“Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурал Төрийн ордонд болж байна
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо
2015.05.25

“Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурал Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай эрх зүйн болон захиргааны салбарт албан ёсоор хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж буй “Эрх зүйт төр-Эрхэм зорилго” сэдэвт олон улсын онол-практикийн  бага хурал өнөөдөр /2015.05.22/ Төрийн ордонд болж байна.

Онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа нээж, нэгдсэн хуралдааныг удирдав. Хуралд оролцогчдод хандсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж танилцуулсны дараа  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар мэндчилгээ дэвшүүллээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Ханнс-Зайделийнсан нь Монгол Улсын Засгийн газартай 1995 онд эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөлгөө өгөх тухай хэлэлцээр байгуулснаар 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн . Тухайлбал, Монгол Улсад анх удаа Захиргааны хэргийн шүүх байгуулах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль боловсруулан батлуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. Мөн 2002 онд Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ.

Мөн  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдГ.Тийдеманн болон ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Төрийн сайд асан, профессор, хатагтай У.Мэннле нар  мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. 

“Эрх зүйт төр-Эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурал нь Төрийн ордны “Б” танхимд Захиргааны эрх зүй ба “А” танхимд Эрүүгийн эрх зүй салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

Онол-практикийн бага хурлын дараа 20 гаруй жилийн тэртээгээс ийнхүү тасралтгүй хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрсэн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай хэлэлцээрийг үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр  Хуульзүйн яаманд болох юм.

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Ханнс-Зайделийн санг төлөөлж тус сангийн тэргүүн, хатагтай У.Мэннле нар гарын үсэг зурна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.