Үггүй хэлээр хүүрнэсэн нь
Талын мэлмий Дасал зүрх. үзэсгэлэн
2015.02.11

Үггүй хэлээр хүүрнэсэн нь

"Талын мэлмий, Дасал зүрх" гэрэл зургийн үзэсгэлэн олны мэлмийг мялаан өчигдөр нээгдлээ.

Хэл соёл, үндэс угсаа, нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүй хэн бүхэн хэл нэвтрэлцэн ойлголцож болох тэр л хэлийг урлаг гэх нь бий. Тэр дундаа мэдээллийн асар өргөн сүлжээ бүхий технологийн эрин зуунд гэрэл зураг дэлхий нийтийн хэл болтлоо хөгжжээ.

Гэрэл зураг нь улс орон, үндэстэн хоорондын танин мэдэхүй, мэдлэг мэдээлэл, соёлын солилцооны сонгодог хэрэглүүр болсоор удаж.Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсаний 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй олон арга хэмжээний нэг нь Хятадын соёлын өдрүүд юм.

Соёлын өдрүүдийн хүрээнд Хятад, ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын хамтран гаргаж буй "Талын мэлмий Дасал зүрх" гэрэл зургийн үзэсгэлэн олны мэлмийг мялаан өчигдөр нээгдлээ. Үндэсний уран зургийн галарейд дэлгэсэн тус үзэсгэлэнг Монгол, Хятадын соёлын харилцааны Нийгэмлэг  ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг Хятадын Pheonix телевизийн Умард Азийн салбар Монгол Улсын БОНХАЖЯ, "Чингис хаан" групп хамтран зохион байгуулсан юм.

"Pheonix " телевизийн Умард Азийн салбарын дарга ӨМӨЗО-ны гэрэл зурагчин Хүчит тэргүүтэй Өвөрмонголын хоёр, Хятадын гурван гэрэл зурагчны бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнгийн нээлтэд хоёр орны гэрэл зурагчид болоод соёл, урлагийн салбарын нэр бүхий төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Таван гэрэл зурагчин ӨМӨЗО-ныг хөндлөн тулд туулж малчин ардын ахуй амьдрал, соёл уламжлал байгалийн сайхныг гэрэл зургийн хальснаа буулгасан 210 нэгж бүтээлээс бүрдэх үзэсгэлэнгийн үеэр хоёр орны гэрэл зурагчдын чөлөөт уулзалт болсон юм.

Уулзалтаар гэрэл зурагчдын бүх талын хамтын ажиллагааг сайжруулж хамтарсан үзэсгэлэн гаргах, туршлага солилцох фото аялал зохион байгуулах гэхчлэн. цөөнгүй асуудлаар санал солилцсон юм. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ӨМӨЗО-ны гэрэл зурагчин Хүчитийг БОНХАЖ-ын дэд сайд Б.Тулга Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.