Ө.Энхтүвшин:Хоёр сонгуулийг нэг өдөр явуулахад болзошгүй хүндрэлийг тооцох ёстой
2012.02.07

Ө.Энхтүвшин:Хоёр сонгуулийг нэг өдөр явуулахад болзошгүй хүндрэлийг тооцох ёстой

МАН-ын бүлгийн хурлаар өчигдөр Засгийн газарт зарим эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ. Төсөвт тодотгол хийхгүйгээр төрийн албан хаагчдын цалинг нэмэх агуулгатай уг төслийг АН-ын бүлэг Үндсэн хууль зөрчинө гэж үзсэн юм. Харин  МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин "Төсвийн хууль, Үндсэн хуулийг зөрчихгүй. Бүх зүйлийг бид шавхаж харсан. Өмнө нь ч ийм практик бай-сан юм билээ. 2006 онд намайг БСШУ-ы сайд байх үед УИХ-аас тогтоол гаргаад "Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүл" гэсэн үүрэг өгч байв. Яаж зохицуулсан гэхээр тухайн оны сүүлийн улирлын санхүүжилтийг урагш гүйлгэсэн. Энэ нь өөрөө аливаа хууль, тэр тусмаа Үндсэн хууль зөрчөөгүй. Нэгэнт энэ сард цалин, тэтгэвэр нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учраас АН-ын бүлэг саад учруулахгүй биз дээ. Тэд бол нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа хүмүүс" гэлээ.

Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл дээр МАН-ынхан ямар байр суурьтай байгааг лавлахад "Хоёр сонгуулийг цуг хийнэ гэхээр 10 гаруй бэрхшээл байна. Тухайн үед орон даяар сонгууль явна. УИХ-ын, аймгийн, сумын, багийн сонгууль болно. Хотод болохоор нийслэлийн, дүүргийн гээд нэгэн зэрэг сонгуулиуд болохоор дүнг баталгаажуулна гэдэг нэлээд түвэгтэй болчих вий гэсэн болгоомжлол бий. Сонгуульд 20-иод мянган хүн орох болж байгаа. Ингэхээр техникийн талаасаа ч, хүн хүч талаасаа ч, хууль эрх зүйн талаасаа ч, улс төр талаасаа ч хүнд юм. Тиймээс бид хоёр сонгуулийг нэг өдөр явуулахыг салгах агуулгатай Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төслийг дэмжсэн" гэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.