Багануур дүүргийн нийт иргэдийн 95,8 хувь нь хот болгохыг дэмжсэн
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар нийслэлийн Багануур дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтад Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Өнөржаргал болон Багануур дүүргийн иргэд оролцлоо.
2015.02.11

Багануур дүүргийн нийт иргэдийн 95,8 хувь нь хот болгохыг дэмжсэн

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар нийслэлийн Багануур дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтад Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Өнөржаргал болон Багануур дүүргийн иргэд оролцлоо.

Энэхүү уулзалтаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Улсын их хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэр болон дүүрэгт хийсэн бүтээн байгуулалт, өөрсдийн ажиллаж буй ажлын хэсэг, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар танилцуулан иргэдийн санал бодлыг сонссон юм.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2014 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудлууд болон баталсан хуулиудаас онцгойлон Эрүүл мэндийн даатгал, Шилэн данс, Номын сангийн тухай хуулийн талаар танилцуулсан бол УИХ-ын гишүүн Л.Болд Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр, Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар танилцуулсан юм.Гишүүдийг ажлаа танилцуулсаны дараа уулзалтад ирсэн иргэд дүүрэгтээ болон улс эх орондоо тулгамдаж буй асуудлын талаар өөрсдийн санал бодлыг хэлж, асуулт тавилаа.

Иргэдийн зүгээс хамгийн их ирж байгаа санал нь Багануур дүүргийн газар нутгийн хэмжээ болон тэтгэврийн зээлийн хүү, ажлын байрны тухай байсан юм. Мөн жижиг дунд бизнесийн зээл хийж бүтээе гэсэн хүн бүхэнд хүрч чадахгүй байгааг шүүмжлээд иргэдтэйгээ уулзалт хийж байгаа нь сайшаалтай боловч сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудынхаа нөхцөл байдалтай танилцаач гэж хүссэн юм.

Багануур дүүргийн иргэд тойргоос сонгогдсон хоёр гишүүнээ аль хуулийн төсөл дээр саналаа хэлж, ямар хуулийн төсөл дээр үзэл бодлоо илэрхийлэхгүй байгааг нь хүртэл хэлж, шүүмжилж, УИХ-аар хэлэлцэж буй хуулиудын талаар нэлээд мэдээлэлтэй байсан юм.

Жишээлбэл, Сонгууль, нам, давхар дээл, эдийн засгийн өршөөлийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх үү, Л.Эрдэнэчимэг гишүүний өргөн барьсан Согтууруулах ундааны тухай хуулийн тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай тэмдэгтийн хураамж хэт өндөр байна, эдийн засгийн өршөөлийн хуульд хэнийг хамруулах вэ гэхчлэн асууж байсан юм.

Уулзалтын дараа Багануур дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын даргаас цөөн зүйлийгтодрууллаа.Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал: Багануур дүүрэг аль хэдийнэ нийгэм, эдийн засгийн хувьд орон нутгийн хэмжээний хот болсон
-Хот болоход Багануур дүүр- гийн газар нутгийн хэмжээ бага байна гэдгийг иргэд хэлж байна. Хот болгох төсөл дэмжигдвэл энэ асуудлыг шийдэх боломж- той юу?

Багануур дүүрэг 60 мянган га газартай. Нийслэлийн дүүргүүд дотроосоо хамгийн олон малтай нь. Одоогийн байдлаар 151 мянган малтай 500 гаруй малчин өрхтэй. Багануур дүүрэгт газар нутгийн асуудал байнга яригддаг. Цаашдаа ’ засаг захиргааны өөрчлөлтөд оруулж бүсийн хөгжлийн төв болгохтой зэрэгцэн газар нутгийн хэмжээг ойрын сумдынх нь хүрээнд шийдэж өгөхийг хүсмээр байна.

-Ойролцоо оршдог Төв болон Хэнтий аймгийн нийт хэдэн суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлж байна вэ?

Өнөөдөр Багануур дүүрэг статистик тоогоор 27 мянган хүн амтай гэж байгаа боловч эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарын үйлчилгээ авч байгаа хүний тоо хэдийнэ 30 мянгад хүрсэн. Тойргийнхоо сумдын нийгмийн асуудлыг шийдье гэвэл Багануур дүүргийг улсын статустай хот болгох нь зайлшгүй шаардлагатай байгаа. Багануур дүүрэг аль хэдийнэ нийгэм, эдийн засгийн хувьд орон нутгийн хэмжээний хот болчихоод байна. Хот болох асуудал маань УИХ дээр очоод замхрах вий гэж иргэд хамгийн ихээр санаа зовж байгаа. Тиймээс энэ асуудалд үе үеийн Багануур дүүргээс сонгогдсон болон одоо ажиллаж байгаа гишүүдээ анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж: Багануур дүүргийн нийт иргэдийн 95,8 хувь нь хот болгохыг дэмжсэн Багануур дүүргийг хот болгох ажлын явц ямар байна вэ?

2012 оны нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулиар алслагдсан дүүргүүдээ бие даасан дагавар хот болгоно гэж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дарга мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд нийслэл болон Багануур дүүрэг хичээн ажиллаж, энэ ажил маань үр дүнтэй урагшилж байна.

Багануур дүүргийг хот болгохын тулд нэн тэргүүнд хотын дүрэм шаардлагатай байсан учир тендер зарлаж “Ач холдинг” ХХК хотын дүрмийг боловсруулсан. Өнгөрсөн арван нэгдүгээрсард хотын дарга Э.Бат-Үүл Багануур дүүрэгт ирж хотын дүрмийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж,иргэдээсээ санал авч дүрмээ эцсийн байдлаар баталсан.

-Иргэдийн хэдэн хувь нь бие даасан хот болгохыг дэмжсэн бэ?

Нэгдүгээр сарын 21, 22-ны өдөр “Үндсэн дүрмээ батлах уу, бие даасан хот болгохыг дэмжиж байна уу” гэсэн санал асуулгыг явуулсан. Санал асуулгад Багануур дүүргийн нийт санал өгөх ёстой иргэдийн 77,9 хувь нь буюу 12200 гаруй хүн оролцож 95.8 хувь нь дүрмээ баталж хот болгохыг дэмжсэн.

Үүний дагуу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, тогтоолоо гарган, нийслэлийн Засаг даргад өргөн барьсан. Одоо Нийслэлийн Засагдарга Иргэдийн төлөөлөгчийн хурлаараа хэлэлцээд Засгийн газар, УИХ-д өргөн барина.

-Өмнө нь хот болох асуудлыг ярьж байсан ч амжилт олоогүй. Энэ нь юунаас болж байв?

2006 онд санал өгөхөд хот болгох асуудалд дүүрэг ганцаарчлан зүтгэж дээрээс нь хотын дүрэмгүй байсан. Харин одоо нийслэлтэйгээ хамтран зүтгэж байна. Одоо хотын дүрэмтэй болж, нийт иргэдийн 95,8 хувь нь дүрмээ дэмжсэн болохоор бид эрх зүйн акттай болсон.