Батцэрэг.Н 2015.12.16 | Телевиз: МҮОНТВ

Усны салбарт хамтарч ажиллахаар боллоо

Усны салбарт хамтарч ажиллахаар боллоо

Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын 44 дэх Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 БНСУ-ын Ерөнхий сайд ноён Хван Гё Аны айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БНСУ-ын Усны нөөцийн дарга ноён Чой Ке Үнь нар Гүний усны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Санамж бичгийн хүрээнд Гүний усны ажиглалтын систем бий болгох, нэгдсэн хяналтын систем байгуулах, гүний усыг бохирдлоос сэргийлэх тоноглол хэрэгслийг сайжруулах зэрэг хэд хэдэн ажил хийхээр тохиролцсон байна.

 Энэ үеэр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Усны хомсдол дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй чухал асуудлын нэг. Манай улсад усны тархац жигд бус, усны хязгаарлагдмал нөөцтэй, Говь хээрийн бүс нутагт усан сан байгуулж, хур тунадас, үерийн усыг хуримтлуулж, улмаар говь хээрийн бүс руу шилжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Солонгосчууд усан сан, боомт байгуулахад арвин туршлагатай тул хамтарч ажиллах бүрэн боломж бий” хэмээв.

 Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахын дээр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийх аж.