А.Бакей: Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох ёстой
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.11.07

А.Бакей: Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилох ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараахь тодруулгыг авлаа.

-УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргалаа. Дараагийн Ерөнхий сайдыг ямар дэгээр тодруулах вэ. Хугацааны хувьд ямар зохицуулалттай байдаг юм бэ. Засгийн газрын тухай хуулийн зохицуулалтыг хэлж өгөөч?

Ерөнхий сайд огцорсон тохиолдолд дараагийн Ерөнхий сайдыг УИХ30 хоногийн дотор томилох ёстой. Одоо мөрдөж буй хууль ийм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тэр процесс, тэр дэгийн дагуу явна гэсэн үг.

Тийм учраас УИХ-д хамгийн олон суудал авсан намын хувьд АН бусад нам, эвсэлтэй зөвшилцөж дараагийн Засгийн газрыг байгуулна.

-Сонгуулийн дараахь процесс үргэлжилнэ гэхээр АН, "Шударга ёс" эвсэл, ИЗНН-ын байгуулсан гурвалсан гэрээ өөрчлөгдөнө гэсэн үг үү?

Ер нь бол яриа хэлэлцээ дахиад л эхнээсээ явна даа.

-Сая УИХ-аас Засгийн газрын бүтцийг шинээр баталсан. Шинэ Ерөнхий сайд дахиад өөр бүтэц оруулж ирвэл яах вэ?

Сая баталсан бүтцээр ч явж болно, явахгүй ч байж болно. Яаж явах нь шинээр томилогдох Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Өөрөөр хэлбэл, ямар кабинеттай, ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллах вэ гэдэг саналаа Ерөнхий сайд өөрөө оруулж ирнэ шүү дээ.

-УИХ-аас "Давхар дээл"-ийн хуулийг батлаагүй ч нэгэнт шинээр Засгийн газар эмхлэн байгуулах энэ үед асуудалд олонхи яаж хандах вэ. Таны бодол ямар байгаа вэ?

УИХ нь гүйцэтгэх засаглалдаа хяналт тавихын тулд ерөнхий чиг үүргийн яамдын сайд нараас бусдыг нь гаднаас томилох нь оновчтой. Гэхдээ үүнийг тухайн үед нь ярьж байж л шийднэ шүү дээ.