Чойжилсүрэн.Б 2016.08.23

Хуулийн төслүүдийг өргөн барилаа

Хуулийн төслүүдийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан талаар Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -3.4 хувьтай байхаар тусгагдсан байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн.

Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов.

Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа юм байна.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна.

Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.