Ж.Эрдэнэбат: МИАТ жилд 45 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна
"МИАТ" -тай холбоотой асуудал
2015.02.11

Ж.Эрдэнэбат: МИАТ жилд 45 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна

Төрийн өмчийн томоохон компаниудыг хувьчлах гэж буй асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Өчигдөр Байнгын хороогоор төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудал орлоо. Эхний ээлжинд 20 компанийн нэр яригдаад байна. Энэхүү жагсаалтад ямар компаниудыг багтсан бэ. Тэдгээр компаниудыг хувьчилснаар эдийн засагт хувьд эерэг өөрчлөлт гарах уу?

Улсын төсвийн орлогыг батлахдаа бид 180 орчим тэрбум төгрөгийг төрийн өмчийн өмч хувьчлалаас оруулахаар тусгасан. Энэхүү өмч хувьчлалын төлөвлөгөөг УИХ-аар батлуулдаг. Үүнд МИАТ компани,  Монголын хөрөнгийн бирж, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр гэх мэт газрууд бий. Нэг талдаа бид эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд өмчөө хувьчилна гэдэг бол буруу шийдвэр. Гэхдээ төсвийн орлогын тасалдсаныг нэг талдаа нөхөх, хоёрт зарлагаа санхүүжүүлэх зорилготойгоор хуулинд тусгагдаад явж байгаа зүйл. Тиймээс хувьчлалын асуудлууд яригдаж байгаа.

Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч улсын үйлдвэр нэртэй алдагдалтай ажилладаг байгууллагуудыг аль болох хувьчилж, алдагдлыг нь бууруулах чиглэл барих ёстой. Нөгөө талдаа эдийн засгийн энэ хүндрэлийн үед аль болох үнэ цэнийг нь алдагдуулахгүй хувьчлах бололцоо, боломжийг хайх ёстой. Хэрвээ УИХ-аар тогтоол батлагдвал тийм л байдлаар өмч хувьчлал явагдана.

-Жишээ нь МИАТ компанийн хувьд хэр хэмжээний алдагдалтай ажиллаж байна вэ?

МИАТ компанийн хувьд Их Эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэж байгаад онгоц аваад л, сүр дуулиан болоод  хэвлэл мэдээллээр яриад явсан. Энэ үйл ажиллагаанаасаа хамааралтайгаар МИАТ компани өнөөдөр үндсэндээ дампуурлын шинж байдалд орсон байгаа. Жилд 45 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Дэлхийн жишигт манайх шиг жижиг авиа компанийн хувьд онгоцыг ингэж шууд бэлэн мөнгөөр худалдаж авдаг түүх байхгүй юм билээ.

Харамсалтай нь Монгол Улс ганцхан энэ түүхийг бий болгоод Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаад онгоцыг бэлэн мөнгөөр худалдаж авсан. Энэ худалдаж авсан бэлэн мөнгө нь тодорхой хэмжээнд хүүтэй зээл. МИАТ-ийн асуудал маш хүнд байдалд байгаа.

Зам тээврийн яам, манай яам хоёроос хамтарсан ажлын хэсэг МИАТ дээр ажиллуулъя гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Энэ ажлын хэсэг МИАТ-ийн үйл ажиллагааны алдагдлыг тодорхой хэмжээнд бууруулах чиглэл барьж ажиллана. Энэ шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. МИАТ компани улирал бүр зээлийн хүүндээ 4.2 сая ам.долларын төлдөг. Үүнээсээ шалтгаалаад байгууллагын үйл ажиллагаа алдагддаг.

Аливаа байгууллага хөрөнгө худалдаж авах юм уу, зээл авах гэж байгаа тохиолдолд бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулаад үр ашгаа тооцон шийдвэрээ гаргах ёстой. Харамсалтай нь МИАТ-ийн өмнөх удирдлагууд тухайн үеийн Засгийн газар энэ тооцоог хийлгүй шийдвэр гаргаснаас үүдэн өнөөдөр МИАТ-ийг хүнд байдалд оруулсан. Цаашдаа МИАТ-ийн хувьчлалын асуудал яригдаад эхэлбэл, энэ компанийн хувьд ганц онгоцноосоо болоод бараг үнэ цэнгүй хувьчлагдана.

Хэрвээ энэ зээлийг төлөхгүй бол Монгол Улсын Засгийн газрын баталгаа гаргасан зээл төлөгдөхгүй байна гэдэг үндэслэлээр Монгол Улсын гадаад нэр хүндэд буруугаар нөлөөлөх нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр ганц компанийн асуудлыг цаг орчим ярьж байж Засгийн газрын гишүүд шийдлээ гаргалаа.

Цаашдаа ийм алдаатай бодлогуудыг олон дахин гаргаад байвал зүгээр нэг компанийн хувьд ч биш Монгол Улсын хувьд ч гэсэн эрсдэлтэй. Тиймээс алдаатай шийдвэр гаргахгүй байх нь энэ Засгийн газрын үүрэг.

-Эдийн засгийн хямралын үед төрийн өмчийн том компаниудыг хувьчлах нь төрийн өмчийг үнэгүйдүүлэх эрсдэлтэй гэж харж байгаа. Та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

Би тэдгээр хүмүүстэй санал нэг байгаа. Нэг талдаа алдагдалтай яваад байгаа төрийн компаниудыг хувьчлах нь зүйтэй боловч, нөгөө талдаа аль болох үнэ цэнийг нь алдагдуулахгүй хувьчлах нь энэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх ёстой. Ийм боломж байгаа эсэхийг тооцох үзэх юм бол хүнд. Би энэ хувьчлалын үйл ажиллагаан дээр эсрэг байр суурьтай байгаа.

Гэхдээ харамсалтай нь бидэнд 178 тэрбум төгрөгийн орлогыг энэ өмч хувьчлалын орлогоор ол гээд төлөвлөгөө гаргаад өгчихсөн. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бид өмч хувьчлалыг хийхээс өөр аргагүй. Хэрвээ өмч хувьчлалыг хийхгүй бол төсвийн орлогын төлөвлөгөө 180 орчим тэрбум төгрөгөөр тасарч, үүнээс нөгөө танасан байгаа зардлуудаа санхүүжүүлнэ гэхэд дахиад энэ хэмжээний зардал хасагдах нөхцөл байдал үүсч байгаа.

-Хувьчлагдах гэж байгаа ТӨК-уудын жагсаалтад байгаа Монголын Хөрөнгийн биржийг Лондонгийн Хөрөнгийн биржид, Цахилгаан холбоо компанийг БНСУ-ын компаниудад шилжүүлэх гэх мэтийн асуудал бичигдсэн байсан. Үүнээс энэ хоёр компаниа гадны компанид худалдах гээд байгаа мэт дүр зураг харагдаад байна?

Энэ хоёр байгууллагын хувьд тухайн гадны байгууллагуудаас нэлээд их хэмжээний санхүүжилт буюу зээл авсан. Үүнийг эргэж төлөх бололцоо байхгүй. Түрүүний МИАТ дээр ярьсан жишээ энд ч давтагдаж байгаа. Монголын Хөрөнгийн биржийн хувьд Лондонгийн Хөрөнгийн биржээс 300 сая ам.долларын зээл авсан. Үүнийгээ эргэж төлөх чадваргүйгээсээ болоод өнөөдөр хувьчлалын асуудлыг ийм байдлаар шийдэх нөхцөл үүссэн.

-Өнөөгийн үүсэн эдийн засгийн нөхцөл байдлаас гарах гарц нь үнэхээр ТӨК-уудаа хувьчлах асуудал мөн үү. Эсвэл арай өөр гарц байж болох байсан уу?

Хувьчлалын хувьд улсын төсөвт орлогыг суулгаад, жил бүр хийгддэг арга хэмжээ биш. Өмнөх жилүүдэд хийгдэж л байсан. Харин энэ жилийн хувьд нэлээд өндөр хэмжээний төлөвлөгөө тусгасан байсан. Төсвөө бодит нөхцөл байдалд нь аваачихын тулд орлого, зарлагаа нэлээд хассан. Ингэхэд нэг их наяд төгрөгөөр хасах төлөвлөгөөтэй байсан. Гэвч тэгж чадаагүй. Хасагдаж байгаа орлогод өмч хувьчлалын орлого ороогүй. Учир нь эдийн засгаас төсөв рүү орж байгаа орлогын хэмжээ нь маш бага байгаа.

Үүнээс болоод улсын төсөв өндөр хэмжээний алдагдал хүлээх, алдагдлыг дотоод бондоосоо санхүүжүүлэх асуудал бий болчихоод байгаа. Магадгүй бид тодорхой хэмжээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээрээ эдийн засагт нөлөөлөл бий болж, тэндээс орлогын төлөвлөгөө давах нөхцөл байдал үүсвэл, өмчөө хувьчлахгүй явах бололцоотой. Ер нь бол эдийн засгийн нөхцөл байдал, төсөв маш хүнд байгаа.

Намайг анх энэ ажлыг хүлээж авахад Сангийн яам  -717 тэрбум төгрөгийн төрийн сангийн үлдэгдэл данстай байсан. Он дамжихад 400 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй явсан. Өнөөдрийн байдлаар ч гэсэн хасах үлдэгдэлтэй л явж байгаа. Энэ -717 тэрбум төгрөг гэдэг бол улсын өр шүү дээ. 717 тэрбум төгрөг бол цалин, тэтгэврийг 30 орчим хувиар нэмэх бололцоотой мөнгө. Дээр нь хүүхдийн мөнгийг хоёр жил тавих хэмжээний мөнгө.