Өөдрөг төсөөлөлтэй ядруу төсөв
Нийслэлийн иргэний танхим
2015.11.19

Өөдрөг төсөөлөлтэй ядруу төсөв

2015 оны нийслэл хотын төсөв гурван жилийн өмнөхөөс найман тэрбум төгрөгөөр бага. Гэхдээ хийсэн ажлыг хооронд нь харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаа гарна.

Улаанбаатар хотын 2016 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ийн онцолсон юм. Нийслэлийн ирэх оны төсвийн төсөл бол Улаанбаатараар овоглосон хэн бүхэнд хамаатай асуудал.

Ирэх жил, ер нь ойрын ирээдүйд нийслэл хотын сая гаруй иргэний амьдрах ая тух хэр хангагдах нь энэхүү төсвөөс шалтгаалах юм. Тиймдээ ч дүүрэг, хороодын удирдлага болоод иргэдийн төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо. Энэ үеэр гарсан санал, хүсэлт бүрийг тусгайлан авч үзээд цааш уламжлах болно гэдгээ хурлын тэргүүлэгчид хэлэв.

Энэ оны эцсийн гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 563 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Харин ирэх жил энэхүү тоог 135 тэрбумаар нэмэгдүүлж, 698.9 тэрбумд хүргэх тооцоог төсөл санаачлагчид гаргасан байна. Хотын шууд орлого 564.8 тэрбум төгрөг бол дүүргүүдээс 134.1 тэрбумыг төвлөрүүлнэ. Хэдийгээр орлого нэлээд нэмэгдэх төлөвтэй ч хөрөнгө оруулалт багасах нь. Үүний шалтгаан нь эргээд улсын эдийн засгийн байдалтай холбогдож байна. Тухайлбал, Нийгмийн халамжийн санд төвлөрүүлэх 100 тэрбум, Нийтийн тээврийн санд шилжүүлэх 53 тэрбум төгрөгийг нийслэлээс гаргахаар болжээ. Уг нь дээрх мөнгийг улс хариуцдаг  байсан ч гаргаж         чадахгүйд       хүрч, нийслэл рүү шилжүүлсэн нь энэ.

Ингэснээр нийслэлийн төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, хөрөнгө оруулалт буурсан юм байна. Нийт орлогын 67.6 хувийг татварын газар, 23.4 хувийг Өмчийн харилцааны газар бүрдүүлэх аж. Товч- хондоо, нэлээд өөдрөг төсөөлөлтэй хэрнээ ядруу төсөв болсныг орлогч дарга Н.Батаа тайлбарлалаа. Хамгийн гол зардлуудыг дурдвал, нийгмийн халамжийн сангийн зардал 101.3 тэрбум, нийтийн      тээврээр   үнэ, төлбөргүй зорчих зардал 53.1 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж, ахуйн нэгжүүдэд машин цагийн тарифт өгөх зардал 43.8 тэрбум, хот тохижуулахад 57.3 тэрбум, Шинэ бизнес дэмжих санд 4.4 тэрбум, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Бичил бизнесийг дэмжих санг 15 тэрбум төгрөгөөр байгуулсан нь хүмүүсээс өндөр үнэлгээ авсан болохыг нийслэлийн удирдлагууд хэлэв. Хотын 152 хороонд хэрэгжүүлсэн энэхүү төслийн зээлийн эргэн төлөлт 99 хувьтай байгаа аж.

/МОНГОЛ ТВ/

Төсөвт ирэх ачаалал нэмэгдэж байгаа ч томхон бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх болно. Тодруулбал, ирэх онд хотын төсөв болоод концессийн гэрээгээр 12 сургууль, цэцэрлэг шинээр барихаар төлөвлөв. Концессийн гэрээгээр таван ажил хийх ёстойгоос хамгийн том нь 21 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил болж байна. Уг цэцэрлэгийг нурааж, суурин дээр нь шинэ цэцэрлэг барих ажил 2.4 тэрбум төгрөгийн өртөгтэй.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийг 1.1 тэрбумаар барихаар болжээ. “Уг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих нь Засгийн газрын хийх ажил. Гэвч улс мөнгөгүй гээд хөдлөхгүй болохоор хот хийхээс аргагүй болж байна” хэмээн Н.Батаа дарга учирласан. Өмнөх жилүүдтэй харь- цуулахад ирэх онд бүтээн байгуулалт бага өрнөх учир газар чөлөөлөх зардалд гурван тэрбумыг төсөвлөжээ. Энэ жил зөвхөн “Амгалан” дулааны цахилгаан станц барих газрыг чөлөөлөхөд 38 тэрбумыг гаргаж байсантай харьцуулахад дээрх тоо өчүүхэн бага гэдэг нь ойлгогдоно.

Ирэх онд авто замын санд тэрбумыг төсөвлөжээ.  Долоон буудлаас Чингэлтэй орох, Налайхын, Шарга морьтын зэрэг замын хэд хэдэн чухал ажлыг хийж гүйцэтгэх юм. Нийслэлийн удирдлагууд урсгал зардлаа нэлээд танасан нь энэ удаагийн төсвийн нэг онцлог байлаа. Урсгал зардал энэ жил 23.1 тэрбум байсан бол ирэх жил энэхүү тоог 14.3 тэрбум болгон бууруулахаар төлөвлөжээ.

Төсвийн төслийг танилцуулж дууссаны дараа төлөөлөгчид асуулт асууж, санал шүүмжлэл хэлэх ээлж ирэв. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нийслэлийн удирдлагууд төсөв батлахдаа улстөржиж байна хэмээн шүүмжиллээ. Тэрбээр “2014 оны гүйцэтгэлээр дүүргүүдийн төсвийн орлого ямар байгааг бид судалж үзсэн. Баянгол 14.7 тэрбум, Баянзүрх 16.6 тэрбум, Хан-Уул 19.6 тэрбум, Чингэлтэй 54.9 тэрбум, Сүхбаатар дүүрэг 25.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, түүнийгээ зарцуулжээ.

Гэтэл Сонгинохайрхан дүүрэг ердөө 7.6 тэрбумын орлого төвлөрүүлсэн. Нийслэлийн есөн дүүргээс хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай, хамгийн их шийдвэрлэх асуудалтай дүүрэг иймэрхүү орлого төвлөрүүлж байгаа нь төсвийн тухай хуультай шууд холбоотой. Энэ хуулиар дараах нэр төрлийн татварын орлогоос дүүргийн төсөв бүрдэнэ гээд нэр заагаад өгчихсөн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт нэг яам байтугай агентлаг ч байхгүй. Хүү торгууль, патент, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулснаас орох орлого л төсвийн голыг бүрдүүлж байна. Төсвийн хуулийн энэ гажуудлаас болж улсын хүн амын 10 хувь нь амьдарч буй дүүрэг орлого багатай, хөгжил сул явсаар өдийг хүрлээ.

Асуудал хариуцаж    байгаа хүмүүс үүн дээр ямар шийдэл олох гэж байна вэ. Хоёрдугаарт, СХД-т сургууль, цэцэрлэгийн  асуудал маш хүнд байгаа. Баянхошуунд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар нэг, нийслэлийн төсвөөр гурван сургууль барьж байна. Гэтэл Толгойт орчимд нэг ч сургууль, цэцэрлэгийн асуудал яригдсангүй. Энд МАН-аас төлөөлөгч сонгогдсон  учраас сургууль баригдахгүй байгаа юм уу. Ард түмний сонголтоор ялгавартай хандаад байгаа юм биш биз дээ” хэмээн асуусан юм.

Энэ  асуултад Н.Батаа дарга хариулахдаа шийдвэр гаргахад улстөрждөггүй гэдгээ хэлээд Толгойтод Хятадын Засгийн газрын хөрөнгөөр 920 суудалтай сургууль барих гэрээ байгуулсан, ажил нь ирэх онд эхэлнэ гэдгийг дуулгав. Харин эхний асуултын тухайд “Орлогын эх үүсвэрийн хувьд таны хэлж байгаа үнэн. Гэхдээ бид аль нэг дүүрэгт тааруулан  хууль өөрчлөх боломжгүй. Нөхцөл байдал хүнд байгаа дүүрэгт татаас өгөх байдлаар асуудлыг шийдэж байна. Танай дүүрэгт ирэх жил 3.3 тэрбум төгрөгийн татаас өгнө. Хамгийн гол нь дүүрэг өөрөө орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх ажлыг сайн зохион байгуулах шаардлагатай” гэлээ. 2016 оны төсвийн төслийг нийслэлийн ИТХ дахин хэлэлцэж, батлах учиртай. Төсөв батлах эцсийн хугацаа арванхоёрдугаар сарын 2-н юм байна.