Ц.Даваасүрэн: Зээл авч бүтээн байгуулалтын ажлаа хийж, хөгжлөө дэмжих ёстой
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.11.15

Ц.Даваасүрэн: Зээл авч бүтээн байгуулалтын ажлаа хийж, хөгжлөө дэмжих ёстой

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс 2014 оны төсвийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Өрийн босгыг 60 хувьд хүргэнэ гэсэн санал унасан. Тэгэхээр АН-ын бүлгийн зүгээс өрийн босгыг 40 хувьд барихаар гаднаас авах зээл хумигдаж, дэд бүтцийн ажил удааширна гэж үзэж байгаа. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Хөгжлийг хурдасгахад чиглэсэн дэд бүтцийн ажлуудыг ирээдүйгээсээ зээл аваад төлөөд явах бололцоо байсан. Үүнийг цаашид ярих байх. Хамгийн гол нь зээл, өрийн асуудал дээр тооцоо, судалгаа сайн байх хэрэгтэй. Өрийн удирдлага сайн байхаас гадна үр ашигтай төсөв зарцуулах нь чухал.

Өрийн удирдлага сайн байхаас гадна үр ашигтай төсөв зарцуулах нь чухал.

Тиймээс үр ашигтай төсөв зарцуулдаг зөв механизмаа гаргаж ирэх явдал. Нөгөө талаар өрийн удирдлагын тогтолцоо буруу яваад байгаа юм. Үүнийг засах хэрэгтэй. Эцсийн дүндээ өрийг төлөх хүн Сангийн сайдын нуруун дээр ирдэг. 2000 оноос өрийн удирдлагын тогтолцоонд Сангийн сайд зээл авч, бүртгэлээ хийж, төлнө гэсэн ч энэ нь алдагдаад байгаа.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн сайд зээл авна Сангийн сайд төлнө гэсэн байдал бий. Тэгэхээр ийм байж болохгүй. Өрийн удирдлагын тухай хуулиа оруулж ирж, өрийн тогтолцоо, бүтцийг сайн болгоод зээл аваад ёстой. Тиймээс зээл аваад бүтээн байгуулалтын ажлаа хийж, хөгжлөө дэмжих ёстой гэдэгтэй санал нэг байгаа.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг эргээд харахад ямар байна вэ. Энэ хуульд өөрчлөлт оруулах болзошгүй нөхцөл үүсээд байгаа юм уу?

-Энэ хууль байснаар төсөв дээр байгаа өрийн харьцааны асуудлын гол суурь болоод өгч байна. Энэ хууль байдаггүй байсан бол төсвөө баталдгаараа батална. Зээл авдгаараа л авна шүү дээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль байснаар төсвийн алдагдлыг өсгөхгүй, зарлага дээр хязгаарлалт тавьж өгч байна. Мөн зээл ч ялаагүй. Тэгэхээр энэ хууль үйлчилж байгаагийн үр дүн.