Татварын урамшууллаар эдийн засгийг эрүүлжүүлнэ
2016.05.26

Татварын урамшууллаар эдийн засгийг эрүүлжүүлнэ

“Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт “Туушин” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Хэлэлцүүлэгт Улсын их хурлын /УИХ/ гишүүн Ч.Улаан, Сангийн сайд Б.Болор, Гааль татварын ерөнхий газрын /ГТЕГ/ дарга С.Пүрэв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ дарга Б.Лхагважав, ГТЕГ-ын гааль, татварын мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулга тэргүүтэй салбарынхан оролцож байна.

Эдийн засгийг эрүүлжүүлэх гол алхам нь бүртгэлийн асуудал гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орсон энэ үед Монгол Улсын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг /НӨАТУС/ хэрэгжүүлж, түүгээр дамжуулан санхүү, бүртгэлийн тогтолцоогоо сайжруулж буй нь томоохон алхам хэмээн ГТЕГ-ын дарга С.Пүрэв онцоллоо. Тэрбээр “НӨАТУС-ээр дамжуулан улсынхаа санхүү бүртгэлийн тогтолцоог эрүүлжүүлнэ. Улмаар бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх гол ажил юм” хэмээн онцолж байна.

Өнөөдрийн байдлаар НӨАТУС-д 698 мянга гаруй өрх бүртгүүлж, хаяг нээжээ. Нэг хаягийг гэр бүлийн 2-3 хүн ашигладаг гэж тооцохоор улсын хэмжээнд хоёр сая гаруй хүн НӨАТУС-ыг ашиглаж байна гэх үр дүнг гаргажээ. Тэгвэл 37 мянган бизнес эрхлэгч, тэр тооны НӨАТУС-ын цэг байна. Харин 122 мянган хүн азтан болжээ. Цаашид цаасгүй баримтын тогтолцоог нэвтрүүлж, иргэдэд танилцуулахаар бэлтгэж байгаа юм байна.

Иргэдийн зүгээс азтан болсон тохиолдолд заавал цаасан баримт шаардаж буй нь хүндрэлтэй байна гэх гомдлыг ихээр тавьж байгаа билээ. Үүнийг харгалзан, картын технологийг нэвтрүүлэхээр туршилт хийж байгаа талаар энэ үеэр танилцууллаа. Татварын тогтолцоог сайжруулахаар технологийн үүднээс ийнхүү ажиллаж байгаа гэлээ. Тэгвэл эрхзүйн хувьд Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлээд, хоёрдугаар шатандаа оржээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд тайлан, хяналт шалгалтын системийг нь зөөлрүүлэх, зардлыг бууруулж, хөнгөлөлт эдлүүлэх зэргээр бизнесийн орчинг нь дэмжих боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарлалаа.