Баасанхүү.О Бурмаа.Р 2015.05.29 | Сонин: Зууны мэдээ

Бэлчээрийн нэгдсэн бодлого хэрэгтэй гэв

Бэлчээрийн нэгдсэн бодлого хэрэгтэй гэв
Өргөдлийн байнгын хороо

Монгол Улс бэлчээртээ анхаарал хандуулахгүй бол энэ чиглэлд нэгдсэн бодлого байхгүй, яам, тамгын газарт тарсан асуудалд уялдаа байдаггүйгээс хэдэн малчдаас өөр мэдэх хүнгүй, хариуцах газаргүй болжээ.

Өргөдлийн байнгын хорооноос  өчигдөр зохион байгуулсан “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлан”-г танилцуулах зөвлөгөөнд оролцогчид энэ тухай асуудал дэвшүүллээ. Зөвлөгөөнд тус байнгын хорооноос гадна Хүнс, хөдөө, аж ахуйн яам,Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл, судлаач, эрдэмтэд хамтарсан юм.

Энэ нь бэлчээрийн асуудалд төр, хувийн хэвшил, ТББ гээд олон талын оролцоо чухал байгааг харуулсан томоохон үйл явдал болов. Үүний өмнө буюу энэ сарын 22-нд болсон “Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Манай байнгын хороонд малчдаас бэлчээрийн асуудалтай холбоотой өргөдөл олон ирдэг.

Монгол Улс 113 сая га бэлчээр нутагтай, харин малын' тоо толгойн хувьд хонин толгойд шилжүүлэн тооцвол нийтдээ 74.6 сая гэсэн тооцоо бий. Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаас манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай гэсэн судалгаа гаргасан байна” хэмээн онцолж байсан юм.

Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсын нийт мал хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 74,6 сая байгаа нь бэлчээрийн даацад тохирч байгаа ч малын төрөл хоорондын харьцаа сүргийн бүтэц эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжгүй байгааг зөвлөгөөнд оролцогчид ярьж байна. Мөн зарим нутагт бэлчээргүй болсон  мөн бэлчээр талхлагдах байдлаас гарахын тулд сэлгэдэг бол ийм боломж дутмаг байгааг судлаачид хэллээ.

Мөн бэлчээр болон газрын харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж байгаа ч цогцоор нь шийдэх цаг ирсэн гэдгийг зөвлөгөөнд оролцогч талууд бүгд хүлээн зөвшөөрч байсан юм.

Тухайлбал, Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлан”-г ' танилцуулсан доктор Булгамаа зуслангуудын бэлчээрийн бүслүүрээрээ харилцан адилгүй: Нягтрал ихтэй байдлаас гарах арга нь чөлөөлөх, нутаг сэлгэх, ашиглагдаагүй газруудыг ашиглах хэрэгтэй. Сэлгэх боломжгүй тохиолдолд малын тоог зохицуулахаас аргагүй байгааг хэлсэн.

ХХААЯ энэ талаар ямар бодлого барьж байгааг салбарын сайд Р.Бурмаагаас тодруулахад “Бэлчээрийн асуудлыг зохицуулахад нэг талаас малын тоо толгой, нөгөө талаас малыг чанаржуулах, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар салбарын яам бодлого барьж ажиллаж байгаа” гэв. Энэ чиглэлд бас чухал сэдэв нь малчдыг мэдээллээр хангаж, эрсдэлээс хамгаалах асуудал юм.‘ Ялангуяа говийн бүс нутаг, хэлбэлзэл бүхий газарт бэлчээрийн хуваарилалтыг хийхдээ ган, зудын байдал, газрын гарц ямар байхыг урьдчилан гаргаж, бэлчээрийн даац, малын тоо толгойг зохицуулах боломжтой гэв.

Судалгаанд оролцсон гадаадын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бэлчээрийн хууль эрхзүйн орчинг сайжруулахгүйгээр, мөн бэлчээрийн ашиглалтыг үр дүнтэй болгох ямар нэгэн журам гаргалгүйгээр бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн доройтлыг бууруулахад бэрхшээлтэй. Ямар хуулиар яаж зохицуулах вэ гэсэн хууль дүрэмгүй, малчид өөрсдийн дур зоргоор бэлчээрээ ашиглаж ирснийг эргэж харах зайлшгүй шаардлагатайг онцолж байлаа.