Хэлмэгдэгсэд нөхөн олговор хүсэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр, “Тус байнгын хороог ахалж ажилласнаас хойш улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд олгох нөхөн олговрын асуудлыг нааштайгаар шийдэж өгөөч, ингэхийн тулд зохих шатны байгууллагууд нь анхаарлаа хандуулж ажиллаач гэсэн өргөдөл гомдол тасралтгүй ирж байна.
Одоогоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийн төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2 их наяд төгрөг шаардагдах юм байна гэсэн тооцоо байгаа. Гэхдээ хүүгийн нөхцөл байдлаас хамаарч батлагдах магадлал их муу байна" гэв.
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцож буй иргэдийн ихэнх нь дунджаар 80 хүрсэн, хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд юм байна. Нийт нөхөн олговор шаардагдах иргэд гэвэл 73-92 насны 400 орчим хүн аж. Өргөдлийн байнгын хороо Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг О.Баасанхүү гишүүн онцоллоо. Тэрбээр мөн "Нийгмийн халамжийн болон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа.
Дээрх асуудалтай холбоотой УИХ-ын тогтоолын төслөө Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тогтоолын төслийн гол агуулга нь улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн иргэдийн ар гэрийнхэн хөдөлмөрийн хөлсний хэмжээний 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 100 мянган төгрөгийг тэтгэвэр дээр нь нэмж сар бүр олгох асуудлыг хаврын чуулганд оруулах хэрэгтэй гэсэн асуудлыг тусгаж өгсөн. Өчигдөр Засгийн газар 30 гаруй асуудал хэлэлцсэн ч манай асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна.
Манай энэ ахмадууд чинь төр засгийн шийдвэрийг хүлээж суухаар залуу халуун настай хүмүүс биш шүү. Тухайн үедээ энэ хүмүүс улс төрийн гэмт хэрэгтний хүүхдүүд гээд сургууль соёлд хамрагдаагүй, олигтой ажил төрөл эрхлээгүй байдаг. Иймээс тэд өнөөдөр энэ нийгмийн хамгийн ядуу амьдралтай хүмүүс болчихоод байна" гэв.