УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2015.11.10

Нэмэгдсэн, хасагдсан дүнгээр үндсэн тэнцлээ хадгалсан төсөв болж байна

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас зарим зүйлийг тодруулав.

Ирэх 2016 оны төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. 2016 онд бүсээ чангалсан хэмнэлтийн төсөв яригдаж байна. Ирэх оны төсөв хэрхэн яаж батлагдах төлөвлөгөөтэй байна?

-УИХ ирэх оны төсөв дээр ажиллаад сар гаруй боллоо. Байнгын хороод нам эвслийн бүлгүүдэд нухацтай ярилцаж саналууд гарсан. Үүнийг дүгнэхэд засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг үндсэн шалгуур үзүүлэлтийг дэмжсэн төсөв батлагдах үндэстэй гэж үзэж байна. Мэдээж төсөв бол өөрчлөлтийг харуулсан реформ хийх зорилготой байсан. Хэлэлцүүлгийн явцад зарим хэсэг нь буцаад татагдсан, байнгын хороод ажлын хэсгээс олон санал гарсан. Төсвийг дотор нь зүйл бүр дээр нарийвчлан ажиллах шаардлага гарсан учир цаг хугацаа их орлоо.

Үүний дүнд нийт дүнгээрээ төсвийн үндсэн шалгуурыг хадгалах боломжтой гэсэн дүгнэлт гарч байна. Одоо байнгын хороод дээр нэг бүрчлэн санал хураана. Төсвөөс нилээд зардал хэмнэгдэхээр байгаа. Мөн зайлшгүй өөрчлөлтийг тусгаж зарим зардал хасагдахаар байгаа. Нэмэгдсэн хасагдсан дүнгээр бол үндсэн тэнцлээ хадгалах дүр зураг харагдаж байна.

Олон улсын судалгааны байгууллагаас манай улсын өрийн хэмжээг маш өндөр хэмээн жагсаалтад оруулсан байсан. 2016 оноос өр төлөх механизм бүрдэнэ. 2017 оноос эдийн засаг эерэг болно гэсэн яриа байна?

-Мэдээж энэ төлөвлөсөн хэмжээгээр явахад 2017 онд нааштай өөрчлөлт гарах болов уу гэж найдаж байна. Мэдээж 2017 оноос нааштай өөрчлөлт гаргахын тулд 2016 онд тодорхойлсон бодлогоо сайн хэрэгжүүлэх ёстой.

Бодлогоо оновчгүй тодорхойлж хэрэгжүүлэх явцад нь гажуудал гаргах юм бол байдал бидний хүссэнээр явахгүй байх эрсдэл бий. Ер нь төсөвт орлого талд ч зарлага талд ч урьдчилан харах боломжгүй, тодорхойгүй нөхцөл байдал, эрсдэл байгаа. Энэ бүгдийг нарийн авч үзэх хэрэгтэй.

Аймаг сумдын төсөв хэрхэн батлагдаж байна. Зарим аймаг сумдын төсөв нилээд танагдаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Ер нь төсөв танагдана. Өөр арга байхгүй. Энэ хямралын үе. Хямралын үед олж байгаа орлогондоо тааруулж зарлагаа гаргадаг шинэ хандлагад орох ёстой. Өмнө нь олон жил орлогоосоо, эдийн засгийн өсөлтөөс түрүүлсэн өндөр хурдацтай зарлагаа нэмэгдүүлсээр байгаад ийм хямралд хүрсэн.

Цаашдаа орлого зарлагийг уялдуулах тал дээр онцгой анхаарах ёстой. Хэрэв энэ жил бодлогоо оновчтой тодорхойлж хэмнэлт гаргаж чадахгүй бол дараагийн жилд гарцаагүй байдалд шахагдан зарлагаа 10 төгрөгөөр хасах нөхцөл байдалд орно. Тиймээс бодлогоо оновчтой тодорхойлох хэрэгтэй. Ер нь бол хэмнэлтийн горимд бүх түвшинд шилжихээс өөр аргагүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...