О.Баасанхүү: Хэлмэгдэгсдийн ар гэрт төр анхаарах ёстой
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.05.27

О.Баасанхүү: Хэлмэгдэгсдийн ар гэрт төр анхаарах ёстой

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.

Тус байнгын хороонд зөвхөн энэ онд гэхэд 199 өргөдөл ирснээс дийлэнх нь хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдээс нь хаяглажээ. Хэвлэлийн бага хуралд хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл болох өндөр настнууд оролцсон юм.

Тэд 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хууль гарч хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд нь нэг сая төгрөг олгохоор болсон ч бодит байдал өөр байгаа аж.

Байнгын хорооны даргаас зарим зүйлийг тодруулав.

-Хэлмэгдэгсдийн ар гэрт төрөөс хэрхэн анхаарах тухайд танд ямар санал байгаа вэ?

Хэлмэгдэгсдийг гурав ангилж болохоор байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн эхнэр нөхөр, үр хүүхэд, хамаатан садан гэж ангилж болно. Хамгийн өрөвдмөөр хэсэг нь тэдний үр хүүхэд. Тэд хувь заяагаа сонгож төрөөгүй. Төрөхөд нь эцэг эхийг нь буудан хөнөөж, өөрсдийг нь ардын дайсны үр сад гэж сургууль, ажил төрөлд авдаггүй ийм эмгэнэлтэй хувь заяа угтсан.

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ахмадууд болох 87-94 насны 400 гаруй иргэн аж төрж байна. Эдгээр ахмадын бараг 90 хувь нь тэтгэмж болон нөхөн төлбөр авдаггүй. Авч байгаа нь хамгийн бага буюу 200 мянган төгрөгийн тэтгэмж авдаг юм байна. Тэгэхээр өдрөөс өдөрт цөөрч буй эдгээр буурлыгаа анхаарч манай байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн. Мөн хуульд өөрчлөлт оруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэхүйц буюу ойролцоогоор 100 мянган төгрөгийг тэтгэвэр дээр нь нэмж олгох хуулийн төсөл санаачилсан юм. Тэгвэл төрөөс бага ч болов анхаарч байна гэж тэд сэтгэл нь тайвшрах байх.

- Хэлмэгдэгсдийг хариуцдаг Цагаатгалын комисс байгаа шүү дээ?

Комисст хуулийн боломж нь хомс. Нэг сая төгрөг олгосон. Цагаатгалын комисс уг нь хуулийн төсөл санаачилж оруулсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг хэрэгтэй байгаа юм. Энэ нь нөхөн төлбөрт зарцуулах мөнгө. Өнөөдөр ийм эдийн засгийн боломжгүй учир хууль батлагдахад хэцүү. Тиймээс 400 гаруй ахмаддаа тэтгэвэр дээр нь 100 мянган төгрөг өгч болно. Энэ хуулийн төслийг Засгийн газраас санал авахаар өгсөн ч хойшлуулсаар байна.

Ерөнхий сайдыг гайхах юм. Уржигдрын хуралдаанаараа 30 гаруй асуудал хэлэлцсэн ч энэ саналыг оруулаагүй. Миний хувьд их яарч байна. Эдгээр ахмад биднийг хүлээхгүй шүү дээ. МАН-ынхан энэ талаар дугарахгүй байгаад гайхаж байна. Удирдлагад нь байсан хүмүүс хэлмэгдүүлэлтийн үед зарим нь байсан. Ю.Цэдэнбалыг цагаатгах төсөлдөө энэ тухай дурдаж болно шүү дээ. Мөн Ардчилсан нам ч гэсэн үүн дээр олигтой ажилламаар байна. 1990 онд тэд коммунизмаас салъя гэж гарч ирсэн.