Монголын эдийн засагт мөстөлт эхэлсэн
Монгол Улс эдийн засгийн хямралд орсон ч улстөрчид тэр дундаа эрх баригчид бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эдийн засгийн хүндрэл үүссэн, манай улсын эдийн засаг сайжирна гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай нийгэм эдийн засгийн өнөөгийн хямрал ямар хохирол учруулж байгаа. Цаашдаа хэрхэн үргэлжлэх, үүнээс гарах боломж байгаа эсэх талаар ярилцлаа
-Өнөөгийн эдийн засгийн хямралыг та яаж харж байна?
-Нэгдүгээрт бид капиталын нийгэм сонгосон. Үндсэн хуульдаа хүнлэг, энэрэнгүй ардчилсан гэж томъёолсон ч хамгийн хүнлэг бус, харгис, хатуу ширүүн нийгмийг сонгосон. Энэ нийгмийнхээ анхны эдийн засгийн бодит хямралыг үзэж, амсч эхэлж байна. Ингэснээр монголчууд мөнгөнд хандах хандлага, зээлэнд хандах хандлага, эдийн засгийн талаархи ойлголт, санхүүгийн боловсрол маш муу байгааг мэдэрч, харж байна. Энэ дутагдал, ойлголт өрх бүр, аж ахуйн нэгж, засаг төр, Монголбанкинд хүртэл бодитоор харагдаж байгааг харж болно.
Эдийн засаг нь 17 хувьд хүрч өсч, сардаа 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт тогтмол ордог байсан улс орны эдийн засгийн өсөлт нь өнөөдөр 0 хувь руу орж, гадны хөрөнгө оруулалт 0 заалаа . Үндэсний валют ханшаа 50 хувь алдсанаар дэлхийд ханшаа хамгийн хурдан алдсан мөнгөн дэвсгэрттэй орон Монгол боллоо.
Эдийн засаг нь хамгийн хүнд байгаа Украйн, Грекийн дараа Монгол улс болсон байна. Дэлхий дахинд эдийн засгийн төлвийг тодорхойлдог, үнэлгээ өгдөг байгууллагууд Монгол улсын эдийн засгийн ирээдүйн төлвийг сөрөг гэж үнэлэх болсон. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 7 хоногт Монгол улсын банк санхүүгийн салбарт толгой цохиж байгаа арилжааны банкууд сөрөг үнэлгээнд орлоо. Эерэг ч биш, тогтвортой ч биш сөрөг шүү.
Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд гаргасан бонд жанк буюу хамгийн муу “хогийн” гэх үнэлгээнд орлоо. Гурван жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт сар бүр 400-500 сая ам.долларт хүрч дэлхийн хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн салбарынхан Монголд хөрөнгө оруулахаар дугаарладаг. Дэлхий дахинд уул уурхай түүнийг дагасан дэд бүтцийн томоохон компаниуд манайд салбараа нээчихсэн, Монгол улс дараагийн Кувейт, Азийн бар гэж ярьж байсан шүү. Тухайн үед нийгмээрээ ирээдүйдээ итгэлтэй, урам зоригтой, гадагшаа явсан залуус эх орондоо эргэн ирж байсан юм. Хүн бүр бизнес эрхлэхээр санаагаа уралдуулж, олдсон булан тохой бүрээ тохижуулж хувийн хөрөнгөө өсгөх, бүтээх хүсэлтэй байлаа. Байлаа гэхээс аргагүй цаг үе болчихоод байна даа.
-Яагаад богино хугацаанд эдийн засаг хямрав. Шалтгаан нь юу байна гэж хэлэх вэ?
-Хамгийн товчоор шулуухан хэлэхэд эрх барьж байгаа нам бодлогын асар том алдаа гаргасан . Ард түмэн сонголтоо буруу хийлээ. Бид эдийн засгийн амин чухал зүйл болох улстөрийн болон бодлогын тогтвортой байдлаа хангаж чадсангүй. Засгийн эрхэнд гарангуутаа бодлогоо бүгдийг нь өөрчилж, улстөрийн тогтворгүй байдал үүссэн. Ингээд бодлогогүйгээр өнгөрсөн хугацаанд бий болгосон баялгийг тонон дээрэмдэх үйл явцыг л харж байна. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг богино хугацааны зээлээр санхүүжүүлж асар их алдаа гаргаж, тонолоо .
-МАН-ынхан засгийн эрхийг шилжүүлэхдээ тийм ч таатай эдийн засгийн боломж өгөөгүй. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд нүүрсээ барьцаалан Чалкод өр тавьж бэлэн мөнгө тараасан. Ирээдүйн иргэдэд өвлөгдөх баялгийг урьдчилаад барьцаалаад өр тавьчихсан байсан шүү дээ?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
-Бид өөрийн дотоодын эх үүсвэр, нөөц чадавхаараа иргэддээ мөнгийг нь өгөөд, хөрөнгө оруулалтаа хийгээд, эдийн засгийн орчноо таатай нөхцөлд бариад олон улсын анхаарлыг татаж чадаж байсан. Тэр үед дэлхийн зах зээлд гарсан Монгол улстай холбоотой үнэт цааснууд ханш өндөртэй, худалдаанд гарсан өдрөө борлогддог байсан. Бонд гаргахдаа маш нарийн тооцоо судалгаа хийж байж евро бондын анхны зээлийг жилийн 4 хувийн хүүтэй 600 сая ам.доллар авч үүнээс нэг ч доллар үрэлгүйгээр дансандаа байршуулаад АН-ын Засгийн газарт хүлээлгэж өгсөн юм.
Дотоодын эх үүсвэр, нөөц боломжоороо ард түмэндээ мөнгө тарааж, эдийн засгаа зохицуулаад явж байсан бол өнөөдөр АН-ынхан тэр сайхан таатай үеийн рейтинг, нэр хүндийг маш сайн худалдаж их хэмжээний өр зээл авсан. Бодлого, тооцоогүйгээс алдаа гаргалаа. Улс орны ирээдүйн стратегийн томоохон төсөл, хөтөлбөр түүнийг дагасан дэд бүтцийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкийг байгууллаа. Гэтэл тэр банк нь мөхөөлдөсний үйлдвэр санхүүжүүлээд явж байна. Хөгжлийн банкны санхүүжүүлсэн нийт зээлийн 50 хувь нь эргэн төлөгдөх баталгаагүй. Үлдсэнийг нь төсөв төлөхөөр оруулж ирж байна. Энэ нь шахааны бизнес нь үргэлжилж байна гэсэн үг. Эндээс хоёр намын бодлогын ялгаа харагдаж байгаа.
Санхүүгийн сахилга батгүй, хяналтгүй, дур зоргоороо аашилсан нөхцөл байдал өнөөгийн эдийн засгийн хямралыг өдөөж өгсөн гэж хэлж болно. Самуурай бонд, Чингис бонд, Хятадын банкны зээл, Евро зээлийн ашиглалт, зарцуулалт туйлын хангалтгүй байгааг Аудитын газар, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шалгаад илрүүллээ. Шалгалтын үр дүнг харахад туйлын харамсалтай, байж боломгүй бүдүүлэг, мэргэжлийн ёс зүйгүй, мэргэжлийн бус, эх орондоо сэтгэлгүй хандсан нь харагдаж байна.
-Тодорхой жишээ дурдаач?
-Шалтгалтын тайлангаас харахад нэг удирдлага нь 2000 гаруй доллараар зочид буудалд буудаг, 150 мянгаар түрээсэлдэг хэвлэлийн мэдээллийн өрөөг нэг өдөр 9 саяар түрээсэлсэн байх жишээтэй. Цалин нь 6-10 сая, улирал бүр цалингийнхаа 100 хувьтай тэнцэх нэмэгдлээр өөрсдийгөө шагнаж, урамшуулж байна. Хөгжлийн банкны мөнгөнөөс өөрсдөө зээл авсан байна.
Зөвхөн Самуурай бондыг авахын тулд нийт авсан зээлийнхээ үнийн дүнгийн 19,2 хувийг зуучлалын хөлсөнд суутгуулчихсан. Ямар ломбарднаас зээл авч байгаа юм уу тийм биз дээ. Энэ бүх тоо баримтыг би Аудитын газрын хийсэн шалгалтын дүнг үндэслэн хэлж байна шүү. Хөгжлийн банкнаас Японы зах зээлд гаргасан Самуурай бондоос 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар авсан. Энэ үнийн дүнгийн 19,2 хувь буюу 55,7 сая ам.долларыг зуучлалын хөлсөнд суутгуулсан байх юм. Боддоо, 290 төгрөг авахын тулд 55,7 төгрөгийг зээл олж өгсөний хөлсөнд төлсөн байна. Зуучлалын хөлс, дээр нь хүү төлнө. Гэтэл зарцуулалт нь үр ашиггүй, шаардлагагүй хөрөнгө оруулалт руу хийчихсэн.
МАН-ын ийм хэмжээний зээл авч чадахгүйдээ яваад байсан юм биш. Бүх боломж байсан. Ганцхан хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг бага хэмжээний зээл авч энэ тэргүүний шаардлагатай зүйлдээ зарцуулж явсан.
Өнөөдөр энэ өр зээлийн буруу зарцуулалтаас болж Монгол улсын төсөв хөрөнгө оруулалт хийх чадавхаа бүрэн алдсан . Өнөөдөр төсөв нь цалин, тэтгэвэр, нийгмийн халамж, урсгал зардлаа л дааж байна. Хөрөнгө оруулалтын тухай яриа ч байхгүй 0 заачихсан сууж байна. Төсвийнхөө 50 хувийг зээлийн хүүнд суутгуулна. Энэ тоо улам нэмэгдэж байна. Маш ноцтой хүнд үедээ ирсэн байгаа биз. Энд бий зөвхөн Засгийн газрын өрийг ярилаа.
Засгийн газрын энэ мэт алдаатай бодлогын уршгаар хувийн хэвшлийнхний өр зээл их хэмжээгээр тэллээ. Өнөөдөр Монгол улс 22 тэрбум ам.долларын зээлтэй. Үүнээс 70 хувь нь хувийн хэвшлийнхний өр эзэлж байгаа. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийн таатай үеийг ашиглаж асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Дээр нь гаднаас зээл авч хөрөнгө оруулалтынхаа хэмжээг тэлсэн. Гэтэл одоо тэр их хөрөнгө оруулалт үнэгүйдэж, хувьцаа нь 0-тэй тэнцэж байна. Ганцхан жишээ дурдахад, Хонконгийн хөрөнгийн биржид гаргасан Монгол улсын хамгийн шилдэг төслийн хувьцаа буюу ER-ын ханш анх 12 доллар байсан өнөөдөр 0-ийг заалаа.
Иргэдийн хувьд энгийн жишээ хэлэхэд, иргэдийн авсан орон сууцны зээл. 90 саяар авсан 2 өрөө байр өнөөдөр 50-60 сая төгрөг бол ханш нь унасан. Хадгаламжинд байгаа мөнгөнийх нь 50 хувь үнэгүйдэж байна. Таны авсан үл хөдлөх хөрөнгө 50 хувь үнэгүйдэж байна. Дээр нь 90 саяын зээлээ 230 сая төгрөг болгож төлөх үүрэгтэй үлдэж байна. Энэ мэтчилэн монголчууд улс орноороо өрийн хавханд орлоо.
Бодлогогүй Засгийн газарт итгэж аж ахуйн нэгжүүд барилгын салбарт маш их хөрөнгө оруулалт хийхийг харлаа. Өнөөдөр ямар үр дүнд хүрэв гэхээр 40 мянга гаруй орон сууц борлуулалтгүй болсон, энэ салбарыг дагасан барилгын материалын үйлдвэрүүд ажилгүй болсон, бүх хөрөнгө оруулалт царцсан. Үүнээс болж энэ салбарт 3 их наяд төгрөг гацчихсан байж байна. Тодорхой бөгөөд хатуухан хэлэхэд Монголын эдийн засагт мөстөлт эхэлсэн.
-Мөстөлтийн эхэлсэн гэхээр хүмүүст аймшигтай сонсогдох байх. Нэгэнт унасан эдийн засгийн нөхцлийг сайн талаас нь харах ямар боломж байна?
-Сайн талаас нь харвал монголчуудын ухамсарт сэтгэлгээнд маш том өөрчлөлт орох байх гэж найдаж байна. Зах зээлээ зөв таних, санхүүгийн мэдлэгтэй болоход маш том нэмэр болно. Ард түмэн байгаа цагт зах зээл алга болохгүй. Тэгэхээр энэ уналтын дараа шинэ үнэ ханш, шинэ бизнесийн орчин бий болно. Тодруулбал, эдийн засгийн уналт, уналтын дараах шинэ үе юм. Үүнийг Монголбанк шинэ тэнцвэрийн бодлого гэж гоё үгээр хэлж байна. Шуудхан хэлэхэд хямрал эцэстээ тулж эдийн засаг навс унана гэсэн үг шүү дээ.
-Та дээр хэлсэн. Буруу сонголтынхоо горыг амсаж эхэлж байна гэж хэлсэн. Таны бодлоор хямрал эхэлж байгаа, эдийн засгийн уналт үргэлжилнэ гэсэн үг үү?
-Хямрал, уналт дуусаагүй. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбар, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалт хүндэрч, хөрөнгө нь өөрөө үнэгүйдэж эхэлсэн. Үүнийг дагаад банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өсч, банк санхүүгийн салбар хүндэрнэ. Уул уурхайд оруулсан хөрөнгө оруулалт эрсдэлд ороод унасантай адил хоёр дахь том цохилтыг арилжааны банкууд барилгын салбараас хүртэнэ. Үл хөдлөх хөрөнгийн салбарыг дагаад худалдаа үйлчилгээний салбарын эргэлт асар хурдтай агшиж байна. Өмнө нь 10 тэрбум ам.доллар олж байсан гадаад худалдаа өнөөдөр 6 тэрбумд хүрэхтэй үгүйтэй боллоо гэхээр агшилт ямар хүчтэй, хурдтай явагдаж байгааг харуулж байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийг 2012 онтой харьцуулахад 40-өөд хувь агшсан байна. Үүний цаана аж ахуйн нэгж мянга мянгаараа хаалгаа барьж тэр хэмжээгээр ажилгүйдэл нэмэгдэж байгаа. Эрх барьж байгаа нам, Засгийн газар нь өнөөгийн эдийн засгийн хямрал, хүндрэлийг зөв тодорхойлоод ард түмэндээ үнэнийг хэлэх ёстой. Сонгууль дөхсөн болохоор эд нар ард түмнийг төөрөгдүүлж, аргалах маягаар явж бодит бэрхшээлтэй нүүр тулуулахгүй байна. Өнөө маргаашийг аргалж бэрхшээлийг тойрч гарах гэж оролдож байгаад нийгмээрээ ангал руу унах аюул байгаа. Ийм аюул руу явж байна.
-Уналтын прогнозыг та харж байна. Тэгвэл сэхэлт ирэх үеийг хэзээ гэж харж байна?
-Ойрын таван жилд сэхэлт байхгүй. Уналт үргэлжилнэ гэсэн үг. Уналт ёроолдоо хүрэхэд бид цаашаа өрөмдөж унах уу, тогтворжих уу гэдэг тухай яригдана. Түүнээс өсөлт ярих цаг болоогүй. Монгол Улсын эдийн засаг 2005-2008 оны эдийн засгийн хямралын түвшинд хүрч унах болов уу.
Бид эдийн засгийн уналт, агшилтыг бүсээ чангалж давж гарах ёстой гэсэн сорилтын өмнө ирчихлээ. Бодит байдлыг ард түмэнд хэлэх хэрэгтэй. Гэхдээ хямрал гэдэг шинэ боломжийг дагуулдаг. Тухайлбал, тонн нь 1000 доллар хүрч байсан арматуроор барьсан барилга өндөр үнэтэй болохоор ямар ч борлуулалтгүй болчихсон байна. Тэгвэл өнөөдөр 1 тонн арматур 300 долларт хүрч эхэллээ. Энэ мэт шинэ үнэ ханш бий болж барилгын салбарын шинэ үе эхэлнэ. Ингэхээр орон сууцыг 1 м/кв-ыг нь 500 мянган төгрөгөөр барьж 650 мянгаар борлуулж эхэлнэ гэсэн үг.
Мөстөлтийн үед динозаврууд мөхөж хөхтөн амьтад тэсч үлдсэнтэй адил бид тэсч үлдэх ёстой. Ингэхийн тулд уян хатан ухаалаг бизнес хийх хэрэгтэй. Хямрал шинэ боломжийг бий болгодог учраас урам зоригоо алдаж болохгүй.
Ер нь жамаараа явж байсан эдийн засагт төр хэт оролцоод, улстөржүүлэхээр ийм хямралыг бий болгодог гэдэг сурамжийг бидэнд өгч байна. Үндсэндээ бонд авсан, аваагүй бүх аж ахуйн нэгж нь байхгүй болж байна. Бизнесийн тэгш бус байдлыг өдөөсөн, ялгаварлан гадуурхсан. Засгийн газар нүүрс ухсан, барилга барьсан, тариа тарьсан, хүнсний зах хүртэл ажиллуулсан. Жам ёсоороо явсан салбарууд руу төр орсноор бүгдийг нь унагалаа.
-Хямралын буруутан нь хэн бэ гэхээр улс төрийн намууд нэгийгээ чичилдэг. Тан бодлоор...?
-Өнөөгийн болж байгаа хамгийн том алдаа нь баялгийн хуваарилалтад алдаа хийснийх. Баялгийн хуваарилалтыг зөв хуваарилах, олсон орлогоо зөв зарцуулах ёстой байсан юм. Зөв зарцуулах гэдэг нь 1,5 саяын амлалт шиг хувааж идэх биш . Нэгдүгээрт, монгол хүн дэлхийд өрсөлдөх хэмжээний эрүүл, боловсролтой болох. Хоёрдугаарт, эдийн засгийн бодит бааз суурийг бий болгох.
Ямар ч үед байнгын орлогоор таслахгүй, хамгийн олон ажлын байрыг бий болгодог салбар бол хөдөө аж ахуй дээр тулгуурласан хөнгөн бөгөөд хүнсний үйлдвэрийн бүтэц. Үүнийгээ бид устгасан. Өнөөдөр энэ салбарыг л хөгжүүлэх ёстой гэсэн ойлголт дээрээ эргээд ирлээ. Монголчууд хүссэн хүсээгүй малаа эрүүлжүүлж байж гадны зах зээлд гаргана. Бүгд мах зарна гэж ярьж байгаа ч хэн нь зарж чадахгүй байгаа. Ингэхйн тулд 1990 оноос өмнө хийж байсан зүйлээ хийдэг болох хэрэгтэй байна.
Ер нь өнөөгийн нийгмийн хүндрэл, хямралын хамгийн том буруутан нь улстөрийн намууд. Улстөрийн намууд нам шиг байж чадаагүйгээс улстөрөөр дамжсан, намаар дамжсан төрийн албаны томилгоо утгаа алдсан. Ийм томилгооноос гарч байгаа шийдвэр, ажил, бодлого нь нурж байгаа нь энэ. Тэгэхээр улстөрийн намууд XXIзууны нам шиг болох хэрэгтэй. Нам цэвэр байх ёстой. Намын нэрийн ард хулгайч луйварчдыг нууж болохгүй.
Үүний дараа бид баялгийн хуваарилалтыг зөв хийх хэрэгтэй. Олсон орлогоороо үндэсний аж үйлдвэрийн баазыг бий болгох ёстой. Хэчнээн амаргүй байсан ч хийж олсон орлогоо хүндээ зориулах цагийг авчирах хэрэгтэй байна. Монголчууд баян цатгалан биш байж болно. Хамгийн гол нь эрүүл, боловсролтой болсны дараа хөгжил, эдийн засгийн өсөлт ярих болно. Өнөөдөр шүд нь өмрөөд уначихсан байж алтан ээмэг зүүж, булган шуба өмсөх хэрэг байна уу. Тэр хүний шүд муудсан бол хоол боловсруулах эрхтэн гэдэс ходоод муудна, хөдөлмөрийн чадвараа алдана. Ингээд нийгмийн зардал нэмэгдэнэ. Тэгэхээр л монголчуудыг эрүүл, боловсролтой болоё гээд байгаа юм.
-Улстөрийн дампуу, намын нэрийн ард хулгайч, луйварчид нуугддаг байдал хэзээ үгүй болох бол. 2016 онд хийж чадах болов уу?
-Уг нь хийх ёстой. Хийж чадахгүй бол эдийн засгийн мөстөлттэй холбоотойгоор улстөрийн мөстөлт явагдана. Эдийн засгийн мөстөлттэй холбоотойгоор улстөрийн мөстөлт үүснэ. Энд дасан зохицсон, шинэчлэгдэж чадсан улстөрийн нам цаашаа хөгжөөд улс орноо аваад явна . Ингэж чадаагүй нь унана.
Монголчууд бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг сайн ухаарах хэрэгтэй. Дэлхийн хамгийн хүйтэн бүсэд -40 хэмээс +40 хэмд хэлбэлздэг уур амьсгалтай. 3-хан сая болохоор хөдөлмөрийн нөөц муу, хүний хөгжлөө сүүлийн хэдэн жил хаячихсан, нийтээрээ эрүүл бус илүүдэл жинтэй, хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдсэн байна. Тэнгэр заяатай гэж ярих дуртай бодит үнэн, муугаа сонсохыг хүсдэггүй ард түмэн. Хүн ам цөөтэй, хоёр их гүрний дунд байрлаж байгаа бид ямар ч хүндрэлийг давж гарахын тулд хүнээ л хайрлах хэрэгтэй. Гэхдээ толгойг нь илээд, ам руу чихэр цутгаад кока кола өгөөд таргалуулаад бай гэсэн үг биш. Аавын хайраар хайрлаж, шаардлагатай үе нь гуядах л хэрэгтэй.