зохицуулах арга хэмжээ авсан.

Дээр нь төсвийн тодотголтой холбоотойгоор УИХ-д санал оруулахаар ажиллаж байгаа.
-Ямар санал?

-Өнөөгийн бий болсон нөхцөл байдалтай холбоотой. Ингэхдээ валютын ханшийг дахин нарийн тооцоолж хийнэ. Нөгөөтэйгүүр, УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу төсвийн зардлыг хэмнэх тухай тусгана.

Хамгийн гол нь төсвөөс гадуур яваа гэж шүүмжлэлд өртөөд байгаа Хөгжлийн банкны болон “Чингис" бондын зарцуулалтыг төсөвт тусгах асуудлыг шийдвэрлэх чиглэлтэй ажиллаж байна.

-Валютын ханш.инфляцийн өсөлттэй холбоотойгоор Тов банкнаас мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Ингэснээр яваандаа эдийн засагт сэргэлт авчирна гэсэн мэдээллийг албаны хүмүүс тайлбарлаж өгч байгаа. Таныхаар үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь эдийн засагт орох мөнгөний хэмжээг тодорхой хэмжээнд хязгаарлана гэсэн үг. Тэгэхээр энэ нь эдийн засгийг идэвхжүүлэхэд шууд утгаараа нөлөө үзүүлэхгүй. Харин эдийн засгийн үзүүлэлтүүдийг оновчтой төвшинд барихад нөлөөлнө.

Тиймдээ ч эдийн засагт богино хугацаанд эерэг нөлөө авчрах байх гэж бодож байна. Ер нь урт болон дунд хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай болно. Тиймээс ойрхон богино хугацаанд бодлогоо оновчтой зохицуулж явах ёстой.

-Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлээд 80 хоног өнгөрлөө. Нэг ёсондоо 20 хоногийн дараа хөтөлбөрийн үр дүнг үзнэ. Танхимын гишүүнээс гадна улсын төсвийг барьж байгаа яамны сайдын хувьд Засгийн газар “Эзэн-100” хөтөлбөрийг ямар төвшинд хэрэгжүүлж байна гэж дүгнэх вэ?

-“Эзэн-100" хөтөлбөр бол эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь ч энэ. Тэгээд ч эдийн засгийг шинээр зохион бүтээнэ гэж байхгүй.

Хийж байгаа ажлынхаа эрч хүчийг нэмэгдүүлж үр өгөөжийг дээшлүүлэх нь чухал. Ингэх гэж л “Эзэн-100”-г хэрэгжүүлсэн. Ерөнхийдөө “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар тэр дундаа Сангийн яамнаас нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Ялангуяа эдийн засгийг эрчимжүүлэх, таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хаврын чуулганы төгсгөлд олон асуудлыг шийдвэрлэсэн.

-Тухайлбал, ямар асуудлыг шийдвэрлэсэн гэж?

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлтүүдийг үзүүлсэн. Ингэснээр гадаадаас импортолж байгаа тоног төхөөрөмж нь татваргүй орж ирснээр ажлын байрыг нэмэгдүүлэх бололцоог нь хангаж өгсөн.

Үүнээс гадна томоохон аж ахуйн нэгжүүдийн тухайд том төсөл хэрэгжүүлбэл түүнд нь оруулах тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж тооцохоор болсон. Ингэснээр томоо- хон аж ахуйн нэгж тэр дундаа үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгө оруулалтдаа анхаарлаа төвлөрүүлэх боломж нь нэмэгдэж байна.

Үүнээс шалтгаалаад хөрөнгө оруулалтын хэмжээ ч нэмэгдэх байх гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр энэ нь валютын хангамжийг сайжруулна. Ингэснээр төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэ мэтчилэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын хаврын чуулганаар Сангийн яам 11 хуулийг батлуулж, бодлогын томоохон өөрчлөлт хийсэн.

Хамгийн гол нь эдгээр хууль бүгдээрээ эдийн засгийг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг нь арилгахад чиглэсэн. Тэгэхээр “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд бизнесийн салбарынхантай маш тодорхой зөвлөлдөж ажилласан гэж хэлж болно.

-Манай улсын эдийн засаг уул уурхай тэр дундаа нүүрсний экспортоос шууд хамааралтай. Тэгэхээр “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ямар ажлыг хийсэн бэ. Өнөөдөр нүүрс олборлодог томоохон компаниуд гэлтгүй нийт массаараа зогсонги байдалд орчихсон байгаа шүү дээ?

-Хийгээгүй биш хийсэн. Тухайлбал, нүүрсний экспортыг дэмжих зорилгоор түүнийг нь тооцдог аргачлал, үнэлгээг үндсээр нь өөрчилж, шинэчиллээ. Ингэснээр энэ салбарт үйлдвэр эрхэлж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжид багагүй дэмжлэг болсон. Цаашлаад бодлогын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг ч хийсэн.

-Тэр нь юу байна вэ?

-Хөрөнгийн биржийг Сангийн яамны харьяанд шилжүүлсэн. Ингэснээр үнэт цаасны хоёрдагч зах зээлийг идэвхжүүлэх арга хэмжээг авч эхлүүлсэн.

-Хөрөнгийн биржийг Сангийн яаманд шилжүүлснээр ямар үр дүн гарна гэж үзсэн юм бэ?

-Зах зээлийн эдийн засгийн бодлогын тулгын гурван чулуу нь төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл байдаг. Өмнө нь төр төсөв мөнгөний бодлогодоо анхаарал хандуулаад санхүүгийн хоёрдогч зах зээлээ орхигдуулдаг байсан.

Ингэж үнэт цаасны зах зээлдээ анхаарлаа сул хандуулснаар үйл ажиллагаа нь жигдэрдэггүй. Эдийн засаг доголдолтой явж ирсний учир-шалтгаан нь энэ.

Тиймээс хоёрдогч зах зээлдээ төрөөс анхаарлаа хандуулах замаар үйл ажиллагааг нь жигдрүүлэх юм. Нэг ёсондоо эдийн засгийн тулгын гурван чулуу зах зээлийнхээ сонгодог зарчмаар ажиллах боломж бололцоо нь бүрдэж байна гэсэн үг.

“Эзэн-100”-гаас үр дүнгээ өгөх нэг зүйл нь энэ.
-Эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр хаа хаанаа л хүндрэлтэй байгаа. Ялангуяа барилгын салбарт банкнаас олгох зээлийг зогсоосон тухай яриа байна. Энэ асуудалд та юу гэж хариулах вэ?

-Бодлогын хүү нэмэгдэхээр зээл зогсоно шүү дээ. Түүнийг нь нэмээд өг, зээлээ багасга, эдийн засгийн тэлэлтийг боль л гэсэн биз дээ. Тийм учраас зээлийн асуудалд хязгаарлалт хийж байгаа.