Монголд эрх мэдэлтэй хүн алга
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.11.17

Монголд эрх мэдэлтэй хүн алга

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-УИХ-аар өнгөрсөн баасан гарагт 2016 оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Таны хувьд энэ төсвийг хэрхэн дүгнэж байна вэ. Өмнөх жилүүдээс данхайсан, бүх талаар бүсээ танасан төсөв боллоо гэх шүүмжлэл байна шүү дээ? 

-Төсвөөр урьд өмнө нь явж ирсэн нөхцөл байдал болон өнөөдрийн баталсан төсөв ямар алдаа дутагдалтай бодлогын хувьд ямар шинэчлэл хийгдсэн талаар намын бүлгийнхээ хурал дээр ярилцахаас гадна төсвийн хэлэлцүүлгийн үед том дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлт бол манай намын бүлгийн ажлын хэсгийн ярьж байгаад гаргасан дүгнэлт. Чуулганы үеэр иж бүрэн танилцуулж, намын удирдлагууд мэдээлэл өгсөн учраас тэр бол бидний, бас миний дүгнэлт.Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах гэж оролдсон, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх гэж оролдсон. Данхайсан төрийн бүтцийг зарим талаар цомхотгох оролдлого хийсэн.

Гэхдээ тэр зорилгодоо хүрч чадсангүй. Дундуур нь янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж эргэж буцсаар байгаад зардлаа нэмээд баталчихлаа. Ер нь сонгуулийн өмнөх жилд төсвийг батлахад төвөгтэй байдаг. Янз бүрийн лобби орж ирдэг. Зайлшгүй шаардлагатай зүйлүүд ч нэлээд байгаа. Шаардлагатай өөрчлөлтөө хийж чадсангүй гэж хэлэх гээд байгаа юм. Дутуу баригдсан обьектуудаа дуусгах талаар учир дутагдалтай байсан. Төсвийн орлого биелэхгүй, алдагдал үүсэх төсөв болсон л гэж дүгнэх байна. 

-Сөрөг хүчний эсэргүүцлээс үүдээд буцаад зарлагаа нэмж баталсан гэж эрх баригч намын сайд тайлбарласан. Өөрөөр хэлбэл, цалин хасахгүй, яам агентлагийг татан буулгахгүй гэсэн та бүхний эсэргүүцлээс болж зарлагыг нэмсэн юм биш үү? 

-Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэж яриад байгаа юм. Гэтэл Монгол Улсад өнөөдөр цалингийн үнэлэмж ямар байгаа билээ. Төрийн албан хаагч ч гэхгүй бүх л салбарт цалин муу байгаа. Наад захын худалдан авалтын хэрэгцээг хангаж чадахгүй цалин авдаг. Тийм байхад дахиад 10, 30 хувиар бууруулна гэж ярьж яах юм бэ. Дэлхийн томоохон хотууд өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байдаг. Гэтэл манайд өдөр сараар л өсч байгаа. Өртөг нь хүртэл өндөр. Зарим хямд бараа нь чанарын стандарт хангахгүй байгаа шүү дээ. 

Төрийн албаны хуульд тодорхой заалт байгаа. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцлийг дордуулж болохгүй гээд заачихсан учраас цалинг нь хасч хууль зөрчиж болохгүй. Төсөв хүрэлцэхгүй байна гээд буурууллаа гээд тийм их хэмжээний мөнгө хэмнэхгүй. Хэрэгцээ шаардлага нь чухал биш оффис зэргээс татгалзахад гэмгүй юм. Энэ жил алдагдалгүй шахам төсөв батална гэсэн ч алдагдал нэмэгдсэн, үргүй зардал ихтэй төсөв батлагдчихлаа. 

-Мөнгөний бодлоготой уялдаж чадсангүй дээ. Танай байнгын хороогоор уялдуулах талаар мөн ч их ярьсан? 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь

-Төсвийн бодлого Мөнгөний бодлоготой маш нягт уялдах ёстой байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Төв банкны өргөн барьж батлуулсан бодлогод тодорхойгүй зүйл олон байлаа. Өргөн барих гэж байгаа төсөв, батлагдсан төсөв нь хүртэл шал өөр. Баталсан төсвөөсөө шалтгаалаад бодлого нь хүртэл өөрчлөгдөх жишээний. Мөнгөний бодлогыг батлахад урьдчилж харах бололцоо алга. Том төслүүд урагшаа явах эсэх нь тодорхойгүй байна. Гацууртын орд гэж бид зөндөө л ярилаа.

Төрийн эзэмших хувь хэмжээг тогтоогоод, яаралтай хэлэлцээд өг гэсэн ч гацчихлаа. Энэ бүх ойлгомжгүй байдлаас болж Төв банк Мөнгөний бодлогоо тодорхой боловсруулж чадаагүй. Бодлогод нөлөөлөх учиртай шаардлагатай эдийн засгийн гол хүчин зүйлүүд тодорхойгүй байдалд орсонтой холбоотой юм. Оюутолгойг хар, Тавантолгойн нөхцөл байдлыг дүгнээд үзэхээр үр дүн алга. Эдийн засагт жин дарах том төсөл хөтөлбөр урагшилсангүй. Засгийн газар нь ч тогтвортой ажиллаж чадах эсэх нь тодорхой бус байгаа.

Үндсэндээ тодорхойгүй байдлуудаас үүдэж тодорхой бодлого гаргаж чадахгүйд хүрчихээд байна, энэ улсад. Сонгуулийн дараа цомхон бүтэцтэй чадварлаг Засгийн газар, эс бөгөөс агентлагуудыг нэгтгэнэ гэх мэтээр дандаа ойлгомжгүй асуудлаар төрийн ажил явж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойлгомжгүй байхад тодорхой яг таг заачихсан бодлого гаргаж уялдуулах хэцүү л дээ. Даруухан тооцоо хийгээд, дараа нь мөнгө ороод ирвэл хэрэглэх байдлаар явчихвал болоод л явчихна.

Чанартай зөв хөрөнгө оруулалтаа урьтал болгоод явах хэрэгтэй байна л даа. Жалга довны үзлээр аймаг сумандаа баахан мөнгө үр дүнгүй цацдаг тэр жишиг алдагдахгүй байна шүү дээ. Нэг Засаг дарга гарч ирээд хаалга хэдэн зуун саяар барьдаг, дараагийнх нь гарч ирээд нураагаад өөрийг барьдаг эдийн засагтай байхад яаж төсөв нь Мөнгөний бодлоготойгоо уялдах билээ. Барж идэхээр мэрж иддэг зарчмыг бид баримтлах ёстой юм. 

-Төсөв батлагдчихлаа. Одоо энэ асуудлын дараа Үндсэн хууль олон нийтийн анхаарлын төвд орж ирж байна. Цаг нь болсон болоогүй, ард иргэдээс асуух, асуухгүй тухай ярьж эхэллээ

-2008 онд ажиллаж байсан парламентын гишүүд ярьж байгаад ер нь Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмждэг иргэд ч олон байдаг. Би ч гэсэн зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг гишүүдийн нэг. Гэхдээ энэ парламентад цаг хугацаа алга гэж бодож байгаа юм. Төр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн талаар бодлогоо тодорхойлоод явж болно. Нэг хэсэг нь үүнийг үгүйсгэж унагах гэж буруу талаас нь тайлбарладаг.

Тэгэхээр иргэд ч энэ талын мэргэжлийн хүмүүс биш учраас буруу зөв ойлголттой байгаа. Тиймээс зөв ойлголт өгөхийн тулд явах ёстой. Энэ муу хүн гэж тайлбарлавал муу л хүн. Харин энэ сайн өөрчлөлт, сайныг нь дэмжье гэвэл сайнаас нь ярьж болно. Тиймээс улстөржилтгүйгээр улс эх орныхоо хувь заяа, цаашдын амьдралыг бодоод зөв өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийн төслийг байсхийгээд л өөрчилдөг жишиг энэ төрд тогтлоо. Нэг Засгийн газар гарч ирээд, яамны удирдлага солигдоод салбарынхаа хуулийг шинэчилж байна.

Хогийн тантан шиг хуульдаа баахан өөрчлөлт чихсээр байгаад төр нь өөрөө нөгөө хуулиа ойлгохгүй, хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Монгол Улсын хүн ам эрчимтэй өсч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал сайжрахын хэрээр төрөлт нэмэгдэж байгаа учраас олон жалга довны үзлийг болиулж нэг бодлогын төлөө зүтгэх цаг нь болсон. Намчирхдаг, талцдаг, нэг нэгийнхээ мууг үзэх гэж асуудалд хандаад байвал улс хөгжихгүй ээ. 

-99 гишүүнтэй болох тухайд та ямар бодолтой байна? 

-Яаж тайлбарлахаас шалтгаалаад хүмүүс янз янзаар ойлгож байгаа юм. Хоёр сая дөнгөж гаруйхан хүн амтай байхад 76 хүн байсан. Нэлээд цөөн хүн амтай улс орнуудтай харьцуулаад үзэхээр 76 гишүүнтэй парламент байдаггүй. Яагаад гэхээр, энэ 76 хүн зургаа юм уу долоон байнгын хороонд хуваагддаг. Манай Эдийн засгийн байнгын хороо гэхэд л 19 гишүүнтэй. 10 хүн бүрдээд хурлаа хийдэг. 10-аас зургаан хүн саналаа өгвөл дэмжээд явчихдаг. Манай байнгын хороонд маш олон асуудал харьяалагдаж байгаа.

Эрчим хүч, төмөр зам, уул уурхай, хот байгуулалт, үйлдвэрлэл, мөнгөний бодлого, статистик, хүн ам зүй, санхүүгийн зохицуулах хороо, гадаад дотоод эдийн засаг гэх мэтээр маш олон асуудлыг бид хэлэлцдэг. Дээрээс нь нэмээд хуулийн төслүүд ороод ирдэг. Гэтэл эдгээр асуудлуудад бодитой судалгаа шинжилгээ хийх гэхээс илүүтэй уншиж ч амжихгүй ар араас нь довтолгоод л, батлаад явуулдаг. Түүхий хууль батлах шалтгаан энэ болж байна. Судалгаа шинжилгээний баг тооцоо хийдэг ч УИХ-ын гишүүдэд энэ хуулийн талаар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаад явах боломж алга байна.

Барилгын хуульд өөрчлөлт оруулахын тулд бид эхлээд яг барилга барьж байгаа хүмүүстэй уулзах л ёстой юм. Барилга барьдаг хүмүүс, барилгыг хэрэглэдэг хүмүүс хоёр өөр зүйл ярьдаг учраас энэ бүхний талаар нэгтэж сайтар судлах хэрэгтэй байна. Ажлын хэсэг байгуулахад л орж ажиллах хүн олдохгүй байна шүү дээ. Тиймээс эдийн засгийн байнгын хороо ядахдаа гурав байх ёстой гэж боддог юм. Байнгын хороо сайтар судлаад, хэлэлцээд оруулж ирсэн байхад Их хурлаар хэлэлцээд явчихдаг учраас зургаан хүний саналаар л хууль батлагдаад байгаа юм. Тиймээс тоог нэмэх нь буруу биш. Их хурлаа өргөтгөөд явах ёстой л доо. Гишүүдэд хуулиас гадна тойрогтоо ажиллах, хурал цуглаанд орох гэх мэтээр олон ажил бий. Ажил нь хэт ихдэхээр алийг нь ч хийхгүй цалгардуулдаг хандлага байдаг юм. 

-Засгийн газрын гишүүдийн 3/1-ийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх, улмаар Гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг салгах тухай том өөрчлөлт хийгдэх бололтой. Өөр нэг том өөрчлөлт бол орон нутагт сонгууль явуулахгүй байх нь зөв гэж шийдсэн байгаа? 

-Зөв санал. Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавих боломж бүрдэнэ. Засгийн газрын гишүүдийн ажилд хяналт тавьж, тайланг нь хэлэлцэж чаддаггүй. Засгийн газар нь УИХ-тайгаа ойлголцож байгаагүй. Ер нь олон шалтгаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Аймгийн төвүүдийг хар. Өөрсөддөө хот гэж нэр өгөөд хотын захирагч томилдог болсон. Засаг дарга, захирагч гэх мэтээр янз янзаар өөрсдийгөө нэрлэж байгаа. Хотын даргын ажлын алба хүртэл байгуулагдаж байна шүү дээ. Тиймээс үүнийг Үндсэн хуулиар цэгцлэх ёстой. Тогтолцооны гажиг үүсч байна шүү дээ.

2012 оны сонгуулийн үр дүн нь ойлгомжгүй маш олон аймаг сум байгаа. Манайх 5-6-аар ялсан ч ялагдсан нам маань төр барьж байгаа гэж яриад сууж байдаг. Тэгвэл сонгууль явуулж яах юм бэ. Тиймээс сум, аймгийн төвшинд сонгууль явуулахгүй байх нь зөв гэж боддог. Аймаг сумынхаа удирдлагуудыг Засгийн газрын тэргүүн томилж ажиллуулаад, Засгийн газрын бодлого анхны цэг баг хороонд саадгүй хэрэгжих тэр механизмыг бүрдүүлэх ёстой юм. Одоо болж хэрэгжиж чадахгүй байна.

Намчирхах үзэл, улс төрийн бодлогын зөрүүнээс шалтгаалж төрийн бодлого бүх шатанд хэрэгжиж чадахгүй байгаа. Өөр намын Засаг даргатай учраас наад бодлого чинь хэрэгжихгүй гэх мэтээр л ярьж байна шүү дээ. Суманд улс төрийн сонгууль явдаг асуудлыг өөрчлөх ёстой. ИТХ, нутгийн өөрөө удирдах байгууллага байж болно. Харин Засгийн газрын тэргүүн аймгийнхаа Засаг дарга нарыг томилоод явах хэрэгтэй. Аймаг нь сумаа, сум нь багаа томилоод явчихад л болно. Хөдөө орон нутагт эцэс төсгөлгүй улстөржилт, нам дагаж албан тушаалд очдог, хэдэн төгрөг олох гэсэн хүмүүсийн талцал хуваагдал хэтэрлээ. 

Бичил уурхайчид шиг л ажилладаг. Уурхайн хаягдал шороог ашиглаж ашиг олдог шиг л механизм яваад байна. Энэ бүхнээс шалтгаалаад төрийн нэр хүнд уналаа. Гадаад талаасаа ч бид нэр хүндээ алдлаа. Гадныхан биднийг “Монголчууд бол морь унасан толгойгүй хүмүүс” гэж шоглож байна. Монголд эрх мэдэлтэй хүн гэж алга. Ерөнхийлөгч эрх мэдэлтэй ч юм шиг, эсвэл УИХ-ын дарга бүхнийг мэддэг хүн шиг. Нөгөө талд Ерөнхий сайдад бас эрх мэдэл нь байгаа юм шиг ийм хачин тогтолцоо явж ирсэн. Ерөнхий сайд нэг том шийдвэр гаргахаар УИХ-ын дарга нь зөвшөөрөхгүй, огцруулна гээд суучихдаг. Эсвэл Ерөнхийлөгч хориг тавиад гацаачихдаг. Шийдвэр гарч чадахгүй тэгээд л гурван тал руу шидэгдчихнэ. 

-Нөгөө талаар Ерөнхий сайд гэж хаан шиг хүн бий болох нь гэх шүүмжлэл байна л даа. Аймаг суманд өөрийнхөө хүнийг тавиад эхэлвэл яах вэ? 

-Бид энэ утгагүй ярианаас салмаар байгаа юм. Өөрийнхөө хүнийг тавина гэж ярих юм. Жишээлбэл, би Монгол Улсын Ерөнхий сайд байсан бол гурван сая хүнийг бүгдийг нь миний хүн гэж ярина. Нэгдүгээрт, энд шалгуур тавигдана. Аймгаа удирдаад явах боловсрол мэдлэг гэх мэтийг үзүүлэлт болгоно. Ер нь аймгийн Засаг дарга гэдэг чинь хууль журмын хүлээс дор амьдардаг хүмүүс шүү дээ. Би тэр ажлыг чинь найман жил хийсэн.Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга гэх мэтээр 27-28 чиг үүргийг давхар хариуцдаг. Үүнийг зөв хэрэгжүүлж чаддаг хүн л ажиллана.

Монголд тэрний хүн гэсэн утгагүй зүйл газар авлаа. Ерөнхий сайдын хүн, Ерөнхийлөгчийн халаасны хүн гэх мэтээр хочилж, бие биеэ адалж эхэлдэг. Ерөнхий шалгуур тавиад л түүндээ тохирсон хүнээ сонгоод явах боломжтой. Гудамжнаас гэнэт нэг хүн татаж гаргаад суулгана гэж юу байх вэ дээ. Эрх мэдэлтэй нь эрх мэдлээ зөв хэрэгжүүлдэг улс хөгждөг болохоос, эрх мэдлээ хэдэн хүнд хувааж өгөөд, тэр хүмүүс нь булаацалдаж суудаг улс хөгжихгүй. Ерөнхийлөгчийг таван жилээр сонгох талаар бодож үзсэнгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Цаг нь ч болсон.