Дэлхийн орнууд дахь эрүүл мэндийн салбарын хувьчлал
Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн оролцоо хэтэрхий их байх нь нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг
2015.03.18

Дэлхийн орнууд дахь эрүүл мэндийн салбарын хувьчлал

Саяхан нийслэлийн удирдлага хувьчлал хийх 19 байгууллагын жагсаалт гаргасны дотор эрүүл мэндийн салбарт харъяалагдах газрууд оржээ. Энэ шийдвэр олон нийтийн дунд маргаан өрнүүлж, эмнэлгийн ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарч байна.

Тэгвэл нөгөө талаас нь дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоонд төрийн болон хувийн оролцоо ямар байдгийг авч үзье. Диилэнх оронд эрүүл мэндийн салбарт хувийн өмчийн оролцоо хязгаарлагдмал, төрийн хараанд байдаг ажээ.

Азийн систем

Хонконг

Дэлхийд хамгийн сайн эрүүл мэндийн тогтолцоотой гэгддэг Хонконгийг аваад үзье.  Эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх ажлыг Эмнэлгүүдийг удирдах Хэлтэс хариуцдаг. Эрүүл мэндийн тогтолцоо нь холимог бөгөөд 44 төрийн эмнэлэг, 13 хувийн эмнэлэгтэй.  Түүнчлэн шүдний эмчилгээ гэх мэт анхан шатны үйлчилгээ өгдөг эмнэлгүүд бий. Тогтолцоо нь гурван үе шаттай. Эхнийх нь ханиадаас тарилга хүртэлх анхан шатны үйлчилгээ.  Хоёр дахь нь урьдчилан сэргийлэх эмчилгээ. Гурав дахь нь урт хугацааны эмчилгээ шаардсан өвчнүүд, мэс ажилбарууд гэх мэт.

Хувийн эмнэлгүүд нь голдуу нэг, хоёрдугаар зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээг өгдөг. Харин төрийн зүгээс гурван төрлийн үйлчилгээг бүгдийг нь хүргэдэг. 

Гонконгийн эрүүл мэндийн тогтолцооны давуу тал нь өндөр технологийн хөгжил

Сингапур

Сингапур улс эрүүл мэндийн маш өвөрмөц тогтолцоотой. Хэдийгээр Засгийн газар эрүүл мэндийн үйлчилгээний дөнгөж 4 хувийг санхүүжүүлдэг ч чанараараа дэлхийд хоёрт ордог. Бүтэц нь маш энгийн.  Олонхи орнууд улсын эмнэлгийн сүлжээг байгуулж төсвөөр санхүүжүүлдэг байхад Сингапурт эрүүл мэндийн байгууллагыг бус үйлчилгээнийх нь үр дүнг санхүүжүүлдэг. Ингэхдээ санхүүжилтын ихэнх хэсгийг хүн амын орлого багатай хэсэгт зориулдаг. Гэхдээ “А” зэрэглэлийн үнэтэй үйлчилгээнд мөнгө өгдөггүй.

Хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн хооронд нэг ялгаа бий. Хувийн эмнэлгүүд төрөлжсөн байхад улсын эмнэлгүүд нь бүх үйлчилгээг өгдөг.  Сингапурт нийт 40 гаруй эмнэлэг байдгийн 9 нь хувийнх.

Европын систем

Европын орнуудын эрүүл мэндийн тогтолцоо нь 19 дүгээр зууны сүүлээр “нийгмийн хуулийг” нэвтрүүлсэн Бисмаркийн зарчмаас эхлэлтэй. 

Бисмаркийн систем тэр хэвээрээ 1945 оныг хүртэл үйлчилсэн. Хорин жилийн дараа дахин сэргэж өнөөдрийг болтол Герман, Франц, Голланд, Чехи, Бельги, Австри улсуудад оршин тогтносоор байна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гол элемент цалингийн хувь хэмжээнээс авдаг шимтгэл.  Энэ шимтгэл нь Европын орнуудад 13-15 хувь. Ажилтан, ажил олгогчийн төлөх шимтгэлийн харьцаа янз бүр. Германд 50-50, Чехид 70-30, Францад ажил олгогч бүр 96 хувийг төлдөг.

Беверижийн загвар

1942 онд Английн Хөдөлмөрийн яамны орлогч сайд байсан Ви­ль­ям Ге­н­ри Бе­ве­риж нь Бисмаркийн системийг шинэчилжээ. Тэрээр  даатгалын шимтгэлээс эрүүл мэндийг үйлчилгээг санхүүжүүлдэг байсныг болиулж татварын мөнгөөр зохицуулдаг болжээ.

Энэ систем өнөөдөр ч гэсэн Англид үйлчилдэг.  Орлого багатай иргэд, тэтгэврийнхэн, ажилгүй хүмүүст тэтгэмж өгдөг. Эмнэлгийн үйлчилгээний 80 хувийг татвараас санхүүжүүлж, үлдсэн 20 хувийг даатгалын системээс олдог. Бүх эмнэлгүүд төрийн мэдэлд байдаг ч эмч нар нь хувийн секторт байдаг шиг хөлсний ажилчид. Гэр бүлийн эмч нар нэг бол Их Британий Эрүүл мэндийн албатай гэрээ байгуулж, нэг бол хөлсөөр ажилладаг.

Английн эмнэлгүүд Их Британий харъяат биш ч тус улсад түр оршин сууж буй гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг.

Хойд Европ

Швед, Финлянд, Данийн эрүүл мэндийн тогтолцоонд төрийн оролцоо давуу байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ бүх хүнд хүртээмжтэй бөгөөд эмнэлгийн байгууллагад ямар нэгэн хүнд суртал байхгүй. Өвчтөн өвчин туссан тухайн үедээ биш урьдчилж мөнгө төлснөөр бүх үйлчилгээг авах эрхтэй. 1990-иэд онд хийсэн шинэчлэлээр Эрүүл мэндийн асуудал хариуцсан төв байгууллагын нөлөөг багасгаж орон нутгийн эмнэлгүүдийн үүрэг, хариуцлагыг нэмжээ. Орон нутгийн удирдлагын үйл ажиллагааны 90 хувь нь эрүүл мэндийн асуудалд төвлөрдөг. 

Зүүн Европ

Нэгэн үе коммунист дэглэмийн нөлөөнд байсан Төв болон Зүүн Европын орнууд урьдын адил бүх нийтийг хамарсан үнэ төлбөргүй эрүүл мэндийн тогтолцоотой. Гэвч бүх үүрэг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төв байгууллагад төвлөрсөн учраас төсөв хувиарлахад хүндрэл гардаг. Эдгээр орнууд Европын холбоонд элссэнээр эрх мэдлийн төвлөрлийг тархааж эрүүл мэндийн салбарт өрсөлдөөнийг бий болгох шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ.  Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын салбарт хувийн оролцоо нэмэгдэж байна. Одоогоор Зүүн Европын орнуудад эрүүл мэндийн үйлчилгээний чанар Европын нормоос доогуур байна.

Атлантын далайн цаад талаар

Канад

Канадын эрүүл мэндийн тогтолцоог үнэгүй гэж ярьдаг. Гэвч үнэн хэрэгтээ Эрүүл мэндийн тухай хуулинд зааснаар зөвхөн даатгалтай үйлчилгээнүүд үнэгүй.  Олон тооны үйлчилгээ төрийн даатгалын гадна үлддэг.  Тухайлбал зарим мужид шаардлагагүй гэж үзсэн эмчилгээ, эмийг даатгалд хамруулдаггүй.  Эрүүл мэндийн санхүүжилтын эх үүсвэр нь татвар, даатгалын шимтгэл, бэлэн мөнгө.

Канадын иргэн болгон дунджаар жилд 2,5 мянган долларыг эрүүл мэндийн татварт өгдөг. Эмнэлгүүдийн үйл ажиллагааг хангах, эм худалдаж авахад ихэнх мөнгийг зарцуулдаг. 

Эрүүл мэндийн даатгалын систем нь оношлуулах, эмчлүүлэх, мэс засал хийлгэх зэрэг үйлчилгээг үнэгүй авах боломжийг олгодог. Даатгалгүй хүний хувьд Канадад эмчлүүлнэ гэдэг маш үнэтэй. 

Мужийн эмнэлгүүд ахмад настан,  хүүхэд,  ажилгүйчүүд, сэтгэцийн өвчтэй хүмүүс нэмэлт үйлчилгээг өгөх ёстой. 

АНУ

Америк орон эдийн засгийн хөгжлөөр хамгийн хөгжингүй ч эрүүл мэндийн тогтолцоо нь төгс бус. Эрүүл мэндийн салбарт хувийн сектор хүчтэй.  Хэн мөнгө төлнө, тэр хүн эмчлүүлнэ гэсэн зарчим үйлчилдэг.  Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын аль аль нь үнэтэй.  Олонхи тохиолдолд ажил олгогч даатгалын хагасыг төлдөг.

АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо хэтэрхий зах зээлжсэн нь 32 сая иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэжээ.

АНУ-д даатгалгүй л бол эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Зөвхөн тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусгай хөтөлбөрт хамрагддаг. Түүнчлэн ядуу иргэд, жирэмсэх эхчүүд, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр бий. Гэвч энэ хөтөлбөрүүд нь зорилтот бүлэгтээ 100 хувь үйлчилдэггүй учраас эмчлүүлэгч өөрөөсөө зардлын 20 хувийг гаргадаг. 

Иймэрхүү эрүүл мэндийн зах зээлжсэн тогтолцоо нь АНУ-ын 32 сая иргэн эрүүл мэндийн даатгалгүй хоцроход хүргэв.

Тиймээс Барак Обама эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ.

Монголд ямар тогтолцоо хэрэгтэй вэ?

Хэдийгээр улс орнуудад эрүүл мэндийн тогтолцоо нь харилцан адилгүй ч нэг нийтлэг шинж бий. Төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, санхүүжилтын эх үүсвэрээс үл хамааран эрүүл мэнд хэмээх нийгмийн чухал салбарыг зах зээлийн өрсөлдөөний дагуу чөлөөлж огт болохгүй гэдэг нь харагдаж байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад социалист нийгмийн өв уламжлал бүхий Монголд оронд юуны түрүүнд дараах зүйлсийг хийх хэрэгтэй:

  1. Эрүүл мэндийн асуудлыг төрийн нэг байгууллагад хэтэрхий төвлөрүүлэхээ больж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эдлэх эрх, хүлээх үүргийг нэмэх. Үүний тулд бодлогоор чадварлаг боловсон хүчнийг орон нутагт илгээж ажиллах орчинг нь сайжруулах. Ингэвэл хөдөөнөөс ирэх өвчтөнүүдийн тоо багасч төв эмнэлгүүдийн ачаалал буурна. Тэр чинээгээрээ зардал чирэгдэл нь ч багасна.
  2. Эрүүл мэндийн салбар дахь хувийн оролцоог хангахдаа эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний төрлүүдэд зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох. Харин төр өөрөө хүн амын аюулгүй байдалтай холбоотой өвчлөлийн асуудлыг өөртөө авч, энэ чиглэлээр ажилладаг гадна дотны хувийн байгууллагуудыг хянаж байх.
  3. Төрийн бодлогоор анагаахын салбарт өндөр технологийг нэвтрүүлж, боловсон хүчний чадварыг сайжруулах. Ингэснээр гадагш чиглэсэн мөнгөний урсгал багасна.