Ерөнхий сайдыг огцруулах саналыг 17 гишүүн дэмжсэн
Улсын Их Хурал
2015.05.30

Ерөнхий сайдыг огцруулах саналыг 17 гишүүн дэмжсэн

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өргөн барина гэдгээ мэдэгдэж гишүүдээс гарын үсэг цуглуулж  буй.

Тэд “Оюу толгой”-н Далд уурхайн гэрээ Монгол Улсад ашиггүй, анх төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаас хэд  дахин нэмэгдэж байгааг эсэргүүцэн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байгаа хэмээн тайлбарласан. Одоогоор тус төслийг дэмжин 15-17 гишүүн гарын үсэг зураад байгаа. Хэн хэн дэмжиж гарын үсэг зурсан талаар олон нийтэд мэдээллэх болоогүй хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлсэн.

Сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдээд байгаа энэ үед байгуулагдаад удаагүй Засгийн газрыг огцруулах нь хэр оновчтой шийдвэр болох талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

М.Батчимэг: УИХ-ын хамгийн чухал хийх ёстой ажил сайд огцруулах бус Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах

Бид хангалттай улс төржиж, хангалттай хэрүүл тэмцэл хийдэг. 1990 оноос хойшх 25 жилд 16 дахь Ерөнхий сайд ажиллаж байна. Нэг Засгийн газар дунджаар 1.5 жил ажилладаг гэсэн үг.

Тиймээс бид өнөөдөр засаг огцруулах талаар ярих бус, Монгол Улс хэрхэн эдийн засгаа өөд татах, тогтвортой хөгжихийн тулд тогтвортой засаглалыг хэрхэн бий болгох вэ гэдэгт хамгийн их анхаарал хандуулах цаг. Энэ онд УИХ-ын хамгийн чухал хийх ёстой ажил сайд огцруулах бус Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.

Үндсэн хуульдаа зөв өөрчлөлт хийж, Засгийн газар нь тогтвортой, хариуцлагатай ажиллаж чаддаг, УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чаддаг засаглалын зөв, тэнцвэртэй механизм, таатай нөхцөл, зөвшилцөл, ойлголцлыг бий болгохын төлөө ажиллах ёстой. Намууд ийм зүйл л ярьж хамтран засаг байгуулсан шүү дээ.

О.Баасанхүү: Оюу толгой гишүүдийг худалдаж авах гэж оролдож байна

 

Ерөнхий сайдыг огцруулах төсөл дээр гарын үсэг зурсан гишүүдийн нэрийг одоохондоо зарламааргүй байна.Яагаад гэвэл Оюу толгой мөнгөтэй. Хүмүүсийг янз бүрийн байдлаар худалдаж авчих гээд байна.

Ялангуяа бүлгүүд дээр лобби орж ирж байгаа. 18-19 гишүүний гарын үсгийг цуглуулсны дараа олон нийтэд зарлана. Оюу толгой, Таван Толгойн асуудал дээр лобби нэлээн их явж байна. Гишүүдийг худалдаж авах гэсэн оролдлогууд их байгаа. Ерөнхий сайд зарим гишүүдийг дуудаж янз бүрийн зүйл амлаж байна.

Л.Цог: Ерөнхий сайдыг огцруулах төсөлд гарын үсэг зурахаа намаас асуух шаардлагагүй

Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг нийгэм тэр чигээрээ сайн сайхан зүйл боллоо гэж ойлгож байгаа нь харамсалтай. Оюу толгойн үйл ажиллагааны баримтын шалгалтыг Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хороогоор хаалттай хэлэлцсэн. Энд ойролцоогоор 2-3 миллиард төгрөгийн зөрчил илэрсэн.

Хөрөнгө оруулалтаа нэг миллиард орчмоор нэмэгдүүлсэн. 130 сая долларын татварыг 30 сая болгож бууруулсан гээд маш ноцтой зөрчил илэрсэн. Ийм гэрээг бидэнд хэлэлгүйгээр очиж зурсан.

Оюу толгойн гэрээг анх батласан Ерөнхий сайд асан С.Баярын замаар явсан. Ерөнхий сайдыг огцруулах төсөлд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд гарын үсэг зурсан. Намтай зөвлөөд байх зүйл байхгүй.

Б.Бат-Эрдэнэ: Анх 2.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн боловч одоо 14 тэрбум доллар болгосон

Оюу толгойн төслийн гэрээг хийх үеэс бид шүүмжлэлтэй байсан. Анх 2.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн боловч 5.1 тэрбум болгосон.

Дараа нь 8.3 болгосон нэмж зургаан тэрбум доллар авах талаар ярьж байна. Нийт 14 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Энэ их мөнгөний 34 хувийг Монголын төр төлөх ёстой.

Ийм гэрээ хэлэлцээр хийчихээд зөв гээд сууж байна. Тиймээс би Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэж үзэж гарын үсэг зурсан. Оюу толгойд хоёр тэрбумын зардлын хэтрэл байгааг тогтоогоод байгаа ч огт хэлэлцэхгүй байна.

М.Сономпил: Би Ерөнхий сайдыг огцруулах төсөл дээр гарын үсэг зурахгүй

 

Бүлгийн хурал дээр Ерөнхий сайд Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан талаараа мэдээлэл, тайлбар хийсэн.

Манай намын хэдэн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах талаар ярьж байгаа боловч бүлгийн шийдвэр гараагүй. Би Ерөнхий сайдыг огцруулах төсөл дээр гарын үсэг зурахгүй.