Эрдэнэ.С 2014.12.01 | Сонин: Өглөөний сонин

С.Эрдэнэ: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай

С.Эрдэнэ: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай
ХАХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр болсон ч өглөөний 10:00 цаг болж байхад хуралдааны танхимд УИХ-ын дарга З.Энхболд болон хэдхэн эмэгтэй гишүүн л сууж харагдсан. МАН-ын бүлгийн гишүүдээс Н.Номтойбаяр нарын хэдхэн гишүүн гарч орон холдилдож байсан бол АН-аас Л.Болд, Ж.Батзандан нарын цөөхөн гишүүн сонин уншиж, утсаараа оролдоод бусдыгаа хүлээж суусан. Энэ үеэр ХАХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ санаа нь зовсон байдалтай гарч орж явахтай таарч энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой хуулийн төсөл болон одоо үүсээд байгаа засаглалын хямралаас хэрхэн гарч болох талаар ярилцсан юм.

-Уг нь УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр болсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Ер нь энэ хуульд зайлшгүй ямар шалтгааны улмаас өөрчлөлт оруулахаар болоод байгааг тайлбарлахгүй юу?

Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд батлагдснаас хойш 20 жил өнгөрч, энэ хугацаанд уг хуульд 10 шахам нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ удаагийн өөрчлөлт хийх болсон нь дараах хэдэн учир, шалтгаантай юм. Эхний өөрчлөлт цаатан иргэдтэй холбоотой. Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэн даатгалд албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалд хамрагддаг болно гэсэн үг.

Монгол Улсын үндэсний цөөнх болох цаатан иргэд нь амьдралын онцлог байдал, аж төрөх хэв шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал амьдарч, цаа бугаа даган байнга нүүдэллэн амьдардагаас шалтгаалан нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгааг шинэчилсэн хуулийн төсөлд тусгасан. Тайгад амьдардаг цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг ч хуулийн төсөл санаачлах үндэслэл болсныг дурдах ёстой.

Хамгийн сүүлийн мэдээл­лээр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 583 цаатан иргэн оршин сууж байгаагаас 54,3 хувь буюу 317 нь цаа буга маллан тайгад амьдарч, бусад нь талд болон сумын төвд амьдарч байна.

Тайгад амьдарч байгаа 317 цаатан иргэнээс 129 нь хүүхэд, 24 нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч, 164 хүн нь насанд хүрсэн цаатан иргэн байгаа юм. Эдгээр иргэний тэтгэврийн болон тэтгэмжийн даат­галын шимтгэлийг төрөөс хариуцан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх хувиар тооцвол нэг иргэнд жилд 179,7 мянга, нийт 164 иргэнд 29,5 сая төгрөгийн зардал гарах тооцоо хийсэн.

Дараагийн өөрчлөлт нь даатгуулагч ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа, авч байсан цалин­тайгаа уялдаатай тэтгэвэр тогтоогдох зарчим, бодлого алдагдах сөрөг үр дагавар бий болж байгааг арилгах зорилготой юм.

Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай, Иргэний хуулийн дагуу ажил олгогч нь иргэнтэй байгуулсан гэрээгээр тохирсон цалин хөлс, орлогод шимтгэл ногдуулахгүй байх, мөн тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг зохицуулаагүй талаар шүүхийн хэд хэдэн удаагийн шийдвэр гарч, энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсч байсан.

Иймд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэхэд даатгуулагч, даатгагчийн хооронд саналын зөрүү бий болсныг одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа учир хуулийн өөрчлөлт хийхээр болсон юм.

-Уг нь Нийгмийн даатгалын тухай хууль бол ард иргэдэд хамгийн ойр, өдөр тутмын амьдралд нь байнга хэрэглэгддэг хууль. Гэтэл зарим нэг амьдралаас хол хөндий, зарим үед иргэдийг хохироосон нэлээн хэдэн зүйл, заалт байдаг л даа. Жишээлбэл ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн тогтоож, чирэгдэлгүй олгох гээд л?

Бид энэ талаар нэлээн ул үндэстэй судалгаа хийсний үндсэн дээр зарим тодорхой өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах болон санхүүгийн тайлан гаргах, тайлагнах цагалбар нь 2013 оноос мөрдөж эхэлсэн Төсвийн тухай хууль­тай зөрчилдөж байгаа, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд зарим хөдөлмөрийн нөхцөл дутуу байгааг гүйцээх зорилготой заалтуудыг ч багтаасан.

Таны асуусан ажил­гүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэл­сэн тохиол­долд ажилгүйдлийн тэтгэмж олголтыг түдгэлзүүлэхээр одоо мөрдөгдөж байгаа хуулинд зохицуулсан байдаг нь тухайн даатгуулагч үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаад ажлаасаа чөлөөлөгдөх үед ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болдог.

Шинэ Засгийн газрын талаарх намуудын зөвшилцөл үргэлжлээд явж байгаа гэж сонссон.

Иймд шинэчилсэн хуулийн төсөлд даатгуулагчийн үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж авсан цалин хөлс, орлогоос ажил­гүйдлийн тэтгэмжийн шимтгэл тооцохгүй байхаар өөрчлөлт оруулсан.

Хэрвээ дээр дурдсан асуудлуудыг хуулиар нэг тийш зохицуулахгүй бол нийгмийн даатгалын шим­тгэл ног­дуулалт, төлөлтийн асуудлаар ажил олгогч болон даат­галын байгууллагын хооронд маргаан, зөрчил, үл ойлголцол бий болохын зэрэгцээ тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс, орлогын дээд хэм­жээг тог­тоох харилцааг хуульчлаагүйгээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдал өсч, тэтгэврийн зөрүү бий болох, улмаар зарим иргэдийн тэтгэврийн хэмжээ шимтгэл төлсөн хугацаанаас төдийлөн хамааралгүй үндэслэлгүйгээр нэмэгдэх, нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, санхүүгийн тайлан гаргах, тайлагнах хугацаа Төсвийн тухай хуультай нийцэхгүй байх зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй байгаа юм.

-Сайд аа хоёулаа ярианыхаа сэдвийг ялимгүй өөрчилье. Та сая ирц нь бүрдэхгүй байгаа УИХ-ын хуралдааны танхимд сууж байгаад гарч ирлээ. Таны хувьд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа гацаанд орчихоод байгаа өнөөдрийн нөхцөл байдалд ямар дүн шинжилгээ хийж байгаа вэ?

Шинэ Засгийн газрын талаарх намуудын зөвшилцөл үргэлжлээд явж байгаа гэж сонссон. Харин УИХ-ын хувьд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлээд л явж байгаа. Хууль тогтоох ажлын хэсгүүд, байнгын хороодын үйл ажиллагаа явдаг жарчмаараа л явж байна. Ер нь хуулийг олон тоогоор үйлдвэрлэсэндээ биш, нийгэмд үйлчлэх цар хүрээ, үр өгөөж нь ямархуу хууль батлагдан гарч байна вэ гэдэг нь л хамгийн гол асуудал юм.

Тоон үзүүлэлт хөөцөлдөхдөө бус эцсийн үр дүн л чухал. Нам­рын чуул­ганаар хэлэлцэхээр батлагдсан төлөвлөгөөт хуулиуд, дээр нь хэлэлцүүлгийн явцад хөндлөнгөөс орж ирж байгаа хуулийн төслүүд бий. Манай салбарын хувьд энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гол хуулийн төслүүдээ ерөнхийд нь оруулсан.

Жишээ нь Гэр бүлийн тухай хууль дэмжигдээд гарсан, өнөөдөр Хүн амын хөгжлийн цогц бодлогын тухай төрөөс баримтлах бодлого батлагдаж гарна гээд хуулиуд маань хэлэлцүүлгийн шатанд бүгд л дэмжигдээд явж байна.

Үүнээс үндэслэн УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн гацаа үүссэн гэж үзэхгүй байна. Хэвийн хэмжээнд л байгаа. Гүйцэтгэх засаглалын хувьд хүлээгдэж байгаа асуудал нь өөрөө хуулийн хугацаатай учир шийдээд явчих болов уу. Шинэ Ерөнхий сайд томилогдсноос хойш 14 хоногийн дотор Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. Энэ хугацаандаа багтаад Засгийн газраа бүрдүүлэхээр талууд идэвхтэй ажиллаж байгаа байх.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газар хугацаандаа байгуулагдаж засаглалын болон, эдийн засгийн хямралаас хохирол багатай гараасай гэсэн хүлээлт нийгэм даяар үүсээд байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна?

Мэдээж би ч гэсэн монголын нийгэм, ард түмэн юу хүсч байна адилхан л тийм өөдрөг бодолтой явна. Монгол орны хувьд эдийн засгийн хямрал түр зуурын асуудал шүү дээ. Өргөн уудам газар нутаг, байгалийн асар их нөөц баялаг, ухаалаг ард түмэн нь бэлэн байхад төрийн бодлого л зөв явбал Монгол орон өнөөдрийн энэ жаахан бэрхшээлээс богино хугацаанд гарч, цаашаа үсрэнгүй хөгжих бүрэн боломжтой.

Хамгийн гол нь хөгжлийн маш зөв бодлогоо яаралтай тодорхойлон гаргах ёстой юм. Засаглалын хямралын тухайд хамгийн гол нь УИХ-д суудалтай намуудын хоорондын харил­цааны асуудал юм л даа. Гол нь хөгж­лийн бодлогоо зөв тавиад, улстөрийн намууд сайтар ойл­гол­цоод, түүнийгээ хэрэгжүүлэх механизмаа зөв тогтоогоод явбал засаглалын хямрал гээд байгаа өнөөдрийн хүндрэлийг маш богинохон хугацаанд даваад гарах бүрэн боломжтой.

-Яг өнөөдөр намуудын зөвшилцлийн хүрээнд гар хүрч чадахгүй байгаа олон зүйл тухайлбал Үндсэн хуулийн тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд авъя гэж олон улстөрчид ярьж байна. Энэ талаар ямар бодолтой яваа вэ?

Миний хувьд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас хурдхан гарахын тулд хоёр зүйлд ихээхэн анхаарал хандуулаасай гэж бодож яваа. Нэг­дүгээрт зөвшил­ц­лийн хүрээнд асуудал шийдэгдээд явах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг зайлшгүй ярих ёстой. Үндсэн хуулийн заалттай холбоотойгоор яг зогсчихоод байгаа олон асуудал бий.

Жишээлбэл Засаг захиргааны эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөхөөс эхлээд, эдийн засгийн томоохон реформын асуудлууд байна. Мөн Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон ордуудтай холбоотой нөхцөл байдлыг зохицуулах гээд олон асуудлыг яаралтай шийдэж чадвал эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг шал өөр нүдээр харах боломжтой болно.

Хамгийн гол нь хөгжлийн маш зөв бодлогоо яаралтай тодорхойлон гаргах ёстой юм.
-Сүүлийн үед Ерөнхий сайдын эрх мэдлийг онцгой нэмэгдүүлэх, бүр зарим хүмүүс Япон, Германы Ерөнхий сайд нар шиг парламентыг шууд тараадаг, танхимын сайд нараа гадны ямар ч нөлөөгүй зөвхөн өөрийн үзэмжээр томилдог гэх мэт олон өөрчлөлтийг даруйхан хэрэгжүүлж эхлэх ёстой гэж ярих боллоо. Энэ асуудлыг шийдэх гарц харагдана уу?

Эдгээр шинэчлэлтүүд нь зөвхөн Үндсэн хуулин­даа зоригтой өөрчлөлт оруулснаар л хэрэгжих асуудал шүү дээ. Түүнчлэн Үндсэн хуулиас улбаалан гарах салбар хуулиудаа маш боловсронгуй болгож байж энэ асуудлууд шийдэг­дэх боломжтой. Өнөөдөр мөрдөгдөж байгаа манай Үндсэн хуульд энгийн зарим нэг асуудлыг хэтэр­хий хүндрүүлж, асуудлыг түвэг­тэй болгочихсон заалтууд бий.

Харин тэдгээрийг нь салбар хуулиар өөрчлөн зохицуулах боломжгүй байдаг. Яагаад гэвэл заавал Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байж л шийдэгдэх асуудал олон байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуулинд зарим өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага бидний өмнө зогсож байгаа.

-Зарим улс­төрийн нам­ын дарга, удирдлагаас эхлээд олон мэргэжилтэн, судлаачид Ерөнхийлөгчийн засаг­лалын давуу талын тухайд Казак­стан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаеваар жишээ татан ярих боллоо. Засаглалын энэ хэлбэр Монгол Улсад аль хэр тохиромжтой бол?

Миний хувьд засаглалын хэлбэр ямар байх нь асуудлыг шийдэх гол арга зам биш гэж хардаг юм. Монгол орны өөрийнх нь үндэсний зан заншил, соёл, түүх, хүн ардынх нь сэтгэхүйн онцлог гэж хамгийн гол зүйл байна. Монголчууд мянган жилийн өмнөөс л парламентын засаглалтай явж ирсэн улс шүү дээ.

Жишээ нь их эзэн Чингис хаан чухал зарлиг гаргахдаа хэзээ ч ганцаараа толгой мэдэн шийдээд гаргаж байсан түүх байхгүй. Их хуралдайг хуралдуулан хэлэлцүүлж, тэгээд тэндээс гарсан хамгийн сайн гэсэн саналыг зарлиг болгон гаргадаг байж. Үүнийг л маш сайн бодолцож, олон талаасаа нухацтай ярилцан шийдвэрлэх ёстой гэж бодож явдаг.