Бакей.А 2015.06.02 | Сайт: Gogo.mn

Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг бүлгийн хурлаар яриагүй

Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг бүлгийн хурлаар яриагүй
УИХ-ын гишүүн А.Бакей

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн А.Бакейгаас тодрууллаа.

-Танай бүлэг парламентын үйл ажиллагааны талаар хэлэлцэх шиг боллоо?

Парламентын үйл ажиллагаа нээлттэй байх нь зөв, эсэх талаар ярилцаж байна. Нээлттэй дамжуулснаар олон нийт УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн талаар ил тод мэдээлэл авч, тухайн хуулийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох ач холбогдолтой.

Гэхдээ сүүлийн үед УИХ-ын чуулганы үйл ажиллагаа шууд дамжуулж байгаатай холбоотойгоор гишүүд энэ талаар саналаа хамаагүй хэлэх, бие бие рүүгээ зохисгүй үг хаях нь нөгөө талаар олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байна.

Нөгөө талаар УИХ-аар улс орны аюулгүй байдал гэх мэт чухал асуудал хөндөгддөг. Тэгэхээр чуулганыг эхнээс нь дуустал нээлттэй нэвтрүүлэх нь зөв, буруу эсэхийг ярилцаж байна.

-Сонгуулийн хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэх бол?

Сонгуулийн тогтолцооноос бусад бүх асуудлыг эцэслэсэн гэж болно. Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөх уулзалтууд хийж байгаа. Одоогийн байдлаар холимог тогтолцоо зүйтэй гэж үзэж байгаа ч эцсийн шийдэлд хүрээгүй  байна. Зөвшилцөлд хүрэнгүүт УИХ-д өргөн мэдүүлнэ.

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн гэсэн. Энэ асуудал юу болов?

Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлэхээр болсон.

-Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг бүлгийн хурлаар ярьсан уу?

Яриагүй.