Тавантолгойн гэрээг Бээжинд байгуулж магадгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.04

Тавантолгойн гэрээг Бээжинд байгуулж магадгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчлах үедээ Тавантолгойн гэрээг байгуулах гэж байна” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэрбээр Рио Тинтотой Оюутолгойн далд уурхай хөгжүүлэх Дубайн гэрээг урьдчилан хэлж байсан учраас энэ мэдэгдэл нь олон  нийтийн анхаарлыг татсан юм.  Тэрбээр хэвлэлийн бага хурал  хийх үедээ “Ерөнхий сайд ирэх сарын  9-11-нд БНХАУ-д  айлчлах үеэрээ Тавантолгойн  асуудлаар Дубайд байгуулсан шигээ гэрээ байгуулах гэж байна. Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээг “Дубайн гэрээ” гэж нэрлэдэг болсон шиг Тавантолгойн  гэрээг “ Бээжингийн гэрээ “ гэж нэрлэдэг болохыг үгүйсгэхгүй.

Дубай руу явахаас нь өмнө гэрээ байгуулах гээд байна шүү гэж анхааруулсан.Тухайн үед сэтгүүлчид надаас ‘Танд гэрээ байгуулах нь гэсэн ямар баримт байгаа юм бэ” гэж асууж байлаа. Би далдыг хардаг хүн шиг тодорхой хэлсэн шүү дээ. Гэхдээ хардаад, эсвэл далдыг харчихаад урьдчилан мэдээлэл хийгээд байгаа юм биш. Тодорхой мэдээлэлтэй болоод л ярина шүү дээ.

Засгийн газар ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй зарим хүнээс мэдээлэл авалгүй яахав. Тиймээс  Бээжинд очоод Тавантолгойн асуудлаар Дубайд байгуулсан шиг гэрээ байгуулж, эх орноосоо урваж болохгүй шүү гэдгийг урьдчилан анхааруулж байгаа юм. Өмнө нь анхааруулсаар байтал Оюутолгойн асуудлаар гэрээ байгуулсан   шүү дээ” хэмээн өгүүлсэн юм.