Анхнаасаа луйврын маягтай гэрээ оруулж ирсэн
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Тавантолгойн ажлын хэсэг хаврын чуулганы хугацаанд ажиллаад, гэрээг Засгийн газарт буцаах шийдвэр гаргасан. Мөн Засгийн газар ч төслөө татаж авлаа. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслийг буцаах болсон хамгийн гол шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?
-Гэрээ маш олон хууль зөрчсөн. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хууль. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” өөрөө лиценз эзэмшигч нь байтал хөрөнгө оруулагч буюу “Энержи Ресурс” талдаа бүх эрх мэдлээ өгөхөөр байгаа юм. Мөн Газрын тухай хуулийг зөрчиж, газар эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулагчдад шууд дамжуулахаар байсан. Концессын тухай хуулийг мөн зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулиар газрын доорх баялгийг хэн нэгэн хүн өмчлөх эрхгүй. Гэтэл Тавантолгойн ордын нүүрсийг хөрөнгө оруулагч талд шууд өмчлөх эрхтэйгээр шилжүүлж байгаа юм.
Шууд тэдний өмч болчихож байгаа гэсэн үг. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. 2012 онд гарсан УИХ-ын тогтоолоор иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлсэн. Иргэд энэ хувьцаанаасаа ногдол ашиг хүртэх ёстой. Тэр тогтоолыг бас зөрчсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрт хувьцааны талаар мөн дурьдсан. Түүнчлэн төмөр замын 51 хувийг Монгол Улс өөрөө эзэмших ёстой гэж заасан. Авто тээврийн тухай хууль, Төмөр замын бодлого дээр стратегийн чухал ач холбогдолтой төмөр замын 51-ээс дээш хувийг төр өөрөө эзэмшинэ гэж заасан байгаа.
Энэ бүх бодлого, тогтоол, хуулиуд зөрчигдсөн. Тэгэхээр нэг гэрээ оруулж ирээд, тэр гэрээндээ тааруулж, өмнө нь гаргаж байсан хууль, тогтоолуудаа өөрчлөх гээд байгаа юм. Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөл дээр өмнө нь гарсан УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжүүдийг өөрчлөх саналууд нь давхар орж ирсэн. Гэрээндээ тааруулж хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагагүй. Хууль тогтоомждоо тааруулж, гэрээндээ өөрчлөлт оруулах ёстой.
-Цаашдаа УИХ-аас Засгийн газарт зөвлөмж өгөх шаардлагатай юу?
Бид УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихад бэлдэж байгаа. Тогтоолын төслийг зөвхөн ажлын хэсгээс биш УИХ-ын 30 гаруй гишүүд өргөн барина. Тогтоолын төсөл дээр одоогийн байдлаар 20 гаруй гишүүн гарын үсэг зурна гэдгээ илэрхийлээд байна. Тогтоолын төслөөр “Эрдэнэс Тавантолгой” компани 51 хувиа эзэмшинэ. Монголын төмөр зам компани хөндлөн чиглэлийн болон урагшаа явж байгаа төмөр замынхаа 51-ээс доошгүй хувийг эзэмших, 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн гурван зүйл заалтыг тусгаж өгөх юм. Хэрэв УИХ-ын тогтоол энэ байдлаар батлагдвал гэрээ яах аргагүй өөрчлөгдөж таарна. Тэгэхээр тендер ч бас дахиад зарлагдах байх.
Тавантолгойг аль болох хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй гэх шаардлага бий. Дээр нь бүтээн байгуулалт, төмөр зам аль болох хурдан баригдах ёстой. Тендер дахин зарлагдах гэх зэргээр бүх үйл явц шинээр эхэлбэл, ажлаа хурдан явуулах шаардлага хэрхэн хангагдах вэ?
Урагшаа явж байгаа төмөр замыг баригдаж байхад нь хүчээр зогсоочихсон. Энэ гэрээг хүчээр байгуулах гэж тэр төмөр замын ажлыг зогсоосон. Тэгээд төмөр замаа Тавантолгойтой хамт өгнө гээд, луйврын маягтайгаар явуулчихсан. Төмөр замаа одоо Засгийн газар өөрөө үргэлжлүүлээд барих хэрэгтэй. Төмөр замыг барихад Чингис бондоос 250 сая ам.долларыг шийдээд, ажил явагдаж байсан. Тийм учраас энэ ажил үргэлжлэх бүрэн боломжтой. Тэнд Солонгосын хөрөнгө оруулалтын банк, дэд бүтцийн банкнаас зээл олгоно гэдгээ илэрхийлсэн байсан.
Энэ бол маш ашигтай төсөл. Төмөр зам нэг тэрбум ам.доллараар босно. 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд, үлдсэн 25 жилийн хугацаанд Монгол Улсад 1.2 тэрбум ам.долларын ашиг өгөх төсөл. Нэгдүгээрт, төмөр зам өөрөө ашигтай ажиллана. Хоёрдугаарт, Тавантолгойн орд газарт байгаа компаниуд Эрдэнэс Тавантолгой, Ухаа худаг дахь “Энержи Ресурс” гээд компаниуд нүүрсний тээвэрлэлтээ төмөр замаар явуулснаар тонн тутамдаа 10 ам.долларын ашиг хүртэнэ. Тийм учраас төмөр замаа Засгийн газар яаралтай явуулах ёстой. Төмөр зам бол энэ төслөөс үл хамаарна. Харин тавантолгой дээр яарах зүйл байхгүй.
-Яагаад?
Яагаад гэвэл нүүрсний зах зээл уначихсан байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ хямд үнээр олборлоод, тодорхой хэмжээнд борлуулж байна. “Энержи Ресурс”-ийн харьяа Ухаа худаг болон жижиг Тавантолгой гэх зэрэг маш олон уурхай зогссон байгаа. Учир нь нүүрсний үнэ уначихсан, Хятадын зах зээл илүүдэлтэй болчихсон байна. Ийм үед бид ямар ч хөрөнгө оруулалт нэмж хийж, шалгарууллаа гээд илүү ашигтай нөхцөл байдал үүсэхгүй. Тэгэхээр М.Энхсайхан сайдын ярьж байгаачлан Тавантолгойг хурдан явуулчихвал Монголын эдийн засаг босох гээд байна гэдэг нь худлаа.
Та түрүүн төмөр замын ажил тусдаа явагдах боломжтой гэсэн. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт дээр Тавантолгойн гэрээн дээр урагшаа явж байгаа төмөр замаас гадна хөндлөн чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулалтыг давхар шийдэх ёстой гэж тусгасан?
Яагаад гэхээр энэ бараг шийдэгдэж байгаа асуудал. Японы Засгийн газраас Монголын хөндлөн чиглэлийн төмөр замын төсөл дээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монголын гадаад харилцааны яамтай харилцан ойлголцлын баримт бичиг дээр гарын үсэг зурчихсан. Энэ наймдугаар сард Японы Ерөнхий сайдтай хөрөнгө оруулалтынхаа гэрээнд гарын үсэг зурна гэсэн хүлээлт бий. Хөндлөн чиглэлийн 1800 гаруй км төмөр зам дээр Японы хөрөнгө оруулагчид орж ирэхэд бэлэн байна.
Энэ нь ямар утгатай вэ гэхээр Хятад улс Азийн дэд бүтцийн банк байгуулсан. Үүндээ нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эхний байдлаар хийчихсэн. Тэр байгууллагад Монгол Улс гишүүнээр элссэн. Хятадын энэ том дэд бүтцийн банк байгуулагдаад, Азийн томоохон дэд бүтцийн сүлжээг хийх гэж байгаа нөхцөлд Японы талд энэ ашиггүй. Яагаад гэхээр энэ геополитикийн хувьд маш том ашиг сонирхлын асуудал.
Энэ утгаараа Японы тал ч бас хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байгаа. Үүний нөгөө талд Хятад улс 1.2 тэрбум ам.долларыг Азийн дэд бүтцийн банкаар дамжуулан Азийн дэд бүтцэд зарцуулна гэдгээ зарлачихсан. Тэгэхээр бидний хувьд энэ алтан үе юм. Хятад болон Японы хоёр талын сонирхлыг төмөр замынхаа сүлжээн дээр ашигтайгаар оруулж ирнэ гэсэн үг.
Хаврын чуулган өндөрлөчихсөн. Одоо намрын чуулганаар асуудал шийдэгдэж амжих болов уу. МАН-ынхны хувьд “АН хоорондоо зодолдсоор байгаад энэ том төслийг гацаалаа” гэх маягаар тайлбарлаж байгаа. Тэгэхээр цаашдаа ч бас төсөл урагшлахад хэцүү боллоо гэж байгаа шүү дээ. Намрын чуулганаар шийдэгдэх боломж байна уу?
Нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. “Энержи ресурс” гэдэг хөрөнгө оруулагч өөрөө хэний талд байна вэ гэх асуудал. Хувьцаа эзэмшигч нь өөрөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн байна. Энэ утгаараа ямар ч үнээр хамаагүй Тавантолгойн ажлыг явуулахын төлөө Ардын намын гишүүд зүтгэж байна. “Энержи Ресурс” бол МАН-ын хувьд сонгуулийн маш том санхүүжүүлэгч, хандивлагч нь болж таарна. Тэр утгаараа МАН-ынхан Тавантолгойг урагшлуулахын төлөө зүтгэж байгаа.
Ер нь Тавантолгойг гадны хөрөнгө оруулагчгүйгээр ашиглая гэх яриа бас гарсан. Энэ үнэхээр боломжтой юу?
Богино хугацаанд жилдээ 30-50 сая тонноор гаргах хэрэгтэй байна гэж үзвэл 49 хувь дээр гадаадын хөрөнгө оруулагч оруулж ирж болно. 49 хувь дээр “Шенхуа”, “Энержи Ресурс” өөр ямар ч компани оролцох бүрэн боломжтой. 51 хувиа төр өөрөө эзэмшинэ. Яагаад төрийн том компани байгаад тэр нь ард иргэддээ ногдол ашиг хуваарилаад явж болдоггүй юм. Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хутгалдах хэрэггүй гэдэг. Тэгсэн мөртлөө “Эрдэнэт” гэдэг том компани өнөөдөр биднийг тэжээж л байна. Хоёр дахь Эрдэнэт бол Тавантолгой шүү дээ. Тавантолгойгоо хоёр дахь Эрдэнэт болгосноор ирээдүйд бидний үр хүүхдэд өндөр ногдол ашиг хуваарилна.
-Ярилцсанд баярлалаа.
.